Я.Булган: Өвөөгийн минь бахархал монгол хүн байсан

2023 оны 12 сарын 28

Төрийн шагналт, Ардын зураач Ү.Ядамсүрэнгийн нэрэмжит Дүрслэх урлаг, дизайны “Анима” сургуулийн үүсгэн байгуулагч, МУЭ-ийн нэрэмжит шагналт, зураач  Ядамсүрэнгийн Булганыг “Өглөөний зочин”-оор урилаа.


-“Анима” сургууль байгуулагдаад олон жил болжээ. Ямар нэгэн зорилго тавьж сургуулиа байгуулсан байх. Гандангийн дэнж дээр байрлалаа сонгосон нь ч бас нэгэн утгыг агуулсан шиг санагдана?

-Анх ийм тийм хүүхэд авна гэсэн зорилго тавиагүй, зүгээр л урлагт авьяастай хүүхдүүдийг л авъя гэж байсан. Намайг бага байхад өвөө маань, Ганданг хачин олон дархчуудтай гар урлалын газар болгох юмсан гэж их ярьдаг байлаа. Тийм учраас би бодон бодон албаар энд газар авсан.  Надад эндхийн орчин их таалагддаг.  Гандантай ойр, дээрээс нь гэр хороолол болохоор сонин байдаг. Хүүхдүүд цонхоор хараад л этюд хийнэ шүү дээ. Зарим хүн гэр хороолол дунд гээд дурамжхан байдаг ч энд зурах юм үнэхээр ихтэй. Эхлээд бид өөрийн гэсэн байргүй байсан болохоор подвал, түрээсийн байр гээд яваагүй газар байхгүй. Манай нөхөр эмч хүн, бас Японы бие хамгаалах урлагийн Айкидогийн тэргүүнээр ажиллаж, багшилдаг. Тэр шугамаар ирсэн швейцариуд манай хүүхдүүдийн зургийг үзэж сонирхоод “Анима “сургуулийн маань суурийг цутгаж өгч тусалсан юм.  Бусад ажлыг бид өөрсдийн хүчээр, оюутнуудтайгаа хамтран хийж, сургуулийн байраа барьж босгосон. Түүнээс хойш үнэхээр олон жил өнгөрчээ. 

-Зураачид өөрсдийгөө миний зураг ийм урсгалд хамаардаг, эсвэл хүмүүс намайг  тийм урсгал чиглэлтэй зурдаг гэж  хэлдэг гэж ярьдаг. Таны хувьд?

-Орчин үед зураачид бүх чиглэлээр л зурж байгаа шиг санагддаг. Миний хувьд  ерөнхийдөө  бэлгэдлийн чиглэл зонхилдог. Сүүлийн үед экспресс чиглэлээр хөрөг голдуу  зурж байна. Нэг хэсэг бодит зураг зурж байснаа больсон. Гэхдээ яагаад ч юм абстракт руу ордоггүй.

-Таныг илэрхийлэх онцгой өнгө байдаг уу?

-Одоо анзаараад байхад, эхэн үед би хүрэн улаан цусны өнгө их хэрэглэж байсан юм байна гэж боддог. 22 наснаас л үр хөврөлийн сэдэв рүү орсон. Хоёрдугаарт, надад нэг сонин юм нөлөөлсөн. Намайг бүр бага байхын өвөө маань сүнсний тухай их ярьдаг байв. Тэр үеэс л үхлийн дараа юу байдаг бол гэдгийг сонирхдог болсон. Дараа нь өөрөө Репиний академид урлаг судлалын ангид сурч байхдаа Бардын ном их уншдаг, түүнээс үүдэн Бардын ертөнц гэж юу юм, хүн бий болно гэдэг ямар гайхамшигтай тухай  сонирхож байв. Сүүлдээ өөрөө хүүхэд тээж байхдаа  түүнийгээ их сонсож, чагнадаг байлаа. Үр хөврөлийн сэдвээр нэлээн их зурсан шүү. Тэр үедээ намайг улаан ягаан нэг тийм махны өнгө түлхүү хэрэглэж байсан гэж хүмүүс хэлдэг байсан.

Дараа нь хувираад улбар шар болж явснаа чонон хүүхдүүд сэдэв рүү орохдоо өнгө нь барайсан. Надад нэг сэтгүүлч, чи Гойя болчихсон байна гэж хэлсэн юм. Тэгэхэд би, Гойя чинь шал өөр юм зурдаг, би хүүхэд зурдаг, яахаараа би тийм болчихдог билээ гэж бодож байсан. Гэтэл сүүлд бодоод байтал, Гойя хоёр гуравхан өнгөөр нийгмийн эмзэг асуудлыг гаргаж   зурдаг байсан. Намайг бас нийгмийн эмзэг сэдвийг хөндөөд байгаа болохоор түүнтэй зүйрлэж хэлсэн юм болов уу гэж бодогдсон. Эмзэг бүлгийн хүүхдийн асуудал намайг эмзэглүүлдэг ганц сэдэв болоод байна. Надад хүүхдийн асуудал маш чухал байдаг.

