Найман сая малаа зудад тавьж туусан түүх саяхных

2024 оны 02 сарын 21

 

Байгаль дэлхий сүүлийн хэдэн жил ивээж, зуд турхангүй налайж суусан маань энэ жилээр шувтрав. Угаасаа байгалийн араншин давтамжтай, хэдэн жилээр өнтэй байснаа зуд бас хэдэн оноор дараалдаг гэдгийг мартах учиргүйг энэ өвөл санууллаа. Нэгэнт зудын цикл эхэлж байж мэдэх учраас наад зах нь гурван өвлийг хүндхэн туулж магадгүй хэмээн ирэх намрын эхнээс хадлан тэжээл, хашаа хороо, түлш түлээ, ахуйн хэрэглээгээ ахиухан базаахыг энэ өвөл, хаврын төлөв байдал хатуухан үзүүлэв. Одоогийн байдлаар улсын хэмжээгээр 617 гаруй мянган малаа нүд аниулчихаад байна. Намрын сүүлээр ширүүн шуурга болж олон хүний амь эрсдэж, малын хорогдол эхэлсэн. Туулай жилд зуд болдоггүй гэсэн хуучны үгийг ярьж сууж бэлтгэл тааруу байсантай ч үзээд буй энэ хохирол холбоотой байж магадгүй. Гэвч байгаль, цаг уурын төлөв байдал таашгүй ихээр өөрчлөгдөж, дэлхийн дулаарал нэг талаасаа гамшиг дагуулах нь ихэссэний нэг жишээ нь өнөө өвлийн төмөр зуд боллоо.

Өдөртөө дулаарч цас хайлмагтаж, шөнөдөө огцом хүйтэрч, хайлмаг цас мөс болон бэлчээрийг гагнаснаас өвлийн турш мал хамар хатгах өвс олох гэж мөс цавчсаар туруу, туурай ч үгүй, тарга тэвээрэг ч үгүй болж хоцорсон. Яг мал төллөх дөхөөд ирэхээр асар их хүйтэрч, цасаар шуурч, гэр далд ортол дарсан хунгар хүн, малын тамирыг шавхлаа.

Хүн мартахдаа амархан юм хойно, хавь ойр ийм зуд турхан үзээгүй хэмээн шуугилдаж байна. Гэвч хэдхэн жилийн өмнөхийг эргэн нэг санацгаая. 2009 оны өвөл болсон зуднаар монголчууд 8.1 сая малаа алдсан юм. Ойрын үед хамгийн их хохирол үзсэн нь энэ зуд байх. Өвгөд хөгшдийн ярьдаг байсан 1944 оны мичин жилийн алдарт зуднаар 8.6 сая малаа алдсан юм гэдэг. Тэр өвөл бас л өнөө жилийнх шиг төмөр зуд нүүрлэжээ. Дээр нь дайн дажинтай хойд хөршдөө адуу мал, мах, арьс, нэхий, ноос ноолуур хамаг бүгдээрээ тусалж байсан цаг. Тэр зуд 1945 оны тахиа жилд үргэлжилсэн юм гэсэн. Зуд ганц өвлөөр дуусдаггүйн жишээ энэ. 1967-68 оны өвөл бас л төмөр зуд тохиож гурван сая гаруй толгой малаа тэнгэрт тавьж тууж. 1993 оны өвөл нэг сая шахам, 1996-97 онд мөн тэр хавьцаа, 1999-2000 оны зуднаар гурван сая толгой малаа нүд аниулсан мэдээлэл байдаг. 2000-2001 оны хатуу өвлөөр мөн л олон толгой мал хорогдож, зудын байдалтай танилцаж явсан УИХ-ын гишүүн, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Ш.Отгонбилэг болон НҮБ-ын ажилтнууд, Монгол, Японы сэтгүүлчид Ми-8 нисдэг тэрэгний ослоор өөд болсон билээ.

