ОЛОН ӨНГӨ | Муурыг хайрла...

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2024 оны 01 сарын 17

Өнгөрсөн баасан гарагийн өглөө ажилдаа явахдаа орон сууцны үүдээр гартал нэг залуу машинаа халааж буй бололтой хаазлан хачин муухай чарлуулж, хар утаа саагиулж байхтай таарав. Цааш өнгөртөл машины дуу ч биш юм аа. Машин хаазлах бүрт муур миавлан чарлах аж.

Эргэж очоод цонхыг нь тогшлоо. “Дүү, чиний машины мотор дор юм уу, дугуйны чинь завсарт муур орчихсон бололтой. Дулаацах гээд орчихдог юм гэж сонссон, хөөрхий. Миавлаад байна, гаргаад ядаж гараашид ч юм уу оруулж үлдээгээрэй” гэтэл “Яадаг муу .... заавал миний машин дор ордог нь юу вэ, алаад хаячихъя л даа” хэмээн үсрэн буух нь тэр. Айх ч шиг, уур ч хүрэх шиг. “Тэг л дээ, чи. Тэр чинь үстэй л болохоос чиний хүүхдээс ялгаагүй амьтны үр зулзага. Хараажаар чи гурван хүүхдийн аав байна даг. Амьтан ална гээд араатнаас дор чарлаж байдаг, муухай монгол хүн бэ. Муу нь чамд тусахгүй ч үр хүүхэд чинь үүрдэг юм гэнэ лээ шүү” гэтэл “Та намайг хараагаад байна уу, муу амтай хүн бэ” гэнэ.

“Харваас чи миний хүүтэй чацуу бололтой, тэгэхээр чи гурван хүүхэдтэй л байж таарна” хэмээн толхилцох зуур машин дороос өнөөх муур ч гараад ирлээ. Өмөөрч байгаа над руу биш өшиглөх гэж байгаа залуу руу гүйж очоод хөлд нь наалдчихдаг байгаа. Ууртай залуу муурыг өшиглөсөнгүй, догшрон гялалзаж байсан нүд нь ч зөөлрөөд явчихав. Хэрхэхийг өөрт нь үлдээгээд би цааш замаа хөөлөө.

Муур мэдрэмжтэй амьтан юм гэнэ лээ, эзнээ олсон байх. Харин би бухимдаж цухалдаж байгаад бээлийгээ гээснээ анзаарсангүй. Муур дулаан байранд тухалсан бол миний гар даарах ч яамай л байна. Ингэхэд гөлөг, нохойг учиргүй өхөөрддөг хэрнээ мууранд муухай зан гаргадгаа болиорой та нар.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.182.125) 2024 оны 01 сарын 18

Ёстой хөөрхөн амьтан шүү дээ. Ухаантай айхтар.

0  |  0
Zochin(66.181.161.148) 2024 оны 01 сарын 18

Muur huurhun uhaantai amitan.hairlaj chaddgyimaa gehnee bitgii ad yzej muuhai haritsaarai!hynd hyyhded eeltei ,nuutslag sonin bas uhuurdmuur shyy

1  |  0
зочин(66.181.181.223) 2024 оны 01 сарын 18

Бүх амьтдаас хамгийн их шид агуулсан ганц амьтан гэсэн. Эртний египет эд нарт муурыг бүр албан ёсоор шүтдэг бсн гэсэн. Сүнс, чөтгөр тийрэнг ганц дийлж хөөж явуулдаг амьтан

1  |  0
Top