Навальныйг алуурчнаар солилцох гэж байсан уу?

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 02 сарын 28

ОХУ-ын сөрөг хүчний тэргүүн агсан Алексей Навальныйн хамтран зүтгэгчид түүний үхэл Навальныйг суллахаар яригдаж байсантай холбоотой байж болзошгүй хэмээн үзэж байна. Өрнөдийн хэд хэдэн хэвлэл мэдээллийн хэрэгсэл өөрсдийн эх сурвалжийг дурдан улстөрч агсныг солилцох тухай хэлэлцээ явагдаж байсан тухай мэдээллийг баталжээ. Гэсэн хэдий ч энэхүү хэлэлцээ Навальныйг нас барахаас өмнө ямар шатанд явж байсан тухай мэдээллүүд зөрж байна.

“Түүнийг яг энэ өдрүүдэд солилцох ёстой байсан. Путинд энэ талаар санал тавьсан байсан” гэж даваа гарагт /2024.02.26/ Навальныйн хэвлэлийн төлөөлөгч Кира Ярмыш Х сүлжээнд бичжээ.

Улстөрч агсны хамтран зүтгэгч Мария Певчих Youtube сувагт нийтэлсэн дүрс бичлэгтээ Навальный болон АНУ-ын хоёр иргэнийг ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албаны офицер Вадим Красиковоор солилцох тухай асуудал яригдаж байсан хэмээн мэдэгдсэн байна. “Энэ тухай хэлэлцээ хийж байгаа, хэлэлцээ нь сүүлийн шатанд орсон талаарх мэдээллийг хоёрдугаар сарын 15-ны орой авсан” хэмээн Певчих онцолжээ.

Хэлэлцээ хийж байсныг баталсан албан ёсны мэдээлэл гэхдээ гараагүй. Германы Засгийн газрын төлөөлөгчид энэ талаар тайлбар хийхээс татгалзсан байна. ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков “Financial Times” хэвлэлд мэдээлэхдээ, ийм тохиролцооны талаар мэдээлэл аваагүй гэж мэдэгдсэн байна.

Ийм төрлийн солилцоо нь ЗХУ задарч унаснаас хойших үеийн ОХУ-ын хувьд анхных бөгөөд Оросын ял авсан сөрөг хүчнийхнийг олон улсын солилцооны хүрээнд сулласан явдал 1986 оноос хойш гарч байгаагүй гэж ВВС агентлаг тодруулжээ.

Өрнөдийн хэвлэлүүд юу бичив?

Навальныйг Красиковоор солилцох тухай хэлэлцээг Reuters, CNN, Financial Times зэрэг гаднын хэд хэдэн хэвлэлүүдийн нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалжууд баталсан байна. Навальныйг суллахаар бэлтгэж байсныг ВВС агентлагийн эх сурвалж мөн баталжээ.

“Financial Times” хэвлэлийн эх сурвалжийн мэдээллээр, хэлэлцээний явцад Оросын сэтгүүлч Эван Гершкович, Алексей Навальный болон АНУ-ын иргэн, ахмад дайчин Пол Уиланыг Красиковоор солилцох хувилбарыг хэлэлцэж байжээ. Гэвч Навальный нас барсны дараа хэлэлцээ хийж байсан Берлиний талын сонирхол буурсан байна.

“Берлиний үзэж буйгаар Оросын төрийн ивээлд орсон алуурчныг солилцох тохиромжтой хүн байхгүй болсон” гэж АНУ-ын нэрээ нууцалсан “Financial Times” хэвлэлийн эх сурвалж мэдэгджээ.

Хоёрдугаар сард ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын сэтгүүлч Такер Карлсонд өгсөн ярилцлагадаа “Wall Street Journal” сонины сурвалжлагч Эван Гершковичийг Холбооны аюулгүй байдлын албаны офицер Вадим Красиковоор солилцоход бэлэн гэдгээ ойлгуулсан. Красиков нь Берлинд хүн амины хэргээр бүх насаараа хоригдох ял аван, эдэлж байгаа билээ.

“New York Times” сонин Навальный энэхүү хэлцэлд онцгой үүрэг гүйцэтгэж байсныг онцлон тэмдэглэсэн байна.

Тус сонин эх сурвалж дурдан Герман улс Вадим Красиковыг суллах асуудлаарх аливаа хэлэлцээнд Алексей Навальныйг оруулах хүсэлт гаргаж байсныг дурдсан байна. Гэхдээ “New York Times” хэвлэлийн эх сурвалжууд Навальныйг нас барахаас өмнө тус хэлэлцээ сүүлийн шатанд орсон байсныг баталж чадаагүй аж. Алексей Навальныйг нас барахаас өмнө Орост солилцооны талаар ямар ч албан ёсны санал тавиагүй хэмээн мэдэгдсэн CNN сувгийн эх сурвалж мөн ингэж үзэж байна.
Reuters агентлагийн мэдээлснээр, АНУ, Герман хоёр Оростой ялтан солилцох асуудлыг үнэхээр хэлэлцэж байсан ба хэлэлцээ эхний шатанд явж байсан гэх. Тус агентлагийн Орос дахь эх сурвалжийн ярьснаар, эхэндээ төлөвлөгөөнд зөвхөн Гершковичийг солилцох асуудлыг тусгасан байжээ. “В.Путины зүгээс солилцоход бэлэн байсан цорын ганц хүн нь Красиков байсан. Гэвч Германы тал үүний эсрэг хатуу байр суурьтай байжээ. Учир нь тэр бол АНУ-ын асуудал байсан. Харин тус төлөвлөгөөнд Навальныйг оруулсны дараа Германы тал зөвшөөрсөн” гэж эх сурвалж онцолсон байна.

