”Транс” банкны Д.Энхжаргал: ”Монгол банк надад сэтгэлийн тэнхээ суулгасан”

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 25

Монгол банкны дэд ерөнхийлөгч асан, Лондон дахь төлөөлөгч Д.Энхжаргалын Монголын нэг өдөр сонинд өгсөн ярилцлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.

Сүүлийн үед сонин хэвлэлээр тасралтгүй бичигдэх болсон Монгол банкны Лондон дахь төлөөлөгч  Д.Энхжаргалын яриаг хүргэж байна. Аав ээж, эгч дүү гээд удам залгасан банкир энэ гэр бүлийнхнээс хамгийн хөдөлмөрч нь Д.Энхжаргал гэдэг. Ясны шаргуу хөдөлмөрч энэ хатагтай хэдэн цагаар ч хамаагүй цаас шагайж суудаг, ажлын ачаалал даах чадвараар өмнө нь гишгэх хүн Монгол банкинд байхгүй хэмээн хамт ажиллагсад нь ам уралдуулан түүнийг магтдаг. Хорь гаруй жилийнхээ ажил амьдралыг банкны салбартай холбосон Д.Энхжаргал хатагтайг тодорхойлоход хариуцлага, сахилга бат  хэмээх үг л хангалттай санагдсан. Удам залгасан банкир болоод ч тэр үү, дэмий зүйлд мөнгө зарахыг үзэж чаддаггүйгээ тэрбээр ярилаа.

-Та удам судар, угсаа гарлаа танилцуулаач?

-Манай ээж, аав хоёр Говь-Алтай аймгийн хүмүүс. Аав маань Эрдэнэ сумынх, ээж маань Дэлгэр сумынх. Манай аав ээж хоёулаа банк санхүүгийн мэргэжилтэй. Аав маань хуучнаар Улсын банкны ерөнхий хооронд одоогийн Монгол банкинд 50 гаруй жил ажилласан. Зээл, бэлэн бус төлбөр тооцоо, мөнгөн тэмдэгт эрдэнэсийн сангийн үйл ажиллагааны үндсийг тавьж байсан. Тэтгэвэртээ гараад 1997 онд намайг Америкт сургуульд явах үед Тээвэр хөгжлийн банкийг ээжтэй минь цуг байгуулсан. Тус банкинд миний талийгаач дүү банкны мэргэжилтэй учраас ажиллаж байсан. Харамсалтай нь тэд маань бурхан болсон. Миний ах Данзанбалжирын Энхтайван УИХ-ын гишүүн, төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар ажиллаж байсан. Ленинград хотод хуучин нэрээр Репиний академи буюу Ленинградын алдарт Эрмитажийн гол бүтээлийг бий болгосон уран бүтээлчдийн сургуулийг төгссөн. Эгч маань мөн банкны мэргэжлийн хүн. Надтай хамт Эрхүү хотын УААА-н дээд сургуулийг төгссөн. Ер нь манай гэрийнхэн банк санхүүгийн мэргэжлийн хүмүүс. Бөхчүүд хүүхдүүдээ бөх, эмч нар хүүхдээ эмч болгодог шиг бид удам залгасан банкирууд гэх үү дээ. Би 1986 онд Эрхүү хотын УААА-н дээд сургуулийг банкны мэргэжлээр төгсөж ирснээс хойш нягтлан бодогч, эдийн заагч, мөнгөний бодлогын газрын захирал, хянан шалгалтын газрын захирал, Лондон дахь Монгол банкны төлөөлөгчөөр ажиллаж байсан. Энэ салбартаа өнөөг хүртэл тасралтгүй ажиллаж байна.

-Та банкныхаа бүр анхан шатнаас нь эхэлж ажилласан. Ёстой зовлон жаргалыг нь биеэр мэдэх хүн юм байна, тийм үү?

