Яагаад Навальныйн шарилыг ар гэрт нь өгөхөөс татгалзав!

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 02 сарын 20

ОХУ-ын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх холбооны алба сөрөг хүчний тэргүүн агсан Алексей Навальныйн шарилыг, талийгчийн ар гэр, өмгөөлөгчид хорих газарт ирэхээс өмнө хоёрдугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө хорих газраас Салехард руу шилжүүлсэн байж болзошгүй гэж “Медиазона” хэвлэлд мэдээлжээ. Тус хэвлэлийн сэтгүүлчдийн илрүүлснээр, Лабытнанги, Салехардыг холбосон гарам дээрх камерт бичигдсэн дүрс бичлэгт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх холбооны албаны дөрвөн автомашин тус гармаар Обь мөрнийг гаталж, Салехардын зүг чиглэсэн нь бичигджээ. Эл гарам нь хорих газраас тойргийн төв орох цорын ганц зам гэнэ.

Үйл явдал хоёрдугаар сарын 16-аас 17-нд шилжих шөнө болсноос үзвэл эдгээр машинаар Навальныйн шарилыг түүний хоригдож асан ИК-3 хорих газраас Салехардын зүг авч явсан гэсэн таамаг дэвшүүлжээ.

Үүнээс өмнө “Новая газета Европа” хэвлэл улстөрчийн шарилыг Салехардын тойргийн эмнэлгийн цогцос хадгалах газарт шилжүүлсэн хэмээн эх сурвалж дурдан мэдээлж байв. Навальный нас барснаас хойш гурван хоног өнгөрсөн ч ар гэрийнх нь түүний цогцсыг аваагүй л байна гэж ВВС онцолжээ.

Оросын эх баригчид Алексей Навальныйн цогцост задлан шинжилгээ хийхийг хойшлуулж, цаг авах тусам байгалийн жамаар нас барсан гэх хувилбар улам бүр итгэл үнэмшилгүй болно гэж ВВС агентлагийн эх сурвалжууд үзэж байна.

Өнгөрсөн бямба гарагт Навальныйн ар гэрийнх нь Харп дахь хорих газарт нас барсан улстөрчийн шарилыг авахаар хөөцөлдсөн ч бүтэлгүйтжээ.

“Новая газета Европа” хэвлэлийн эх сурвалжийн мэдээллээр, Навальныйн цогцсыг эхлээд Лабытнанги руу шилжүүлж, 16-ны орой Салехардын тойргийн эмнэлэг рүү аваачсан гэх.

Талийгчийн эх өмгөөлөгчийнх нь хамтаар Навальныйн хоригдож байсан Харп дахь хорих газарт очсон ч тэднийг Салехард дахь цогцос хадгалах газар руу явуулсан байна. Гэвч тэнд талийгчийн шарил байхгүй гэж хэлжээ.

Мөрдөн шалгах хороо Навальныйн үхлийн шалтгааныг тогтоож байна, ирэх долоо хоногоос нааш задлан шинжилгээний хариу гарахгүй гэж сөрөг хүчний тэргүүн агсны хамтран зүтгэгчдэд мэдэгдсэн байна. Салехардын түргэн тусламжийн албаны ажилтны мэдээлснээр, талийгчийн биед амьд байх үед үүссэн хөхрөлт илэрчээ. Гэхдээ энэ нь зодсоны улмаас үүссэн хөхрөлт биш аж.

Олон жил түргэн тусламжийн албанд ажилласан эх сурвалж, ийм төрлийн хөхрөлт таталт өгөхөөс үүдэлтэй байдаг хэмээн тайлбарласан байна. Хүнд хүчтэй таталт өгөхөд цус хурж, хөхрөлт үүсдэг аж. Талийгчийн цээж орчим мөн хөхөрсөн нь зүрхний иллэг хийснээс үүдсэн байх талтай гэж эх сурвалж дурджээ.

Өөрөөр хэлбэл түүнд сэхээн амьдруулах эмчилгээ ямартаа ч хийхийг оролдсон нь илт байгаа бөгөөд талийгч зүрх нь зогссон байж болзошгүй. Харин яагаад зүрх нь зогссон талаар хэн ч ярихгүй байна гэж “Новая газета Европа” хэвлэлд онцолсон байна. Тус хэвлэлийн мэдээллээр, хоёрдугаар сарын 17-ны байдлаар, цогцост задлан шинжилгээ хийгээгүй байжээ.

Оросын эрх баригчид үхлийн шалтгааныг тогтоож чадахгүй байгаа учраас ар гэрийнхэнд нь шарилыг нь хүлээлгэн өгөхгүй байж болзошгүй гэж эх сурвалж үзэж байна.

Гаднын шүүх эмнэлгийн шинжээчид задлан шинжилгээний хариу гарахаас нааш Навальныйн үхлийн шалтгааны талаар ярих боломжгүй гэж ВВС агентлагт өгүүлжээ. Гэнэтийн үхлийн шалтгааныг зөвхөн орчин үеийн задлан шинжилгээ л хэлж чадна. Задлан шинжилгээг аль болох богино хугацаанд, дор хаяж 24 цагийн дотор хийх ёстой гэнэ. Гэнэтийн үхлийн тохиолдолд биопсийн шинжилгээ болон бусад шинжилгээний хариуг хүлээх шаардлага байхгүй гэж АНУ-ын “Tufts Medical Center” эмнэлгийн сэхээн амьдруулах тасгийн эрхлэгч Константин Балонов онцолжээ.

