Азийн хөгжлийн банкнаас $15 саяын нэмэлт санхүүжилт авна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2024 оны 03 сарын 14

Азийн Хөгжлийн Банк (АХБ), Монгол Улсын Засгийн газрын төлөөллүүд   сургуулийн өмнөх, бага дунд, ерөнхий боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн 15 сая ам.долларын нэмэлт санхүүжилтийн төслийн гэрээнд энэ сарын 3-нд гарын үсэг зурсан. 

Энэ үеэр АХБ-ны Зүүн Азийн газрын Ерөнхий захирал Мухаммед Эсан Хан  “КОВИД-19 цар тахлын улмаас эдийн засаг уналтанд орсноор боловсролын төсвийг ихээр танасан. Цар тахлын улмаас алдагдсан боловсролын боломж, ялангуяа эмзэг бүлгийн хүүхдүүдийн хувьд улам нэмэгдэх эрсдэлтэй учир сургуулийн хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагатай. Өнөөдөр гэрээ зурж буй энэхүү нэмэлт санхүүжилтийн хүрээнд илүү олон сургууль, цэцэрлэгийг нэмж барьж, тохижуулснаар 1600 гаруй хүүхэд сурч хүмүүжих боломж бүрдэнэ” гэсэн юм.

Одоо хэрэгжиж буй 50 сая ам.долларын өртөгтэй “Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах” төслийг 2017 оны 11 дүгээр сард АХБ-наас сургуулийн өмнөх, бага дунд, ерөнхий боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор баталсан. 

Төслийн хүрээнд Говь-Алтай, Дархан-Уул, Говьсүмбэр аймаг болон Улаанбаатар хотын 21 сургууль, цэцэрлэгийн барилгыг шинээр барих буюу өргөтгөн, хүчин чадлыг нэмэгдүүлж байна. Мөн сургалтын хөтөлбөр болон түүнтэй уялдах үнэлгээний системийн шинэчлэлийг үргэлжлүүлэх, заах арга зүйн хэрэглэгдэхүүнээр хангах, багш, сургалтын менежер, боловсролын асуудал хариуцсан нутгийн захиргааны ажилтнуудын чадавхийг бэхжүүлэх зэрэг ажлуудыг тус төслийн хүрээнд хийхийн зэрэгцээ боловсролын салбарын удирдлага, төлөвлөлтийн тогтолцоог бэхжүүлж байгаа юм.

Нэмэлт санхүүжилтийн төслөөр одоо хэрэгжиж буй төслийн цар хүрээг өргөжүүлж, 3 сургууль, 6 цэцэрлэгийг нэмэлтээр барих буюу өргөтгөн, бүрэн тохижуулна. Энэ нь нийт төслийн хүрээнд барьж, өргөтгөх сургууль, цэцэрлэгийн тоог 30 хүргэж, нийт 7000 гаруй хүүхдэд сурч хүмүүжих боломжийг нээнэ.

Эдгээр сургууль, цэцэрлэгийн барилгууд нь уур амьсгалын нөлөөллөөс үүдэлтэй эвдрэлийг бууруулах, эрчим хүчний хэмнэлтийг нэмэгдүүлэх зорилгоор уур амьсгалд дасан зохицсон, тэсвэрлэх чадвар өндөртэй байх юм. 2027 оны хоёрдугаар сард дуусах энэхүү төслийг АХБ-ны хөнгөлөлттэй ердийн хөрөнгийн эх үүсвэрээс санхүүжүүлж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top