Зудын балаг их. Өнөөдөр нийслэл хотод хүн амын тэн хагас нь шавааран суугаа нь ч тэр 90-ээд оны сүүл 2000-аад оны эхээр болсон зудын уршиг юм. Тэгэхэд малаа барсан хөдөөгийн иргэд Улаанбаатарт амьдрал эрэн тал талаас ирж, их нүүдэл үргэлжилж, өнөөгийн утаа униар, түгжрэл, дөрвөн уулын дундах их чихцэлдээний эхлэлийг тавьсан. Малгүй болсон, хотод ирээд ажил олоогүй хүмүүсийн зарим нь  хулгай зэлгий, дээрэм тонуулын замд орж, гэмт хэргийн нөхцөл байдал ч хүндэрсэн байдаг. Гэр хорооллын айлуудын хашаа хүрээний банзыг хуу татан түлж, орой үдэш харанхуй гудамжаар явсан иргэдийн биед байсан бүхнийг мулз татаж, хэдэн жил аймшгийн кино шиг үргэлжилсэн амьдралын дараа зарим нь хотод амьдрах аргаа ололгүй нутаг буцаж, ажил олсон нь оршуулгын газрын өмнүүр хойгуур буурь засаж, арчаа тасарсан нь Цагаандаваа, Улаанчулуутын хогийн цэг бараадсанаар тэр байдал намжсан. Орк гэдэг үг ч тэр хавиас эхлэлтэй. Тэгвэл одоо зудад байдгаа барсан малчид бас л амьдрах арга эрэн тэмцэж Улаанбаатараа зүглэхээс аргагүй болж нийслэлийн ачаалал өнөөгийнхөөс ч ихсэхийн цондон болно.

Дараа өвөл ч үргэлжилж мэдэх зудад нэрвэгдэхгүйн тулд ирэх намар Мэнэнгийн талын тэр их өвс ногоог хадаж улсын нөөцөд авч, гадагш өвс гаргаж худалдахыг хориглож, аймаг, сум бүр малчдын өвөлжилтийн бэлтгэлд анхаарч, хэнэггүй нэгэнд нь хатуухан сануулга өгөхгүй бол дахиад л хотоо харлуулж, хоолойдоо боож үхэх бор шидмэс барьж гүйхийг үгүйсгэх аргагүй.

Малын эмч, зоотехникчгүй болж, малын чанар алдагдаж, хүчээ нэгтгэн хадлан тэжээлээ базаадаг цаг хойно хоцорсны балгийг зуд болох тоолонд эдэлдэг байдал 1990 оноос хойш үргэлжиллээ. Амьдралын хар ухаантай өвгөд хөгшид хорвоогийн жамаар бараг шувтарч, шинэ цагийн малчин залуус бэрхийн өмнө сөхрөх нь ихэсчээ. Хуучин цагт халуун намраар таана, хөмүүлийг аарцанд багсран хүчит тэжээл бэлддэг, халгай зэрэг ургамлыг өвстэй хольж мушгин мушгиа гэх тэжээл бэлдэж хатаадаг, бухал нуруугаа дүнхийтэл бэлтгэн өвөлжөө хаваржаандаа татдаг байдал сүүлийн хэдэн өвлийн дулаанд сураггүй мартагдсан шинжтэй.

Сая болсон цасан шуурганаар замын хажуугаар хунгарт өеөдсөн адуу олон харагдсан. Дэргэдүүр өнгөрсөн хүмүүс татаж чангаан босгож харагдавч эзэнгүй газар хэд нь тийн цасанд зоогдож нүд аньсныг тоолшгүй. Өнгөрсөн өвөл шуурганд уруудан хилд тулсан адуу ч тоогоо алджээ. Тэгвэл тэгж өеөдсөн адууг хурдан тэнхрүүлэн босгох арга байдаг талаар дээр үед сонсож байсан нь энэ үеэр санаанд оров.