-Социализмын үед гадаадад сургуульд явахад тухайн ажиллах нэг байгууллагын нэр дээр гэрээтэй сурдаг байсан. Иймд зун нь тухайн байгууллагадаа ирээд субботникийг нь хийх, архивыг нь цэгцлэх гэхчилэн жижиг сажиг ажлыг зунжингаа хийж байгаад буцдаг байсан л даа. Боловсон хүчинг анхнаас нь салбар нэгжээс ажлынх нь гарааг эхлүүлэх хууль дүрэмтэй байв, тэр үед. Тэрнийх нь дагуу л ажилласан. Улсын зардлаар үнэгүй сурч байгаа болохоор бид ч тэр боломжийг зөв ашиглаж сайн сурахыг хичээнэ. Аав маань ч надад мэргэжлээ өвлүүлж, аавынхаа ажиллаж байсан энэ байгууллагад нэр төртэй сайн ажиллах ёстой гэж сургана. Тэр ч дагуу би энэ байгууллагадаа тасралтгүй өнөөг хүртэл зүтгэлээ. Завсар нь Америкт мастерын сургалтанд сурч төгссөн. Мастерт суралцаж байхдаа Дэлхийн банкинд банкны тогтвортой байдлын талаар зөвлөхөөр давхар ажиллаж байсан.

-Америкт сурахад сургалтын төлбөрөө яаж зохицуулж байсан бэ?

-Ернь тэнд сурахадтал зардлыг нь Америкийн Засгийн газар даасан. Талыг нь өөрөө гаргах хэрэг гарсан л даа. Гэхдээ би сурах хугацаандаа Дэлхийн банкинд ажиллаж байсан учир бас ч боломжийн цалин авчихдаг байсан. Тэндээс л сургалтын төлбөрөө зохицуулсан л даа.

-Хүмүүс мөнгөнд янз бүрээр л ханддаг. Та мөнгөнд яаж ханддаг вэ?

-Мөнгө бол тухайн айл гэр, тухайн хүний амьдралын наад захын баталгаа. Амьдралын наад захын хэрэгцээ шаардлага хангахын тулд тодорхой хэмжээний мөнгө хэрэгтэй. Ер нь банкны хүмүүс мөнгөнд их нарийн ханддаг. Хүн хөнжлийнхөө хэрээр хөлөө жий гэдэг үг бий. Банкныхан мөнгөтэй харьцдаг мэргэжлийн хүмүүс учраас олсон бүх мөнгөө хэрэглээ болгож зарцуулахгүй байх тал дээр бусдыг бодвол арай өөр ханддаг. Хямгатай хэмнэлттэй байх, бусдыг бас тийм байлгахыг хичээх тал дээр мэргэжлийн зүгээс ханддаг. Мэдээж бизнесмен хүмүүс бол хэт их эрсдэл тавиад тэр хэмжээгээрээ гэнэтийн огцом орлого олохыг үгүйсгэх арга байхгүй. Гэхдээ гэнэт их идэх гэдсэнд халтай гэдэг нэг сайхан үг байдаг ш дээ. Энэ үг чинь хамаагүй хэт их эрсдэл тавьж болохгүй гэдгийг сануулаад байгаа юм. Хүн тодорхой хэмжээний эрсдэл тавих ёстой. Бид нарын үйл ажиллагаа амьдралын эргэн тойронд түм буман эрсдэл байдаг. Тэр эрсдлээс айгаад байх хэрэггүй. Эрсдлийг барьж авах, авахдаа зөв хэмжиж тооцоолоод тэрэндээ тохирсон ажил хийх ёстой. Бас эрсдэл даах чадвартай байх ёстой. Ямарваа нэг эрсдэл гарлаа гэхэд тэр эрсдэлээ даагаад хариуцлагыг нь хүлээгээд гарах чадвартай л байх хэрэгтэй гэж би боддог.

-Гоо сайхандаа цаг зав гаргаж чадаж байна уу. Ер нь гоо сайхны мэс засал сүүлийн үед эмэгтэйчүүд их хийлгэж байгаа. Энэ тухай таны үзэл бодол ямар вэ?

