1,8 сая үзэгчтэй “Инээдмийн ТҮЦ”-ийн дурсамжууд

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 02 сарын 23

 

Х-ТҮЦ продакшн 1996 онд байгуулагджээ. Драмын театрт харьяалагдан ажилладаг байсан жүжигчин Амбий, Дооёо, Аглуу, Одноо нар Найдандорж найруулагчийн хамтаар театраас өрх тусгаарлаж, "Инээдмийн Түц" буюу одоогийн "Х-ТҮЦ" хамтлагийг байгуулж байсан гэдэг.

Тухайн үед барууны орнуудад дэлгэрч байсан урсгал, чиглэлийг сонгон авч, уран бүтээлээ туурвидаг байсан тэд "Сэргээш 1, 2, 3" болон "Өвлийн инээмсэглэл" зэрэг шинэ, соргог цуврал бүтээлүүдийг үзэгчдэд толилуулж байв. 

 

 

Шинийг эрэлхийлэгч гэдгээрээ нэг цаг үеийн бусад нэгдлээсээ ялгардаг тус хамтлагийг олон зүйл дээр анхдагч болж чадсаныг онцлох нь зүйтэй.

"Аянгын бороо", "Сэрүүн хасын нууц" зэрэг дорнын шилдэг бүтээлүүдийг тайзнаа амилуул, дараа нь "Миний хөрш чөтгөр", "Танхай тээгч", "Алтан өндөг", "Хөөрхөн ээжтэй охин", "Базарваань", "Хайрыг битгий гомдоо" зэрэг дэлгэцийн бүтээлүүдийг үзэгчдийн хүртээл болгосон билээ.

 

 

Энэ цаг үед хошин урлаг хийгээд театр, кино, тайз, дэлгэцийн бүтээлээрээ түүчээлэн яваа ихэнх залуус "Х-ТҮЦ"-ээс гараагаа эхэлсэн байдаг.
 

"Х-ТҮЦ" продакшны жүжигчин Н.Онон нэгэн ярилцлагадаа "Х-ТҮЦ бол урлагт хайртай уран бүтээлч залуусын өдлөөд нисэх үүр нь юм” хэмээн хэлж байсан нь оновчтой дүгнэлт болжээ.

2017 он гэхэд тус хамтлагийн бүхий л тоглолтыг үзсэн хүний тоо 1.800.000-д хүрээд байсан гэдэг. Энэ нь Монголын нийт хүн амын бараг л 3/2 нь гэсэн үг.

 

 

"Х ТҮЦ" продакшны 5 гавьяат 2020 онд хамтдаа доорх зургийг дурсгал болгон татуулж байжээ. Зөвхөн энэ зургаас "Х-ТҮЦ"-ээс Монголын тайз, дэлгэц, хошин урлагийн салбарт хэрхэн хүндэтгэлтэй оршиж ирснийг харж болно.

 

 

Өнгөрсөн жил буюу 2023 оны нэгдүгээр сард тэд 10 жил завсарласан тайзны жүжгээ тавьсан. “Зохиолгүй амьдрал” хэмээх уг жүжгийг найруулагчаар алдарт найруулагч Ч.Найдандорж ажилласан бөгөөд үзэгчид халуун дотноор угтан авсан нь саяхан мэт. 

 

 

"Х-Түц" продакшн 7 жилийн дараа буюу ирэх гуравдугаар сард тайзнаа бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглох гэж байна. Үүнийг үзэгчид талархан хүлээн авч, сэтгэл догдлон хүлээж байна. 

"Show time 2024" тоглолт хэдхэн өдрийн дарах буюу гуравдугаар сарын 1-ээс эхлэн "Соёлын төв өргөө"-нд өдөр бүр үзэгч та бүхний сэтгэлийг сэргээх болно. 

 

Top