1980-аад онд, хуучин нийгмийн үед говийн аймгийн нэгэн суманд олон адуу мөн л саяных шиг уруудаж, олноороо өеөдөж унасныг сум, нэдлийн даргадаа малчид дуулгажээ. Мал нэгдэл, нийгмийн өмч байсан, үхүүлж хорогдуулбал ялтай байсан тийм цаг. Нэгдлийн дарга 69 машинаа асаалгаж, эхлээд сумын дэлгүүрээр орно гэдгээ жолоочдоо хэлжээ. Дэлгүүрт ороод хэдэн шил архи, адууны өөхтэй мах нэлээд ихийг ардаа ачуулав гэнэ. Жолооч гайхжээ. Адуу олноороо унасан байна гэхээр манай дарга архи, өөхтэй мах аваад ачаад байдаг нь яаж байгаа юм бол. Сэтгэц мэдрэл нь гайгүй байгаа даа гэж айх ч шиг болж, “Мал үхэж байна гэхээр манай дарга ямар баяраа тэмдэглэх гэсэн юм бол” хэмээн танил нөхдөдөө ч шивнээд амжиж. Замд гараад удалгүй л тэрийж унасан адуунууд тааралдаж. Дарга ч жолоочдоо “Архи, мах, хурц хутгатай аваад ир” гэж үүрэгдэж. Тэгээд унасан адуун дээр очоод аманд нь балга архи цутгаж, өөхтэй махнаасаа огтолж бөгсөнд нь хийгээд яваад байж. Гайхсан жолооч эргээд харахад мөнөөх адуунууд түрүүчээсээ босоод ирж байсан юм гэнэ лээ. Бээрч, өеөдөж унасан адууг ингэж амархан босгодог юм гэж дарга хэлсэн юм гэсэн. Бас адуучид өвлийн цагт мориныхоо амгайг тарвага, адууны тос, шар тос шингээсэн даавуугаар ороож унадаг. Тэгэхэд унааны морь тарга тэвээргээ алддаггүй, эцэж цуцах нь гайгүй байдаг гэдэг байв. Тухайн үед сайн малчдын мал маллагааны туршлагаар ном, гарын авлага хийж залуу малчдад түгээдэг байсан нь үр дүнгээ өгдөг байж. Хот, суурин газрын ажилчин, албан хаагчид ч хавар мал төллөх цагаар шеф нэгдлүүддээ тусалж, туслах малчнаар гардаг байсныг “Нийслэл хүү” зэрэг кинонд харуулсан байдаг билээ. Дэм дэмэндээ, дээс эрчиндээ гэдгээр бүх л зүйлд нэгдэж, хамтарч, бие биедээ тусалж дэмждэг байсан нь бэрхшээлийг хамтдаа давахад их нөлөөлдөг байжээ.

Одоо бол мал хувийн өмч. Эзэн хүн хичээхгүй бол өмчөө зудад тавьж тууж, хотынхон нь сошиалаар элдвээр хэлээд суудаг болсон шив дээ. Дээр нь малчдын мал ихэнхдээ банкны зээлийн барьцаа болсон. Малаараа барьцаалж авсан мөнгөөр оюутан хүүхдээ сургах, машин тэрэг авч унах, эд хогшил авах гээд зүйл зүйлд л зарцуулж байгаа. Түүний зэрэгцээ зээлж авсан мөнгөөрөө хөдөлмөр хөнгөвчлөх техник, чанартай хашаа хороо барих материал, намар үнэ хямд дээр ахиухан өвс тэжээл бэлтгэх гээд өвөл, хаврыг хохирол багатай даван туулахад зарцуулахад гэмгүй гэдгийг зутруу энэ өдрүүд харуулж байна. Зуд зулагтай л гэдэг. Юм ээлжтэй. Хэдэн жил үргэлжилсэн зудын дараа дэлхий дэлэгнэж мал их өсөж, идээ цагаа дэлгэрдэг гэдэг үг ч бий. Тэр дэлгэр цагтай залгахын наана хоёр, гурван өвлийг зүтгэж давж магадгүйг одооноос мартаж л болохгүй юм шүү.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.131.230.162) 2024 оны 02 сарын 25

Их ган малаас гадна олон хүнийг авч одно шүү дээ. 2010 оны их гангийн үеэр урьд хөрш маш их ургац алдаж, улсын нэгдүгээр хүнийг уйлж байсныг бид мэднэ. Тиймээс цаг уурын энэ өөрчлөлтийг зөвхөн мал дээр авч үзэхээс илүү өргөн харах хэргтэй.

2  |  0
зочин(66.181.178.184) 2024 оны 02 сарын 26

Дэлхий дээр их олон юм өөрчлөгдөж байнаа. Тэрний нэг нь цаг агаар. Бидний хяналтаас олон зүйл гарч байна. Хамгийн чухал нь эрүүл саруул байх. Малынхаа хойноос яваад эндсэн хүмүүсийн төлөө гашуудаж байна. Гэхдээ малчид маань газар нутагтайгаа байхад алзахгүй. Өөрсдйин ойр орчиндоо бага зэрэг тариа ногоо тарьж сурах хэрэгтэй байхаа. Мал дороо л өсдөг. Уужуу байгаарай. Сайхан хашаа саравч бэлдэж аваарай. Мал нь ахиад зөндөө өснөө .

2  |  0
zochin(59.153.113.180) 2024 оны 02 сарын 22

baigaliin uzegdliig yu ch gekh we dee , kharin iim yuman deer tookhuu khiij bayasaj suudag erguu chawkaa we , , pizda gej

0  |  1
Top