Улсын харцага Д.Батболдын нэрэмжит барилдаанд Улсын арслан Р.Пүрэвдагва түрүүллээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2024 оны 05 сарын 05

"Их Богд” дэвжээний 20 жилийн ойд зориулсан, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, Монголын Үндэсний Бөхийн холбооны тэргүүлэгч гишүүн, улсын ахлах цэц, улсын харцага Даш-Очирын Батболдын нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаанд Архангай аймгийн Булган сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Алтан Дорнод Монгол” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын арслан Рэнцэнбямбын Пүрэвдагва түрүүлж, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, "Хүч" спорт хороо, “Мөнхийн үсэг” групп, “Нэгдэл” клуб, “Их богд” дэвжээний бөх, үнэн зоригт улсын харцага Нацагсүрэнгийн Золбоо үзүүрлэв. 

Дөрөвт Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Заамар Өгөөмөр Хайрхан” ХХК, “Дорнын Өртөө” ХХК, “Дүнжингарав” дэвжээний бөх, улсын начин Д.Хүдэрбулга, Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Эвт Чулуу” ХХК, “Бадрах Өглөө” ХХК, “Нэгдэл” клуб, “Жавхлант” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр нар шалгарлаа.  

Наймд улсын харцага Л.Лха-Очир, улсын өсөх идэр начин Э.Даш, улсын начин Ө.Батзул, цэргийн арслан Г.Жамбалдорж нар үлдэв.  

Нэрэмжит барилдаанаа зохион байгуулж буй улсын харцага Д.Батболдод МҮБХ болон жаяг дэгийн багийнхан, шавь нар, нутгийн зөвлөл, бөхчүүд, ахан дүүс, найз нөхөд тэргүүтэй олон хүмүүс хүндэтгэл үзүүлж байлаа. Мөн харцага өөрийн аав ээж болон, багш нар, бусад хүндэт хүмүүстээ хүндэтгэл үзүүлсэн юм. 

Дараагийн барилдаан ирэх долоо хоног буюу тавдугаар сарын 10-нд 13:00 цагаас Увс аймгийн Тэс сумын түүхт 100 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан, 11-нд 13:00 цагаас “Алтанжолоо” группийн нэрэмжит Улсын арслан цолны хүндэтгэл улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн уламжлалт барилдаан, 12-нд 13:00 цагаас Булган аймгийн Дашинчилэн сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, тус сумын харьяат, Монгол Улсын гавьяат тамирчин, улсын заан Дэндэвийн Амгаагийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаанаар тус тус үргэлжилнэ. 

Эх сурвалж: МҮБХ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top