Ямар сайндаа үзэсгэлэн дээр энэ тухай шүлэглэж бичээд, орилмоор байна, хашгирмаар байна гэж хэлж байхав. Ийм хэцүү байдалтай хүүхдүүдээс ургуулан “Бохир даавууны эзэд”, “Чонон хүүхдүүд” гээд хүн ч юм уу, нохой ч юм уу алин болох нь мэдэгдэхгүй болсон хүүхдүүдийн тухай маш олон сэдэв гарч ирсэн. Харин би сүүлийн үед Сүйрлийн тухай сэдэв рүү орчихоод байна. Яагаад ч юм хүн төрөлхтөн мухардалд ирчихсэн юм шиг санагддаг. Библид гардаг сүйрлийн тухай номлол надад нэг их сонин биш. Гэхдээ би тэнд худлаа юм биччихсэн гэж хэлж чадахгүй. Сүйрлийн тухай сэдэв намайг бас олон жил зовоосон боловч үүнийг хүүхэдтэй холбоно гэж хэзээ ч бодож байгаагүй. Илэрхийлэл нь мөн л хүүхэд болчихоод байна. 

-Сүйрэл гэдэг ухагдахуун таныхаар яаж тусаж байна?

-Бүх л төрлийн сүйрэл багтаж байна. Хүний оюун ухаан, гараар юу л сүйрч байна, тэр бүх сүйрлийн тухай сэдэв юм. Нүдний өмнө хувирч, өөрчлөгдөж байгаа байгаль экологийн сүйрэл ч миний хувьд хэцүү санагдаж байна. Нөгөө талаар би өөрийгөө тайвшруулаад, энэ бол жам гээд сууж байж болно. Гэтэл би зураач учраас энэ сэдвийг ямар нэг байдлаар илэрхийлэхээс өөр арга байхгүй. Энэ шаналал надад хүүхдүүдийн дүрээр ирдэг. Өнгөний хувьд, хүрэн улаандуу оохор, цагаан өнгөнд орчихсон байна билээ. Одоо хийгдэж байгаа шинэ ажлууд маань хүрэн, улаан, хар өнгө ихтэй болчихсон байна гэсэн. Би өнгө будгаа гаднаас хянаж чадахгүй, ерөнхийдөө л нэг ийм өнгөтэй болчихоод байгаа. Зурагны санаа өөрөө  өнгөө олж өгдөг шүү дээ. Жишээ нь, би траншейны хүүхдийг гөлийсөн гял цал юм  хийж чадахгүй, тэгвэл худлаа болно. Эсвэл би үнэхээр зовж байгаа хүүхдүүдийн царай, сэтгэл доторхыг мэдсээр байж  худлаа хөөрхөн зураад хэрэггүй. Тэгэх юм бол өөрөө өөрийгөө хуурсан болчих гээд байгаа юм. Инээдэг хүүхэд надад байдаггүй, дандаа унтарсан, муу санаа сууж өвгөрчихсөн, эмгэрчихсэн хүүхдүүд байдаг. Миний үзүүлж харуулаад байгаа сэдэв хүмүүст янз янзаар л тусдаг байх. Зарим нь айж байхад, зарим нь дэмжиж байх жишээтэй. Энэ нь надад ерөнхийдөө хамаагүй л дээ, би зураач хүний  хувьд хийдэг юмаа л хийж байна. Хамгийн гол нь би өөрөө өөртөө үнэнч байж л тайван явах учиртай.

-“Чонон хүүхдүүд” сэдвийн дор нэг багц бүтээл байгаа гэж ойлгох уу?

-Тэгж хэлж болно. Гэхдээ бүтээлийн эхлэл, төгсгөл нь юм. “Чонон хүүхдүүд” дотор маш олон санаа, сэдэв багтдаг боловч “Чонон хүүхдүүд” миний гол санааг илэрхийлсэн зураг болсон. Яагаад “Чонон хүүхдүүд” гэдэг нэр өгсөн гэхээр, эхлээд би нэр хайгаад бүр олдохгүй болохоор нь нэг хэсэг хаячихсан юм. Би багаасаа Индианы урлаг сонирхож, нэг хэсэг бүр “солиорчихсон” байлаа. Одоо ч миний хүүхдүүд индиан бүжиг бүжиглэж, оюутнууд маань индиан бүжгийг бөөтэй нь дэглэдэг юм. Миний хувьд индианчуудын юунд нь татагдаад байсан гэхээр, онгон байгальд омгоороо амьдардаг хүмүүсийн байдал. Би багаасаа л романтик тал руугаа хүн байсан. Арван тав зургаахан настай байхдаа л би этюдникээ үүрээд уул хадаар ганцаараа тэнэж явдаг байлаа. Индианчуудын амьдардаг онгон зэрлэг байгаль, эрх чөлөө, өөрийн гэсэн өнгө аяс нь намайг ингэхэд хүргэсэн байх л даа.