-Хагас, бүтэн сайн өдрийн аль нэгэнд амжаад массажинд орохыг хичээдэг. Заримдаа амжихгүй тохиолдол бий л дээ. Бурхны ачаар, ээж аавын сайн генээр одоохондоо надад гоо сайхны мэс засал хийлгэх шаардлага алга. Гэхдээ энэ бол тухайн хүний сонголт. Би хүндэтгэлтэй ханддаг. Жишээлбэл, Алла Пугачёва гэхэд л дээр үед биднийг жаахан байхад ямар сайхан байсан яг тэр хэвээрээ л байх юм. Олны өмнө гардаг урлаг уран сайхны хүмүүс гоо сайхны мэс засал хийлгэхэд буруу нь юу байхав. Хүн өөртөө таалагдсан хэлбэрээр байх боломжийг шинжлэх ухаан өгчихөөд байна. Тэр боломжийг хүн ашиглах нь буруу биш.

-Аливаа шүүмжлэл хүнийг заримдаа хурцалж өгдөг. О.Дашбалбарын хэлснээр “Доромжловч долоон бурхан шиг гялалзана” гэдэг дээ?

-Хийж байгаа ажил маань олон нийттэй харьцах шаардлага гардаг. Монгол банк бол 300-гаад ажиллагсадтай. Төв аппарат 200-гаад ажилтантай. Банк гэдэг бол өөрөө үйлчилгээний байгууллага. Ийм учраас олон нийттэй харьцдаг, олон нийтийн хараа хяналтан дор байдаг. Ийм учраас янз бүрийн шүүмжлэл гардаг л даа. Шүүмжлэлд би эмзэглэдэггүй. Тэрнээс хэрэгтэйг нь аваад, хэрэггүйг нь хаяад явчих хэрэгтэй. Эмэгтэй хүнийг тойрсон хэл ам бусад газар байдаг шиг манайд ч бас бий. Тэр бүгдийг сонсоод халшраад, хайлаад байвал энэ ажлаа хийж чадахгүй. Тийм учраас маш их сэтгэлийн тэнхээтэй ажиллаж байж төрийн ажлыг авч явна л даа. Ийм чадавхийг төрийн банкинд олон жил ажилласныхаа хувьд сурсан байх. Цаашдаа ч сурах байх.

-Хэр ширүүн дарга вэ?

-Алдаа дутагдалтай хатуу ширүүн тэмцэнэ дээ. Ер нь ажил хийж байгаа хүн алдаа гаргадаг. Би ч гэсэн алдаа гаргаж байгааг үгүйсгэхгүй. Тийм учраас алдаа гаргаж байгаа хүмүүст алдааг нь засч залруулж хэлэх, дахиж алдаа гаргуулахгүйн тулд ажилладаг. Гэхдээ байнга алдаа гаргаж байгаа хүмүүсийн толгойг нь илээд байж болохгүй.  Хариуцлагатай ажиллах ёстой. Аль болох залуучуудыг сургах, бэлтгэх, сайн боловсон хүчин болоход нь илүү анхаарч ажилладаг. Би хянан шалгалтын газрын захирлаар 1994-1996, 1998-1999 онуудад ажиллаж байсан. Энэ хугацаанд олон залуучуудыг сургасан байна лээ. Энэ залуучууд одоо манай банкуудад сайн ажиллаж байгаа. Бид тэд нараар бахархдаг. Одоо ч би залуучуудыг сайн боловсон хүчин болгох тал дээр их анхаарч ажилладаг. Ширүүн дориун үг хэлэх ч үе байна. Хэлэхээс ч өөр аргагүй. Дарга хүн үүнийг хэлж чадахгүй л юм бол дарга байхын хэрэг байхгүй. Чанга хатуу үг хүнд сургамж болж өгдөг л дөө. Хатуу үгийн хажуугаар тэр хүнд бас урам өгөх хэрэгтэй л дээ. Энэ бүхнийг зөв хослуулж ажиллахыг хичээж байгаа л даа.

