Луу жилийн өнгийг зурхайчид ингэж үзэж байна

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2024 оны 02 сарын 10

Монгол түмэн туулай жилээ үдэж, луу жилтэйгээ учран золгож байна. “Шороон үхэр”-ийн зурлагаар шинжвэл “Хилэнт эх” хэмээх луу жилийн өнгө зурхайд хэрхэн бууж байгааг сүм хийдийн тэргүүн, зурхайчдаас тодрууллаа.


Д.Тайвансайхан: "Хилэнт Эх" гэх нэр нь хилэнц үйлийг бага хий гэсэн утгатай

 

/Гарма Гаржүд Үржин Пэрэнлайлин хийдийн хамба лам, гавж/

-Шороон үхрийн зурлагаас харахад, луу жил нь төр, засгийн зүгээс ард түмнээ энэрч тэтгэсэн сайхан жил байх нь. Нялхаст сайн, хөгшдөд дунд зэрэг, залууст ширүүн талдаа байхаар байна. Гэхдээ залуусын ажил, амьдрал сайжирна. Улс орны хөгжил, нийт иргэдийн аж амьдрал дээшилнэ. Цаг агаарын хувьд хур ус цагтаа бууж, үр тариа сайхан ургана. Ургац арвин, газрын шим сайн байх юм байна. Харш жилийн хувьд энэ жил нохой жилтнүүдэд харш жил гарч байгаа. Үхэр, хонь жилтнүүдийн бага харш, гэхдээ засал номоо сайн хийлгэвэл жилийн харш гэх мэт зүйлүүдээс айх хэрэггүй. Хамгийн гол нь бурхан шашны номын даатгал гэдэг нь бусад даатгалаас юугаараа ялгаатай вэ гэхээр даатгал бол нөхөн төлбөр олгодог. Бурхан шашны даатгал гэдэг нөхөн төлбөр олгохгүй, өмнөөс нь урьдчилан сэргийлж даатгаж байгаагаараа онцгой юм. Луу жилд төрсөн түүхт хүмүүс Мял Богд, Их Эзэн Чингис хааны хүү Зүчи, Лигдэн хаан, Дарайсүн Гүдэн хаан, Мандухай сэцэн хатан нар  байна. Хархорум хотыг 1220 онд цагаан луу жил байгуулж байсан. Өргөөг мөн 1232 онд луу жил байгуулжээ. Мөн Хархорумын хамгийн том сүмийг  луу жилд барьж дуусгаж байсан түүхтэй.Түүхч Саган сэцэн луу жилд мэндэлсэн, “Алтан товч”  гэж том бүтээл луу жилд зохиогдсон. XII Далай лам, дэлхийн их сэтгэгч нарын нэг Ф.Энгельс луу жил  мэндэлж байсан бол XIII Далай лам Монголд анх луу жил заларч байсан зэрэг түүхэн үйл явдлууд болж байсныг дурдаж болно. Луу жилд ногоон өнгө их ээлтэй. Утга билэгдлийн хувьд ногоон өнгө бол аливааг бүтээгч, тэтгэгч өнгө юм. Энэ луу жил “Хилэнт эх” гэсэн  ёгт нэртэй байгаа. Нэрийн  бэлгэдэл нь хилэнц үйлийг бага хий гэсэн утгатай. Ингэж ойлгож хүмүүс хувь амьдралдаа хичээж явбал сайн байна. Болгоомжлох том аюул үгүй, гэхдээ эв найрыг эрхэмлэж явах хэрэгтэй гэсэн талын зүйлүүд зурхайд бууж байна.

 

Ж.Гончигсүрэн: Ард иргэд засаг, төрөө эсэргүүцэх нь их байна

 

/Түвдэнпэлжээлин хийдийн хамба, зурхайч, гэвш лам/

- “Хилэнт эх” хөх луу жилийн шороон үхрийн байцыг махбодын зурхайд дулдуйдан дүрсэлбэл, үхэр нь шар биетэй, ногоон толгойтой, эвэр, чих, сүүл болон дөрвөн шийр нь шар, ногоон омруутай. Мөн улаан ходоодтой, амаа ангайсан, мяндсан бурантагтай, сүүлээ зүүн тийш шарвасан байдалтай. Үхэр хариулаач нь шар бие, царайтай. Ногоон дээлэн дээр цагаан бүс бүсэлжээ. Гэзгээ хоёр чихнийхээ араар унжуулсан, баруун гутлаа өмсөж, зүүн гутлаа баруун ташаандаа зүүсэн байна. Мяндсан шилбүүр барьсан өсгөлүүн хүүхэд үхрээ хөтлөөд өмнө нь яаравчлан гүйж явна. Тиймээс жилийн ерөнхий байдлыг дүгнэвэл цэцэг жимс, үр тариа дэлгэрэх, авч цагийн өвчин бага сага гарах нигуртай. Нялхаст сайн, өвгөд хөгшдөд ширүүн, залууст маш ширүүн. Ард иргэд засаг, төрөө эсэргүүцэх нь их байна. Хүн ардад тэр дундаа эрчүүдэд тааруу, харин эмэгтэйчүүдэд ээлтэй. Мал аж ахуйд  сайн. Үхрийн тоо олон тул газар шимтэй, лууны тоо цөөн тул хур бороо чухаг ажээ.

