"Сонгууль угтсан бэлэн мөнгө тараалт, төсвийн зардлын хэт тэлэлт инфляцад нөлөөлж болзошгүй"

Э.Мөнхжин | Zindaa.mn
2024 оны 03 сарын 25

Жилийн инфляц энэ оны хоёрдугаар сард улсын хэмжээнд 7.0 хувь, Улаанбаатар хотод 7.2 хувьд хүрч буурсан үзүүлэлттэй гарсан. Инфляц ийн уруудаж буй нь мөнгөний бодлогыг сулруулах боломжийг олгож байна. 

Түүнчлэн Монголбанкны Мөнгөний бодлогын хороо энэ сарын  хурлаар бодлогын хүүг  1 нэгж хувиар бууруулж, 12 хувьд хүргэх шийдвэр гаргасан.

Монголбанкнаас авч хэрэгжүүлсэн мөнгөний бодлого, худалдааны түнш орнуудын буурч буй инфляц, чангарч буй төгрөгийн гадаад валюттай харьцах ханш зэрэг нь нийт инфляцын бууралтад гол нөлөө үзүүллээ хэмээн мэдэгдсэн. 

Гэхдээ хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний инфляц өндөр байгаагийн зэрэгцээ цалин, тэтгэвэр өсөх, бэлэн мөнгө тараах, зудын нөхцөл хүндрэх зэрэг дотоод шалтгаанаар инфляц эргээд өсөх эрсдэл бийг сануулж буй юм. 

Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа "Блүүмберг" телевизд өгсөн ярилцлагадаа, инфляцын төлөвт сөргөөр нөлөөлөх эрсдэлүүдийн талаар дараах байр суурийг илэрхийлжээ.

"Инфляц эргээд өсөх эрсдэлүүдийг Төв банкны Мөнгөний бодлогын хорооны хурал дээр нэлээн дэлгэрэнгүй ярьсан. Ер нь аливаа шийдвэр гаргахдаа инфляцыг өдөөх магадлалтай эдийн засгийн тодорхой бус байдал, эрсдэлт хүчин зүйлсийн талаар үргэлж ярьдаг. Одоогийн байдлаар инфляцад нөлөөлж болзошгүй хүчин зүйл нь нэгдүгээрт сонгууль угтсан бэлэн мөнгө тараалт, төсвийн зардлын хэт их тэлэлт. Жишээлбэл, 4 дүгээр сарын 1-нээс цалин 10 орчим хувиар өсөх гэж байна. Хоёрдугаарт, “Эрдэнэс Тавантолгой” ХК дахиад иргэдэд ногдол ашиг тараах гэж байна. Гурав дахь том хүчин зүйл нь зудын нөхцөл байдалтай холбоотойгоор махны үнэ өсөх нь. Мах бол хэрэглээний сагсны 10 хувийг бүрдүүлдэг бараа бүтээгдэхүүн учраас нийт инфляцын тоон дээр том нөлөөтэй. Гэхдээ зудын нөхцөл байдалтай холбоотойгоор махны үнэ өсөж болзошгүй гэдэг нь энэ жилийн л инфляцын асуудал. Тэгэхээр бодлогын хүүг хэчнээн өндөр хадгалаад махны үнэ буурах бололцоо байхгүй гэсэн үг. Төв банкнаас хамааралгүй нийлүүлэлтийн шинж чанартай хүчин зүйлсийн хувьд засаг захиргааны бусад байгууллага зохион байгуулалт, үйл ажиллагаа талаас нь зохицуулах ёстой. Ялангуяа хүнсний инфляц дээр. Өнөөдрийн байдлаар инфляцын задаргааг харвал хэрэглээний сагсны 410 бараа, бүтээгдэхүүнээс 2 бүлгээс бусад барааны үнэ 8 хувиас доош орчихсон байгаа. Үлдсэн хоёр бараа нь юу байна вэ гэхээр мах, махнаас бусад дотоодын хүнс. Нэг нь 13-14 хувийн инфляцтай, нөгөө бараа нь 15-16 хувийн инфляцтай. Тэгэхээр энэ хоёр бараа, бүтээгдэхүүнээс бусад нь доошоо ороод ирлээ гэсэн үг. Дотоодын хүнсний үнийн өндөр инфляц нь Төв банкнаас хэрэгжүүлж буй мөнгөний хатуу бодлого гэхээс илүүтэйгээр хүнсний бараа, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нийлүүлэлт, улирлын үнийн савлагаанаас хамааралтай. Тэгэхээр дотоодын хүнсний салбарыг нийлүүлэлтийн тогтвортой сүлжээний хувьд хөгжүүлэх шаардлагатай. Түүхэн хугацаанд аваад үзвэл мах, гурил, хүнсний ногоо, сүү мөн бензин шатахууны үнэ Монгол Улсын инфляцын хэлбэлзлийн 40 орчим хувийг үндсэндээ тайлбарлаж байдаг. Цаашид үүнийг өөрчлөхгүйгээр тогтвортой бага бодлогын хүү, бага зээлийн хүү, тогтвортой мөнгөний нийлүүлэлт, зээлийн хүртээмж гэх мэт зүйлүүдийг ярихад их төвөгтэй. Энэ асуудлыг бид бүхэн нээлттэйгээр олон нийтэд, Засгийн газар, холбогдох яамдад ярьж хэлж байгаа. Үүний хүрээнд сүүлийн үед хэрэгжүүлж байгаа нэг зүйл нь “Хүнсний хувьсгал” хөтөлбөр. Энэ хүрээнд хүнсний салбаруудад тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийж, нийлүүлэлтийг сайжруулах ажлуудыг хэрэгжүүлж байна. Монголбанкны хувьд санхүүжилтийг нь дэмжиж, банк, санхүүгийн байгууллагуудаар дамжин хэрэгжиж байгаа учраас тодорхой хугацааны дараа үр дүнд хүрэх байх гэж найдаж байна" гэжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top