Хойд туйлын төлөөх тулаан: Норвег, Данийн Украинд туслах болсон шалтгаан

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 02 сарын 07

ОХУ Украинд довтолсноос хойш Норвег, Дани хоёр Украины аюулгүй байдлын салбарын гол доноруудын нэг болсон. Норвег агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах “NASAMS” үнэт системийг нийлүүлсэн бол Украинд “F-16” сөнөөгч нийлүүлсэн НАТО-гийн анхны гишүүн орон болж байв. Тус хоёр улс Украинд хэдэн тэрбум ам.доллар олгосон ба цэргийн тусламжийн хэмжээгээр АНУ, Герман, Их Британи, ЕХ-ны дараа тав болон зургаадугаарт жагсаж байна. Оростой ямар ч сөргөлдөөний түүхгүй тус хоёр улс юуны учир Украинд ийм их хэмжээний тусламж үзүүлнэ вэ? Сүүлийн 20 жил улам бүр эрчимжиж буй Хойд туйлын төлөөх тэмцэл энд ямар хамаатай вэ?

 

Осло, Копенхагены Украиныг дэмжих шалтгаан

Дани ч тэр, Норвег ч тэр харьцангуй өргөн уудам нутагтай, хүн ам нь 5-6 сая. Газар нутгийн хэмжээ, хүн амын тоогоор асар том Орос улс өөрөөсөө хамаагүй жижиг Украины эсрэг түрэмгийлэл, цэргийн гэмт хэрэг үйлдэж байгаа нь тэдний хувьд “том гүрнүүд” жижиг орнуудад өөрийн хүсэл, зорилгоо тулгаж байсан тэр цаг үеийг санагдуулдаг.

Үнэндээ асуудал нь Скандинавын орнуудад сүүлийн 80 жил амар тайван оршин тогтнох, дэлхийн хөгжингүй орнуудын эгнээнд багтах боломж олгосон дэлхийн дэг журам нуран унаж байгаад оршиж байна.

Хүм ам цөөн Норвегийн хувьд олон улсын эрх зүй, улсын тусгаар байдлыг хүндэтгэх нь туйлын чухал. Тиймээс Норвег Оросын түрэмгийллийг одоо зогсоох сонирхолтой байгаагийн сацуу хамгийн гол нь тус улсад Украины армид шаардлагатай нөөц бий. Агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах систем, пуужин, их бууны эд анги, зэр зэвсэг нийлүүлэх боломжтойгоос гадна Норвегийн олон зуун сургагч Украины цэргүүдийг сургаж байна. Тус улсын Украинд үзүүлсэн тусламжийн хэмжээ нь ДНБ-ийнх нь 1.6 хувьтай тэнцэж байгаа бол Дани мөн ДНБ-ийнхээ 1.6 хувьд тэнцэх хэмжээний тусламж үзүүлээд байна.

“Eurobarometer” төвөөс явуулсан санал асуулгаар, Данийн иргэдийн 76 хувь нь Украинд тусламж үзүүлэхийг дэмжсэн байна. Даничуудын дотоод ухамсарт дэлхийд ямар нэгэн буруу зүйл болсон л бол бурууг залруулахын тулд ор үндэслэлгүй түрэмгийллийн золиос болсон хохирогчдод туслахыг тулд бүхий л хүчин чармайлтыг гаргана гэсэн ойлголт байдаг байна. Дани Украинд 4.3 тэрбум еврогийн цэргийн, 408 сая еврогийн санхүүгийн тусламж тус тус үзүүлээд байна. Данийн сурагчид мөн Украины цэргүүдийг сургахад идэвхтэй оролцож байна. Данийн Хааны батлан хамгаалах коллежийн цэргийн шинжээч Андерс Пак Нильсений хэлснээр, ийм замаар Дахин өөрийнхөө эрх ашгийг хамгаалж байна.

Хойд туйл дахь сөргөлдөөн

Гэхдээ үүнээс гадна нэг хүчин зүйл бий. Тэр нь Хойд туйл дахь скандинавууд, Оросын хоорондын сөргөлдсөн харилцаа.