-Монгол Улсын мөнгөний бодлогыг атгалцана гэдэг их стресстэй ажил. Стрессээ яаж тайлдаг вэ?

-Гэртээ очоод гэр орноо цэвэрлээд, шалаа угаагаад, хувцас хунараа угааж, индүүдэх нь бас сайхан л байдаг ш дээ. Хүүхэдтэйгээ хоол унд хийж цуг нэг ширээнд суух дуртай. Миний талийгаач дүүгийн хоёр хүүхэд байдаг. Тэр хоёр хүүхдийн хууль ёсны асран хамгаалагч нь би. Хүүхдүүдтэйгээ цуг хооллох, цуг телевиз үзэх, дэлгүүр хэсэх гээд амьдралын нэг кайф авна даа.

-Шүтлэгтэй юу. Бурхан тахил байна?

-Яг ээж шигээ тийм гүн шүтлэгтэй биш. Гэхдээ ээжийн минь нөлөө байлгүй яахав. Бид нар чинь багаасаа л өөртөө итгэх, шинжлэх ухаанд итгэх хүмүүжлээр өссөн болохоор учиргүй шүтээд байхгүй. Гэхдээ Монголын гол шашин буддын шашныг хүндэлдэг, ойлгохыг хичээдэг. Бусадтай адилхан цагаан сараар мөрөө гаргаж, Гандан хийдэд ном уншуулна. Аав, ээж, дүү минь бурхан болсон учраас тэд нарынхаа хойноос ном уншуулах, буян үйлдэх ёс заншлыг дагаж мөрддөг. Хүн тодорхой алс хэтийн зорилготой, мөрөөдөлтэй байх ёстой. Мөрөөдөл болгон биелэхгүй, хүссэн болгондоо хүрч чадахгүй тохиолдол хүний амьдралд олон л доо. Тэр болгонд хэт их гутарч, тэрнээсээ болж амь биеэ золиослох, эсвэл бусдыг харааж зүхэх шаардлагагүй л юм л даа. Тэртэй тэргүй нэг сандал дээр нэг л хүн сууна шүү дээ. Тэр сандал дээр суух бололцоогүй бол амь тавих гээд байх хэрэггүй. Энэ удаа бол минийх биш юм байна, дараагийн удаа байгаа гэж аливаад тайван уужуу сэтгэлээр хандах ёстой л гэж бодож байна.

-Тухайн үед Орост сурч байсан оюутнууд тарваганы арьс зарж, мебель тавилга зөөж чамгүй баяжсанаа дурсдаг. Та тийм сэргэлэн оюутан байсан уу?

-Бидний үеийн нэг сайхан юм чинь стипенд авдаг байлаа. Ердийн оюутнууд 60 рубль авна. Би Сүхбаатарын цалинтай 100 рубль авдаг байсан. Тэр бол тухайн үедээ надад хангалттай мөнгө. Бас болоогүй мөнгөө хэмнээд төгсөж ирэхдээ Монголд өнгөт телевизортой ирж байлаа. Тэр үеийн оюутнууд ганц мебель ширээ Монголдоо зараад замынхаа зардлыг олчихдог байсан. Би тэр хэмжээнд л байсан. Мэргэжлээрээ шат дараатай ахиж байгаадаа баяртай байгаа. Энэ бол ганц миний амжилт биш, хамт олны хүч, ар гэрийнхний минь тус дэмжлэгт оршиж байгаа юм.

-Хүний амьдрал тэр чигээрээ сургууль гэдэг. Та өөртөө хэт хатуу хүн бэ?

-Ерөнхийдөө өөртөө шүүмжлэлтэй ханддаг. Хүүгийнхээ сайн эх нь байх, ээж аавын сайн охин нь байх гээд бүх юмыг л амжуулахыг хичээдэг. Гэхдээ мэдээж тодорхой хугацааны дараа эргээд харахад өөрийгөө чамлах үе байдаг л даа. Ер нь хүн үхэн үхтэлээ суралцдаг юм гэсэн. Найз нөхдөөсөө, аав ээжээсээ, тэр битгий хэл үр хүүхдүүдээсээ хүртэл сурах юм байна шүү дээ. Тэр утгаараа би амьдралд суралцаж л байна.

