НИТХ-ын зөвлөл нийслэлийн төсвийн тодотголыг хэлэлцэхийг дэмжлээ

2024 оны 02 сарын 22

НИТХ-ын зөвлөл хуралдаж, ээлжит бус XVII хуралдаанаар хэлэлцэх асуудлыг хэлэлцлээ. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Нийслэлийн 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах төслийг танилцуулсан юм. Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл буюу метро барьж байгуулах Засгийн газрын тогтоол гарсан. Тиймээс метро барьж байгуулах гүйцэтгэгч, менежментийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх ажлын тооцоо судалгаа, үнэлгээг хийх төслийн хүрээнд энэ оны нийслэлийн төсөвт өөрчлөлт оруулах шаардлага үүссэн юм. Засгийн газраас өгсөн үүрэг, даалгаврын дагуу метро барьж байгуулах бүтээн байгуулалтын ажилд 333 тэрбум, тус төслийн зөвлөх үйлчилгээний ажилд 54.6 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөжээ.

Мөн төсвийн тодотголоор Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу, Бага тойруугийн гудамж, Олимпын гудамжнаас-Их монгол улсын гудамж, Чингисийн өргөн чөлөө, Сүхбаатарын талбай орчмыг хамарсан явган хүний зам, талбайг стандартад нийцүүлэн байгалийн чулуугаар тохижуулах ажлын санхүүжилтийг шийдвэрлэнэ. Түүнчлэн Урт цагааны гудамж болон 32-ын тойргийн бүс орчимд нийтийн эзэмшлийн талбайн тохижилт, ногоон байгууламж хийх юм. Тэрчлэн сургууль, цэцэрлэггүй томоохон хотхон, хорооллуудын төлөвлөлтийн алдааг засаж, тодорхой байршлуудад сургууль, цэцэрлэгийн барилгын ажлыг эхлүүлэх, нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн энэ оны хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх зэрэг төсөл арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр тодотголд тусгажээ. Тухайлбал, тусгай хэрэгцээт 29 дүгээр сургууль, дотуур байрны их засварын ажилд 4.8 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатайг тодотголын төсөлд тусгасан байна. Мөн “Алтай” хотхон, Кинг тауэр,  Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Материал импекс зэрэг хүн амын хэт төвлөрөл бүхий хотхон,  хорооллуудад  улсын сургууль, цэцэрлэг барихаар төлөвлөсөн. Энэ хүрээнд хувийн аж ахуйн нэгжүүдтэй зөвшилцөлд хүрч, сургууль, цэцэрлэгийн газар чөлөөлж, дулааны улирал эхлэхтэй зэрэгцэн бүтээн байгуулалтыг хийж эхлэх юм.

Зөвлөлийн гишүүд Нийслэлийн 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах төсөл болон дагалдах бусад асуудлыг НИТХ-ын  ээлжит XVII хуралдаанаар хэлэлцэхийг дэмжлээ. НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан захирамж гарган, ээлжит хуралдааныг хоёрдугаар сарын 23-нд буюу ирэх баасан гарагт хуралдуулахаар болсон юм.  Төсвийн хэлэлцүүлгийг хоёр үе  шаттай зохион байгуулж, эцэслэн батална.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(59.153.114.139) 2024 оны 02 сарын 22

Саяхан баталчаад хэдхэн хоногийн дараа өөрчлөх гэж яг юу хийгээд байгаа хулгайч нар вэ

0  |  0
zochin(49.105.92.246) 2024 оны 02 сарын 22

guiee mun olon yum yarih yum heregjej bgaa olj haragdahgui ulaanbaatar bid ta nariig tejeemeergui bna ehleed ulaanbaatar aa hoggui orchin bolgochood huthaj muurduu zamiin gold machinaasa hog gargaj shidej ta nariig doromjildog bolchood udaj ene darga ymar heregtei gej thalin avdag yum bol ta nar ajil aa hiij chadahgui bol ulaanbaatar chuud gerii chin uudend hogoo hayna shu ta nar hog theverlej uz ⁉️ zugeer deerees zagnaj tuchaadag ue on jil bich thalin avj bgaa bol hamt olontoo hamtarj ajilna

0  |  0
Top