Германы Канцлер Олаф Шольц АНУ-д очиж, хоёрдугаар сарын 9-нд Цагаан ордонд хэлэлцээ хийснээр бүх зүйл батлагдсан. Хэзээ, хаана солилцох нарийн асуудлуудыг хэдийн хэлэлцсэн байсан гэж Reuters агентлагийн эх сурвалж хэлжээ.

Мөн үүнтэй ижил дүр зургийг ВВС агентлагийн эх сурвалж гаргаж байна. Красиковыг Навальный болон Гершковичээр солилцох асуудлыг Орос, Герман, АНУ-ын хэлэлцэгчид ярилцаж байсныг эх сурвалж баталжээ.

Хэлэлцээнд оролцогч төлөөлөгчид солилцоог хоёрдугаар сарын 15-16-нд буюу Навальныйг нас барахаас нэг хоногийг өмнө хийх тохиролцоонд хүрээд байжээ. Харин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин эцсийн байдлаар зөвшөөрөл өгсөн эсэх талаарх мэдээлэл үгүй байна. Гэхдээ Кремлийн тэргүүнтэй урьдчилсан зөвшилцөөгүйгээр ийм хувилбарыг авч хэлэлцэх бараг боломжгүй гэж эх сурвалж онцолжээ.
Харин “Frankfurter Allgemeine Zeitung” сонин хэлэлцээ сүүлийн шатандаа орсон байсан тухай бичжээ. Тус сонины эх сурвалжийн мэдээлснээр, хэлэлцээ сүүлийн шатандаа орсон байсан тул Германы эрх баригчид Навальный нас барсан тухай мэдээг цочирдон хүлээн авсан байна.

Навальныйн хэвлэлийн төлөөлөгч Кира Ярмыш “New York Times” хэвлэлд тайлбар хийхдээ, Навальный өөрөө хэлэлцээний талаарх нарийн асуудлыг мэдээгүй байсан хэдий ч солилцооны асуудал яригдаж байгааг ямартаа ч мэдэж байсныг онцолжээ.

“Тэрээр ямар нэгэн хэлэлцээ явж байгааг ойлгож байсан ч нарийн мэдээлэлгүй байсан” гэж Ярмыш сэтгүүлчдэд мэдэгджээ.

Навальныйн үхэл

ОХУ-ын сөрөг хүчний нэр тэргүүн Алексей Навальный Ямало-Ненецкийн автономит тойрог дахь хорих газарт ял эдэлж байхдаа хоёрдугаар сарын 16-нд нас барсан билээ.

Талийгчийн эхэд олгосон албан ёсны мэдэгдэлд тэрээр хоёрдугаар сарын 16-ны өдрийн орон нутгийн цагаар 14.17 цагт нас барсан гэж бичжээ.

ОХУ-ын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх холбооны албаны мэдээлснээр, Алексей Навальный гадаалж ирснийхээ дараа бие нь гэнэт муудаж, ухаан алдаад дахин сэрээгүй байна. Тэрээр өглөө гадаалдаг байжээ.

Хоёрдугаар сарын 22-нд Алексей Навальный эхэд нас барсан тухай шүүх эмнэлгийн дүгнэлтийг танилцуулсан байна. Дүгнэлтэд түүний үхлийг жам ёсны шалтгаанаар хэмээн бичсэн байжээ.

Өнгөрсөн бямба гарагт Навальныйн шарилыг түүний эхэд нь өгсөн. Улстөрийн нэрт тэмцэгч агсны хамтран зүтгэгчдийн мэдэгдсэнээр, эрх баригчид Навальныйн оршуулгыг нууц байдлаар хийхийг шаардсан гэх.

Харин олон нийт нэрт улстөрчийг энэ долоо хоногийн сүүлээр эцсийн замд нь үдэхээр төлөвлөж байна.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.191.169) 2024 оны 02 сарын 28

солих гэж байсан бол юу гэж алав гэж дээ бие муутай цаг агаар таарахгүй газар аваачаад л явчихлаа даа

1  |  0
Зочин(139.5.219.190) 2024 оны 02 сарын 28

Навальный бол энэ кремлийн дэглэмийг яс махнаасаа үзэж чаддаггүй,үзэл бодолдоо тууштай хүн блаа.21 оны эхээр баригдаж,шоронд явахаа 100% мэдэж бсан ч оросод буцаж ирсэн.хувь хүнийхээ хувьд үнэхээр зоригтой хүн.кремлийн дэглэм хоригдож бгаа хүнээс шийрэгнээд,хөөрхий байхгүй болгочихлоо.энэ кремлийг магтаад бдаг манай зарим зарим этгээдүүд олон сувгаар мэдээлэл олж авч чаддаггүй,энэ кремлийн үнэн төрхийг нь мэддэггүй нь харамсалтай.

1  |  2
Top