 

Р.Оюунчимэг: Хүмүүс өөрсдийн явдал мөрийг хичээвээс зовлон бага учирна  

 

/Үзмэрч, зурхайч/

-“Хилэнт эх” хэмээх луу жилийн ерөнхий нуруу шороон үхрийн зурлагаар  сайн гарч байгаа. Жилийн ерөнхий төлөв байдлыг харахад хур бороо сайн, тариа ногоо элбэг, арвин ургац хураах жил байна. Мал сүрэг өснө. Хүн, малын зоо тэнийнэ.  Үүний завсар салхи, шуурга ч бас  нэлээн гарах шинжтэй. Малчид, тариаланчид цаг агаар, газрын байр байдлыг харж, байгаль дэлхийгээ аргадаж, зохицож амьдрах нь чухал. Төр, засгийн байдал тийм ч түвшин биш, савлагаатай байхаар байна. Гэхдээ ард иргэд рүү чиглэсэн бодлого, ээл ивээл нь сайн байх нь. Олон түмний зүгээс үймээн шуугиан гаргах, хэл ам дэгдээх зүйлүүд үе үе гарч болзошгүй. Хүмүүсийн хувьд нялхаст сайн, ахмад настан, өндөр албан тушаалтан, залууст тийм ч сайнгүй байхаар байна. Ногоон луу жил  охид, эмэгтэйчүүдэд ээлтэй, эрчүүд эв найрыг хичээж, эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй. Хамгийн гол нь хүмүүс өөрсдийн явдал мөрийг хичээж, бие хэл, сэтгэл амгалантай байж, үг, үйл бүхнээ цэгцэлж зөв явах аваас аливаа зовлон бага байхыг бодууштай. Тиймээс ямар ч насны хүн эв найрыг хичээж зөв явахыг хичээгээрэй. Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

 

Д.Сайнсайхан: Энэ луу жилд ихэс дээдэс ардыг энэрэн, улс орноо тэтгэнэ

 

/Бусдад Туслахуй Анагаах Ухааны “Манба Дацан” хийдийн зурхайч, Анагаах ухааны магистр/

 

-Жилийн өнгийг зурхайн жаран жилийн үр, шороон үхрийн зурлага, цасан чихрийн амт, жилийн хаан үр гэх мэт олон зүйлээр шинжиж гаргадаг. Үүнээс монголчуудын голлон шинждэг зүйл жаран жилийн үрийн зурхай юм. Дорнын зурхайд 12 жилийг таван махбодоор хувилган 60 жил байх бөгөөд үүнийг “жаран” хэмээн нэрлэдэг. Энэхүү жаран жил нь тус бүрдээ нэртэй бөгөөд тухайн ямар жил болох нь утга учиртай байдаг. Энэ жилийн хувьд “Хилэнт эх” хэмээх модон луу жил гарч байгаа нь зурхайн шүн номлол судар 60 жилийн онцлогоос үзвэл, өлсөж ундаасах зовлон болон мэсний аюулаас сэрэмжлэх учиртай жил гарч байна.Мөн шороон үхрийн зурлагыг тухайн жилийн хамгийн анх хаврын уур орох өдрөөр нь тооцоолж гаргадаг. Хаврын уур нь цагаан сараас өмнө буюу тухайн өнгөрч байгаа жилийнхээ сүүл сард нь ордог. Тэр өдөр нь ямар өдөр таарч байна вэ гэдгийг нь хамааруулаад тухайн жил цаг улирал, нийгмийн байдлыг шинжиж, шороон үхрийн зургийг зурж гаргадаг. Энэ зурлагаар улирлын эхээр салхи шуурга ихтэй, хур бороо элбэг, тариа будаа ургац элбэг сайтай байна. Жилийн нуруу төлөв төвшин ихэс дээдэс ардыг энэрэн, улс орноо тэтгэнэ.

 

З.Санждорж: Хаврын сараа бид найман сайн бүрдсэн өдөр угтана

 

/Монголын бурханы шашинтны шинэ төвийн тэргүүн,  Монголын Их Хүрээ хийдийн хамба, зурхайч/