Хүйтэн дайны дараа эл бүс нутагт хамтын ажиллагааны уур амьсгал ноёрхож байв. 1996 онд АНУ, Канад, Орос, Финланд, Швед, Норвег, Дани, Исланд зэрэг найман улс туйлын байгаль орчныг хамгаалах, соёлын хамтын ажиллагаа, шинжлэх ухааны судалгааг хөгжүүлэх үүрэг бүхий Арктикийн зөвлөл байгуулсан билээ.

Гэвч 2000-аад оноос эхлэн тус бүс нутаг дахь өрсөлдөөн улам бүр ширүүсэж эхлэв. Хойд туйл дэлхийн дулаарлаас үүдэн дэлхийн улс орнуудын бодлогын төвд орсон. Дэлхийн дулаарлын улмаас мөсөн бүрхүүлийн хэмжээ багассанаар тус бүс нутагт далайн тээвэр хийх, ашигт малтмал олборлох зэрэг эдийн засгийн үйл ажиллагааг эрчимжүүлэх боломж олгож байгаа юм.

Владимир Путины үед Оросын Хой туйл дахь амбиц улам далайцтай болсон. 2010-аад оны үед ОХУ Хойд туйлд нислэгийн зурвас бүхий хэд хэдэн шинэ цэргийн бааз байгуулжээ. Москва Хойд мөсөн далайгаар дамжих Умард тэнгисийн замыг хөгжүүлэхээр төлөвлөж байгаа. Эл зам  нь Европ, Азийн холбосон худалдааны маршрут болох учиртай. Уламжлалт Суэцийн сувгийг бодвол энэхүү чиглэл нь Хятад болон Зүүн Азийн бусад орнуудаас Хойд болон Зүүн Европт хүрэх замыг ихээхэн товчлох юм. Тухайлбал, Шанхайгаас гарсан хөлөг онгоцнууд Суэцийн сувгаар дамжин Нидерландын Роттердам боомтод ирэхийн тулд нийт 20 мянга гаруй км замыг туулдаг бол Умард тэнгисийн замаар нийт 14 мянган км зайг туулах аж. Оросын амбицыг БНХАУ санхүүжүүлж магадгүй. Хятад улс 2018 онд өөрийгөө Хойд туйл орчмын улс хэмээн зарлаж, Хойд мөсөн далайгаар дамжуулан Туйлын торгоны зам байгуулна хэмээн тунхаглаад байгаа. Энэ зорилгоор тус улс мөс зүсэгч хөлөг онгоцнууд худалдан авч эхэлсэн билээ.

Орос Крымийг өөртөө нэгтгэсний дараа Арктикийн зөвлөлийн гишүүн орнуудын хамтын ажиллагаа саарсан ба Орос Украинд довтолсноор энэхүү хамтын ажиллагаа тодорхой хугацаанд царцаад байна. Тухайлбал, эдийн засгийн төслүүд, соёлын харилцаа зэрэг зогссон. Өдгөө хоёр Хойд туйл бий болсон гэж хэлж болно гэж Данийн олон улсын харилцааны хүрээлэнгийн судлаач Лин Александра Мортенсгаард онцолжээ.

Дани улс өөртөө засах эрхтэй Гринландаар дамжуулан Хойд туйлд чухал үүрэг гүйцэтгэдэг. Дани Хойд Туйлд ихээхэн анхаарал хандуулж, уламжлал ёсоор өөрийгөө Умардын болон Хойд туйлын бүс нутгийн нэгэн хэсэг гэж үздэг. Энэ нь Дани, Оросын хооронд эртнээс байсан газар нутгийн маргаан дээр нэрмээс болж байна.

