Дэлбэрэлтээс үүдэлтэй байж болох эрүүл мэндийн зөвлөмжийг 119 дугаараар өгнө

2024 оны 01 сарын 24

БЗД-ийн 26 дугаар хороонд газ тээвэрлэж явсан автомашин дэлбэрсэнтэй холбоотойгоор ЭМЯ-ны зүгээс орчны агаарын шинжилгээг хийж, урьдчилсан дүгнэлт гаргасан талаар мэдээлэл өглөө.

(2024.01.24)


Эхний эрсдэлийн үнэлгээ түргэвчилсэн үнэлгээгээр "эрсдэл дунд" гэж гарчээ.

Дэлбэрэлт болсон газраас 50м-ийн зайд буюу Их Монгол хороолол, дэлбэрсэн савнаас 10м-ийн зайд зүүн, баруун, хойд гэсэн дөрвөн зүгт нь шинжилгээ авч үзэхэд дэлбэрсэн бодис тодорхойлогдохгүйгээр агаарт сарнисан байна гэсэн эхний дүгнэлт гарсан байна.

Ачиж явсан химийн бодис нь шингэрүүлсэн шатдаг хий буюу "Пропан" гэдэг бодис байсан. Энэ нь агаараас хөнгөн нэгдэл учраас агаарт маш түргэн хугацаанд замхарсан гэсэн мэдээллийг өглөө.

"Иргэд агаарт бодисын үлдэгдэл байгаад эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх вий гэдэг болгоомжлол байгаа байх. Үүнд иргэд харьцангуй тайван байж болно. Хамгийн гол нь гэнэтийн үйл явдал болсон учраас иргэд цочролд орох, сэтгэцийн эрүүл мэндэд асуудлууд үүсдэг. Тиймээс ЭМЯ-ны зүгээс НЭМҮТ дээр 119 дугаарын утас ажиллуулж, эмчийн зөвлөгөө өгч байна. Тиймээс тухайн бүсэд ойр амьдарч байгаа иргэд болон тухайн байрны хүмүүс эрүүл мэндийн ямар нэгэн зовиур илэрч байвал 119 дугаар руу залгаж, зөвлөгөө мэдээлэл авах боломжтой.

Дээр нь дэлбэрэлт болсон орчны газрыг цэвэрлэх, үүссэн бохирдлыг саармагжуулах чиглэлээр холбогдох байгууллагууд ажиллаж байна. Өнөөдөр ямар нэгэн химийн бодисын үлдэгдэл зам дээр байвал натри хлороор саармагжуулах ажил хийгдэж байна.

Шаталт болсон байрны ойр орчмын айлууд аль болох цонхоо онгойлгохгүй байх тал дээр анхаарах шаардлагатай." гэлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top