-XVII жарны “Томо” хэмээх модон луу жил морилон ирж байна. Жил бүр өөр өөрийн гэсэн онцлогтой. Монголчууд эрт дээр үеэс жилийн өнгийг олон янзаар тодорхойлсоор ирсэн. Энэ жилийн хувьд, хаврын тэргүүн сарын шинийн нэгэн луу жилийн луу өдөр тохиож байгаа. Энэ нь найман сайн бүрдсэн өдөр юм. Судар номонд үүнийг сайн үйлс арвижиж, сайн сайхан зүйлсийг дэлгэрүүлэх тухай бичсэн байдаг. Найман сайн өдөр нь өвчин зовлонгүй, нас урт, төгс жаргалтай, эд баялаг эрхэм сайн, нэр алдартай, хувь тавилан сайтай, эдлэл хэрэгсэл төгөлдөр, сайхан бүхэн тохиох ийм утгыг бэлгэддэг. Энэ сайхан өдөр бүгдийг үгийн сайныг хэлвээс ажил төрөл нь сэтгэчилэн бүтнэ. Мөн энэ жил гурван хөх мэнгэ голлож байгаа. Энэ нь хавдар өвчин, боом дэлгэрэх төлөвтэйг илтгэж буй. Энэ жил шороон махбодтой учраас зурхайд буусан үхрийн өнгө нь шар байгаа. Тиймээс газар тариалан эрхлэх, мод тарих, үр тариа тарихад ургац шим арвин. Мөн дөрвөн шийр нь хөх өнгөтэй байгаа нь хаврын саруудад салхи шуургатайг илтгэж буй. Зуны эхэн сар хямралтай, аль ч улирлын эхэнд салхи шуургатайг харуулж байна. Өвөлдөө бага зэрэг илүү сартай байхаар зурхайд бууж байна.

 

Ч.Эрдэнэбаатар: Хилэнт эх хэмээх хөх луу нь хийморь дэгдээсэн сайн жил болно

 

/“Монгол ухаан уламжлан өвлүүлэх төв”-ийн тэргүүн/

-Жил жилийн өнгө зурхайн тайлбар нь өөр өөрийн гэсэн өнгө аястай байдаг. Энэ жил  таван махбодын хувьд хамгийн сайн махбодтой жил гарч байгаа. Хөх луу буюу модон луу жил гэж нэрлэж байна. Хөх гэдэг нь эр луу жил учраас хүмүүний сүлд хийморийг  ихэд тэтгэж чадах увдистай гэж хэлж болно. Тэгээд ч монголчууд дөрвөн хүчтэнд шүтэж тахисаар ирсэн уламжлалтай. Хийморийн сан судрын уншлагад дөрвөн хүчтэн нэрсийг нь дуудаж хийморийг бадрааж дэгдээж байдаг. Нэг үгээр Лууны хүчээр, Гарьдын хүчээр, Барын хүчээр, Арслангийн хүчээр хийморийг бадраая гэж уншдаг. Хөх толбот монголчууд хөх луу жилдээ эрч хүчтэй, эв нэгдэлтэй, байх нь хамгийн чухал юм.

 

Г.Батсуурь: Амуу тариа элбэг, ард олны ажил үйлс дэлгэр жил байна

 

/Монголын бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдийн зурхайч/

-Энэ жил арван долоодугаар жарны 38 дахь жил буюу модон луу жил гарч байна. Хоёрдугаар сарын 10-нд шинийн нэгэн тохиож буй бөгөөд төгс буянт монгол зурхайн ёсоор ийн тоолсон байна.

 “Хилэнт эх” хэмээгч модон луу жилийг шороон үхрийн зурлагаар шинжвэл, үхрийн эвэр, сүүл, чих нь шар, толгой нь ногоон, бие нь шар, дөрвөн туурай нь ногоон өнгөтэй. Амаа ангайж, сүүлээ зүүн тал руугаа шарвасан байдалтай. Шороон үхрийн биеийн өнгөөр тариалан хур бороог шинждэг бол дөрвөн туурайгаар ургац хэр арвин байхыг ерөнхийд нь шинжиж мэддэг аж. Эвэр, сүүл, чихээр нь хаврын гурван сар, тухайн улирлыг шинждэг байна.

Үхэр хариулаач хүүгийн хувьд нэг гутлаа өмсөж, нөгөө гутлаа баруун сугандаа хавчуулсан, мяндсан шилбүүр барьж, яаран гүйж яваа дүртэй. Үхэр хариулаач хүүхэд гүйж яваагаас үзвэл нялхаст ээлтэй, настай хүмүүст тогтуун, залууст машид ширүүн жил байх шинжтэй.

Зурхайн ухаанаар гарч буй жилийн ерөнхий байдлыг шинжвэл улс оронд амгалан тайван, өвс тариа дэлгэрсэн сайн жил ирнэ. Жилийн эхэн хаврын гурван сарын эхээр бага зэрэг салхитай, өндөр газар ай сав голын эхээр өвс ургамал ихтэй. Малчид тариаланчдын хувьд өвс ногоо, сүү сааль арвин жил болох шинжтэй байна. Залуу хөвгүүн яаран гүйж явааг дүрсэлсэн нь залуусын хөдөлмөр дэлгэрсэн жил гарч байгааг илэрхийлж буй. Энэ жил эрэгтэйчүүд их яаруу бөгөөд үүний цаад утга нь хөдөлмөр дэлгэрэх болой. Эмэгтэйчүүдийн хувьд маш тайван ажил үйлс нь бүтэмжтэй байна гэж зурхайн толинд буужээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараг(103.212.117.105) 2024 оны 02 сарын 13

Хоосон номлогчид,

0  |  0
Top