-Найз нарын хүрээллийн хувьд ...?

-Манай найз нарын олонх нь гадаад, дотоодод ажиллаж, амьдарч байна. Манай ангийн 10 жилийн найз нар ч байна. Хэдий дээд боловсрол эзэмшээгүй ч гэлээ ар гэртээ халамжтай, аз жаргалтай үр хүүхдээрээ өнөр өтгөн найзууд байгаа.

-Таныг их хөдөлмөрч, хэдэн өдрөөр ч ажил дээрээ суудаг гэж сонссон. Ар гэртээ анхаарал тавьж чадаж байна уу?

-Бусад эмэгтэйчүүдийг бодвол надад эр хүнд халамж тавих шаардлага алга. Би хүүгийнхээ эцгээс арваад жилийн өмнө салсан. Одоо бол нөхөрт цаг гаргах гэхээс хүүдээ цаг гаргах хэрэг гардаг. Хүү маань том болж байгаа учраас өөрөө биеэ дааж амьдрах маягтай больж намайг нэг их хараад байхааргүй болж. Өнөөдрийн байдлаар би өөрийнхөө цагийг албандаа 100 хувь зарцуулж байна.

-Танд ойрын үед гэрлэх бодол бий юу. Таны найзын хүрээлэлд эрчүүд хэр олон бэ?  

-Эрэгтэй найз нар байна. Хамгийн гол нь надад эрэгтэй хүнд анхаарал халамж тавиад сайн эхнэр болох цаг зав маш бага учраас одоохондоо гэр бүл бүрдүүлэх тал дээр миний зүгээс маш муу анхаарал тавьж байгаа. Одоо болтол хань нөхөргүй байгаа нь миний сул тал. Хань нөхөртэй, олон хүүхдүүдтэй халуун дулаан гэр бүл бол сайхан л санагддаг. Боломж олдвол гэрлэнэ.

-Таныхаар эмэгтэй хүн амжилтанд хүрэхэд юу хамгийн чухал вэ?

-Хүн болгоны хүсэл мөрөөдөл янз бүр. Сайн нөхөртэй, олон сайхан хүүхэдтэй, заавал дээд боловсрол гэхгүй гэр бүлийн аз жаргалыг бүрдүүлээд сайхан амьдарч байгаа эмэгтэйчүүд байна. Би тэд нараар бахархдаг. Тийм аз жаргалыг эдлэх чинь хүний бурхнаас заяасан хувь тохиол байдаг юм болов уу гэж боддог. Надад өнөөдрийг болтол тийм аз заяа байсангүй. Гэхдээ яахав харамсаад байх юм алга. Нэг л өдөр болох байлгүй гэж боддог ш дээ. Зарим эмэгтэйчүүд боловсролтой, мэдлэгтэй болоод карьер хөөгөөд явж байгаагаа болж байна гэж үздэг. Иймээс өөрөө өөртөө тохиосон хувь тавиланг туулж байгаадаа сэтгэл хангалуун явбал болох юм шиг санагддаг. Би бол нөхрөөсөө салаад хүүхдээ ганцаараа өсгөсөн учраас өөрөө илүү их боловсролтой, чадалтай байж хүүгээ, гэр бүлээ ганцаараа авч явах шаардлага гарсан. Иймээс би өөрийнхөө олсон мөнгөний ихэнхийг боловсрол мэдлэгээ дээшлүүлэхэд зарцуулдаг. Лондонд ажиллаж байх хугацаандаа докторын ажил эхлүүлсэн. Харамсалтай нь миний удирдаж байгаа салбарт хүнд бэрхшээлтэй үе тохиолдож байхад би доктороо хийлээ гээд ажлаа хаяад явж чадсангүй.