Түүний хэлснээр, хэрэв үхлийн шалтгаан нь уушгины судас бөглөрөлт, титмийн цочмог хам шинж, зүрхний шигдээс зэрэг байсан бол энэ талаар хэдийн Оросын хэвлэлүүд шуугих байсан. Оросын эрх баригчдад даруй задлан шинжилгээ хийж, цогцсыг нь ар гэрт нь олгоход илүү хялбар байх байсан. Харин цогцсыг нь ар гэрт нь өгөхгүй байгаа нь нуух зүйл байна гэсэн үг гэж Балонов үзэж байна. Түүний хэлснээр, талийгчийн цээжин тус газар хөхрөлт үүссэн нь зүрхэнд иллэг хийснийг илтгэж байна. Гэхдээ ийм төрлийн иллэг хавирга хугарах зэрэг гэмтэлд хүргэдэг. Хүний зүрх цохилохгүй байгаа үед ийм иллэг хийх зайлшгүй шаардлагатай байдаг. Энэ талаар ч албан ёсоор мэдээлсэн байсан. Харин хорих газар сэхээн амьдруулах ийм төрлийн арга хэмжээг мэргэжлийн түвшинд хэр хурдан авсан, зүрхний дефибриллятор зэрэг нэн шаардлагатай тоног төхөөрөмж байдаг эсэх нь тодорхойгүй байна.

Бусад хөхрөлт, цус хуралт хэрхэн үүссэн, Навальный унасан эсэх, яагаад унасан эсэх талаар хязгааргүй олон таамаг дэвшүүлэх боломжтой. Хүчтэй таталт өгч байгаа хүний хөдөлгөөнийг хязгаарлаж, барих шаардлагатай байдаг. Энэ тохиолдолд хөхрөлт үүсэх боломжтой. Гэхдээ таталт өгсөн, хариу арга хэмжээг зөв авсан эсэхийг хөхрөлтийн байдлаас үнэлэх боломжгүй гэж Балонов тайлбарлажээ.

Израилын сэхээний нэрт эмч Михаил Фремдерман түүнтэй санал нэг байна. Үхлийн шалтгааныг мэдэхийн тулд задлан шинжилгээний хариуг л хүлээх хэрэгтэй гэж тэрбээр үзэж байна.

Балановын ярьснаар, Навальныйг шүүх хурлын дүрс бичлэгээс үзвэл тэрээр ноцтой өвчинтэй хүн шиг харагдаагүй. Дүрс бичлэгээс үзвэл, түүний байдал хэвийн харагдаж байсан. Уушгины судас бөглөрөлтөөс үхэх тохиолдол ховор байдаг. Хэрэв уушгины судас бөглөрөлтөөс зүрх зогсоход хүрсэн бол шинж тэмдэг илрэхгүй байх магадлал бага. Задлан шинжилгээгээр шууд л илэрдэг аж.

Титмийн цочмог дутагдлаас үүдэлтэй нас баралт элбэг тохиодог ба үүний оношийг тогтоохын тулд задлан шинжилгээг 24 цагийн дотор хийх ёстой байдаг гэж мэргэжилтэн тодруулжээ. Гэхдээ уушгины судас бөглөрөлт болон титмийн цочмог дутагдал гэсэн хувилбар магадлал багатай. Навальныйн цогцост задлан шинжилгээ хийхийг хойшлуулж байгаа нь жам ёсны шалтгаантай үхэл гэх магадлал бага байна гэж шинжээчид үзэж байна.

Түүнийг 2020 онд болсон шиг ямар нэгэн бодисоор хордуулсан гэх таамаг өндөр магадлалтай гэж Балонов үзэж байна. Гэхдээ шинж тэмдгийн талаарх мэдээлэл хомс үед ямар бодис байсныг нь хэлэх боломжгүй. Хордуулагч бодис биед харьцангуй удаан хадгалагддаг. Ялангуяа тухайн хүн нас барсан үед. Харин Навальныйн ар гэрт сорьцыг эсвэл Навальныйн шарилыг 2020 он шиг гадаад руу гаргах боломж бараг л олдохгүй байх гэж үзжээ.

Задлан шинжилгээг цаг алдалгүй хийгээгүй, үхлийн шалтгаан нь жам ёсных гэж тогтоогоогүй тул гаднын нөлөөтэй, хордуулсан гэх таамгийг үгүйсгэх аргагүй юм. Задлан шинжилгээг хойшлуулах тусам үхлийн шалтгааныг нарийн тогтоож, батлах боломж багасаж байна гэж Балонов дүгнэжээ.

“Би Орос орондоо хайртай. Эрх чөлөөтэй, цэцэглэж буй улсад амьдрах нь авлигад идэгдсэн, ядуу улсад амьдрахаас илүү гэж миний оюун ухаан хэлж байна. Энэ шүүхийг харан зогсоход миний хүн чанар ийм шүүхэд шударга ёс гэж үгүй гэдгийг хэлж байна. Шударга шүүхгүй улс хэзээ ч цэцэглэн хөгжихгүй” гэж Алексей Навальный агсан 2023 оны долоодугаар сарын 21-нд болсон шүүх хурлын үеэр эцсийн үгээ хэлж байлаа. Эх сурвалж: ВВС

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top