Аль 2014 оны арванхоёрдугаар сард Дани Гринландын хамтаар НҮБ-ын эрх бүхий комисст хандан, Хойд мөсөн далай дахь 895 мянган кв км талбайг эзэмших тухай өргөдөл гаргаж байсан. Өргөдөлд Хойд туйл нь Гринландын эх газрын хошууны үргэлжлэл хэмээн тодорхойлжээ. Даниас гадна Ломоносовын усан доорх нурууг  Орос улс мөн өөрийнх гэж үздэг бол Канад газар доорх нурууг Канадын хошууны үргэлжлэл хэмээн албан ёсоор үздэг. Энэ нь Оросын Украины эсрэг дайн, Хойд туйлд цэргийн дэд бүтэц байгуулах оролдлого нь Копенхагены санааг зовоож буйн бас нэг шалтгаан.

Хүйтэн дайны үед Хойд туйлыг дайсагнасан хоёр лагерийн сөргөлдөөний боломжит талбар гэж үздэг байв. Хүйтэн дайн төгссөний дараа тус бүс нутаг дахь хурцадмал байдал зөөлөрсөн. 2010 онд улс орнууд хилийн бүсийг хүртэл тогтоож, маргаан дагуулсан усан бүсийг тэгш хуваасан.

Гэвч нөхцөл байдал 2014 онд Орос Крымийг өөртөө нэгтгэснээр дахин хурцатсан. Орос Норвегийн бараа бүтээгдэхүүнд хориг тавьсан бол хар жагсаалтад орсон ОХУ-ын шадар сайд Дмитрий Рогозин бүрэн эрхээ ашиглан, 2015 оны дөрөвдүгээр сард Норвегийн Шпицберген бүлэг арлуудад нисдэг тэргээр бууж байсан. Гэсэн хэдий ч 2014 оны үйл явдлаас хойш ч Норвег Хойд туйлын асуудал дээр Оростой хамтран ажиллахаас татгалзаж байгаагүй юм.

2022 оны хоёрдугаар сарыг хүртэл Норвегийн засгийн газар Хойд туйл дахь Оросын цэргийн хүчин чармайлтыг харж байгаа ч заналхийлэл харагдахгүй байна хэмээн мэдэгдэж байв. Харин 2022 оны хоёрдугаар сараас хойш эл байр суурь өөрчлөгдсөн. Норвегийн хувьд эрх зүйн онцгой статустай Шпицберген бүлэг арлууд эмзэг асуудал юм.

1920 оны хэлэлцээрт тус бүлэг арлууд Норвегийн эзэмшилд байна гэж хүлээн зөвшөөрсөн ч онцгой статус олгосон. Хэлэлцээрт оролцогч орнууд тус бүлэг арлууд дээр олборлолт явуулж болох ч цэргийн үйл ажиллагаа явуулахыг хоригложээ. Гэвч хэлэлцээрт оролцогч 40 гаруй орноос зөвхөн Орос л Шпицберген арлуудад нүүрс олборлодог ба гол төлөв оросуудаас бүрдсэн 500 оршин суугчтай Баренцберг тосгон оросын төв болж хувираад байна.

Орос, Норвегийн хооронд шууд мөргөлдөөн гарах аюул бага. Норвег нь НАТО-г үүсгэн байгуулалцсан орнуудын нэг бөгөөд АНУ-тай нягт цэргийн хамтын ажиллагаатай. Норвегийн нутаг дэвсгэрт цэргийн сургуулилт хийх замаар Орост галаар тоглохгүй байхыг сануулдаг. Оросын эрх баригчид зэвсэгт мөргөлдөөн гарвал Норвегийн НАТО-ийн холбоотнуудаас хариу арга хэмжээ ирнэ гэдгийг мэдэж байгаа.

Хойд туйл дахь сөргөлдөөн скандинавуудын хувьд Украины оршин тогтнол, хөгжил нь тэдний өөрсдийнх нь болон  Балтын орнууд эсвэл Польшийн аюулгүй байдлын чухал хэсэг гэдгийг ойлгуулсан. Украин дахь түрэмгийлэл нь бүтэлгүйтсэн үед л Москвагийн анхаарлыг шинээр эзлэн түрэмгийлэх төлөвлөгөөнөөс холдуулна. Харин Украины хувьд энэ нь Арктикийн орнуудтай батлан хамгаалах болон Хойд туйлыг судлах салбарт хамтарч ажиллах ирээдүйг тодорхойлно.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top