Хэн байх чинь хамаагүй ээ, хүн л байгаарай

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2024 оны 01 сарын 25

Яг 16 жил өнгөрчээ. Тааралдахгүй юмсан гэж боддог найзтайгаа таарчихлаа. Таагүй дурсамжийг мартаад хатуужиж явсан юмсан, гэтэл нулимс яагаад ийм ойрхон байж вэ.

Тэр өдөр ижий минь бурхан болж, хотын амьдралд хөлөө олж ядсан хүн, хоёр гараас зуурсан хоёр жаахан үрээ хөтлөөд, хагацал амсаагүй халуун цочмог зүрх, яахаа ч мэдэхгүй, учраа ч олохгүй дээр дор гишгэж явсан минь тодорч нэг, бүрэлзэж нэг өнгөрөв, нүдний өмнүүр. Итгэж явсан найз руугаа утасдаж хэлэхэд “30 минутын дараа яваад очлоо” гэсэн юм. 30 минут өнгөрсөн, бүр гурван цаг, гурван хоног, 30 хоног, гурван сар болсон ч утсаа аваагүй, хүлээгээд ирээгүй юм... Харин өчигдөр тааралдчихлаа. Танихгүй зөрөөсэй, битгий эргэж хараасай гэж залбирсан, ашгүй анзаарсангүй өнгөрнө лээ. Зүрх сэтгэл харин зүгээр байж чадсангүй, үгээр хэлэмгүй хөндүүр байна.

Яг үүн шиг бас нэг найз минь анхны номоо гаргахаараа дээжийг нь чамд л авчирч барина гээд явж билээ. Найзыгаа би номоо гаргаасай гэж залбирч, зүүдэлж, зүүдээ хүртэл утсаар ярьж өгч байж билээ. Тэр найз маань хэзээ ч билээ номоо гаргахдаа надад дуулгаа ч үгүй, сүүлд таарахдаа өгөө ч үгүй. Ийм дурсамж хүртэл сэтгэлд хургаад тавгүй байна.

Саяхандаа нэг найз минь машинтай болохоороо цаг наргүй ажилтай муу найзыгаа ядаж ганц удаа ч гэсэн гэрт нь хүргэж өгнө л гэсэн. Найзыгаа машинтай болоосой гэж залбирч явсан юм. Миний найз машинтай болсон байна лээ, харин хүргэж өгөх бүү хэл машиндаа суулгаагүй нь хүртэл бодогдоод гомдол төрөөд горьгүй байна. Сайхан найзууд байна аа гэсээр хэд нь үлдлээ дээ, санаж явна гээд хэд нь мартлаа даа... Хэн байх чинь хамаагүй ээ, хүн л байгаарай та нар минь.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗОЧИН(42.119.201.148) 2024 оны 01 сарын 25

Хүн бол хүн бай гэдэг энэ нэг новшийн үг номын төдий хэллэг алга болоосой. Яг нарийндаа хүн гэж хэн болохыг ухаарч ойлгоогүй хүмүүс энэ үгийг хэлэх хэрэглэх дуртай...

0  |  0
Top