-Та хөдөлгөөн багатай ажил эрхэлдэг эмэгтэй. Ийм байтал та харьцангуй сайн жин барьсан харагдана?

-Энэ бол манай ээж, аавын ген, удам гэхээс миний сайных гэж юу байхав. Манай ээж багадаа нугардаг, бүжиглэдэг, спортоор  хичээллэдэг байсан гэсэн. Би ч гэсэн багадаа бүжиглэдэг байсан. МҮЭ-ийн соёлын ордны дэргэдэх “Алтан хараацай” хамтлагт багадаа бүжиглэдэг байлаа. Оюутан байхдаа ч бүжиглэдэг байсан. Хүүхэд гаргаснаасаа хойш бүжиглээгүй юм байна. Яахав чөлөөт цагаараа найз нартайгаа диско клубт орох дуртай. Яг одоогоор бялдаржуулах, чийрэгжүүлэх газар дасгал хөдөлгөөн хийх зав чөлөө муутай байгаа. Ер нь сүүлийн үед нас маань ч явчихлаа. Бас гимнастик хийх жемд явах шаардлага гарч байгаа. Ямар ч байсан өөртөө цаг зав гаргая л гэж бодож байгаа.

-Та их дэгжин эмэгтэй харагддаг. Хувцасны сонголтыг чинь сонирхож болох уу?

-Багадаа би дизайнер болъё гэж боддог байсан. Хичээлийн дэвтрийн арын хуудсанд дандаа хувцасны моод зурдаг байсан. Одоо бол аль болох өөртөө зохимжтой биед тохирсон хувцсыг сонгохыг хичээдэг дээ.

-Таны хэмжээний банкир эмэгтэй үнэтэй брэнд л сонгоно биз?

-Яг тэгж онцгойлоод би тийм л брэнд өмсөнө гэсэн сонголт байхгүй. Аль болох л өөрт байгаа мөнгөндөө тохируулаад өөрт тохирсон хувцсыг л сонгодог.

-Тань шиг зэрэг зиндааны банкирууд өмсөж байгаа хувцас, барьж байгаа үзэг нь тухайн хүнийг илэрхийлдэг юм биш үү?

-Яахав бизнесийн байгууллагуудын хувьд арилжааны, хөрөнгө оруулалтын банкуудын хувьд тийм хандлага харагддаг. Харин аль ч төв банкны хувьд тэр бол их чухал биш. Арилжааны банкуудаас харьцангуй өөр, хуучинсаг байдалтай байдаг.

-Та үнэт эдлэлд хэр нүд унагадаг вэ?

-Би эмэгтэй хүн учраас эмэгтэйлэг байхыг хүсдэг. Тийм учраас бусад эмэгтэйчүүдтэй л адил гоё цүнх барих, гоё гутал өмсөх, сайхан ээмэг бөгжтэй байхыг хүсдэг. Яахав буянтай ээж, аавынхаа үлдээсэн гайгүй үнэт эдлэлүүд байгаа.

-Өөрөө хамгийн үнэтэй ямар гоёл авсан бол?

-Арваад жилийн өмнө Америкт оюутан байхдаа Дэлхийн банкинд ажилласан мөнгөөр анх удаа л 2000 орчим долларын сувдан зүүлт авч байсан санагдана. Манай хүү надад “Ээж тэр зүүлтийг авах гэж тэр дэлгүүрт бараг бүтэн өдөр болж билээ” гэж одоо хүртэл ярьдаг. Ер нь заавал тийм үнэтэй эдлэл хэрэглэх нь чухал биш. Өөрийнхөө хувцсанд тохируулаад л ээмэг бөгжөө сонгохыг хичээдэг.

Эх сурвалж: "Монголын нэг өдөр" сонин

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
bolor(182.160.36.123) 2015 оны 12 сарын 21

ene medeend yagaad setgedel baihgui baigaam be

0  |  0
Top