Энэ онд Фүкүшима АЦС-аас 54.6 мянган тонн ус далайд хаяна

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 01 сарын 26

Японы “Tokyo Electric Power (TEPCO)” компани 2024 оны санхүүгийн жилд /2024 оны дөрөвдүгээр сарын 1-ээс 2025 оны гуравдугаар сарын 31/ осол гарсан Фүкүшима-1 атомын цахилгаан станцаас 54.6 мянган тонн цэвэршүүлсэн усыг далай руу асгахаар төлөвлөж байна.

Киодо агентлагийн мэдээлснээр, ийм хэмжээний усыг долоо хуваан асгах гэнэ. Тус компани станц дээр байгаа хайлсан цөмийн түлшийг гаргаж авах ажиллагааг 2024 оны аравдугаар сарыг хүртэл хойшлуулжээ. Үүний тулд технологийн шинэ шийдлийг ашиглах гэнэ.

2011 оны гуравдугаар сард болсон сар хүчтэй газар хөдлөлтийн улмаас цүнами үүсэж, Фүкүшима-1 атомын цахилгаан станцын эрчим хүч, хөргүүрийн төхөөрөмжүүдийг ашиглалтаас гаргасан билээ. Үүний улмаас гурван реакторын цөмийн түлш хайлж, их хэмжээний цацраг идэвхт бодис цацагдахад хүргэсэн юм.

Цөмийн түлшийг хөргөхийн тулд ус ашиглаж байгаа ба цацраг идэвхт бодисоор бохирдсон усыг цэвэршүүлэн далайд хаяж байгаа юм.

Өдгөө тус станц дээр 1.34 сая гаруй тонн бохирдсон ус хуримтлагдаад байна. Японы засгийн газар цэвэршүүлсэн усыг бага хэмжээгээр далайд асгах шийдвэр гаргаад байна. Энэ үйл явц нийт 30-40 жил үргэлжилнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top