“Чонон хүүхдүүд” зурагтаа траншейд амьдардаг хүүхдүүдийн “Бид өөрсдийнхөө эрх чөлөөнд хүрнэ” гэсэн санааг харц доошоо, заналтай дүрээр гаргасан. Зангидчихсан хоёр гараар бууж өгөхгүй гэснийг илэрхийлсэн. Индианчуудын бэлгэдэлд  бас зөрүүлсэн гар байдаг. Тэр гараараа бүх зүйлийг нуух гэсэн санаа бий. Мөн “Яс” гэсэн цуврал зурсан. Зарим нь гартаа яс барьсан ч байгаа. Үүгээр би маш олон санааг бодсон. Яс бол хүний суурь нь болж өгдөг. Ясгүй бол мах тогтоно гэж үгүй. Яс гэдэг үг монгол хүний хувьд ч юуг илэрхийлдэг билээ. Яс сайтай хүн гэх мэт. Нөгөө талаар омгийнхоо эрх чөлөөг илэрхийлж, хүний хүү байснаас чонын бэлтрэг байсан нь дээр гэсэн санааг гаргасан. Байгальд чоно хүний хүүг өсгөчихөж байхад хүн өөрийнхөө хүүхдийг хогийн саванд хаячихаж байна.  Энэ бүх санааг оруулаад  ерөнхийд нь “Чонон хүүхдүүд” гэж нэрлэсэн. Чонон хүүхдүүд нэг талаас байгальтайгаа ойр, хүйн холбоотой, нөгөө талаас энэ нийгэмд хэрэггүй болчихсон чонын хүүхдүүд гэсэн санаа байгаа юм.    

-Нэг охины хөрөг байдаг. Тэр өөрийн тань охин уу?

-Миний охины хөрөг биш л дээ. Тэр охинтой гудамжинд таараад яриа өрнүүлсэн юм. Охины хөл гэмтсэн байсан. Хөлөө боочихсон, юм налаад сууж байв. Охин надаас, та гадаад хүн үү, монгол уу гээд янз бүрийн юм асууж байсан. Тэр бяцхан охины дүр миний сэтгэлд үлдэж хоцорсон байлаа. Гэтэл хожим төрсөн охин минь гудамжинд таарч байсан тэр охинтой их төстэй байсан. Яагаад ч юм их сонин, олон жилийн өмнө хийж байсан миний таталбарууд Арияна охинтой минь их адилхан байдаг. Ариянагийн дүр өөрөө чонон хүүхдийн дүр учраас миний натур болдог юм. Олон жилийн өмнө хийж байсан дүр яагаад ингэж давхцаж байгаа гэхээр, урлагт ойлгомжгүй зүйл бас байдаг. Нэг тийм давтамж байдаг шиг санагддаг юм. Анх би том охиноо тээж байхад ямар хүүхэд гарахыг нь мэдэхгүй л байсан. Гэтэл тэр үед зурж байсан зурагтай минь адилхан хүүхэд төрсөн. Тэгэхээр зураг гэдэг хүний сэтгэл, бие махбодтой холбоотой байдаг нь үнэн юм билээ.

-Зураач өвөөгийн дэргэд өссөн хүүхэд болохоор мэдээ орсон цагаасаа л зурж эхэлсэн байх. Гэхдээ уран бүтээлчийн боловсролыг хаанаас олов?

-Би 1982-1986 онд ДУДуС төгссөн. Дараа нь 1987-1991 онд И.Е.Репиний нэрэмжит уран зургийн академид суралцсан. Хэдийгээр би урлаг судлалын ангид сурч байсан ч зургаа хаяагүй. Урлаг судлалын сургалт ч надад чухал байсан. Онцолж хэлэхэд, сургуульд болон амьдралд тааралдсан багш нар маань дандаа мундаг хүмүүс байлаа. Хувь тавиландаа баярлахаас өөр аргагүй. Хойно сурч байхад Смирнов гэж гүн ухааны багш байсан. Судлаач, сэтгэл зүйч тэр хүний ачаар маш их зүйлийг задлан шинжилж сурсан. Дараа нь таарсан иогийн багш ч үнэхээр амар амгаланг олсон хүн байлаа. Тэр хүнээр иогийн хичээл заалгаж, адгийн наад зах нь махнаас гарлаа шүү дээ. Цагаан хоолтон болох гэсэндээ ч биш, зүгээр махан хоол хүнд байдаг болохоор л тийм шийдэлд хүрсэн юм. Би өөрөө их хөдөлгөөнтэй хүн, хөдөлгөөн дунд амьдарч байж л өөрийгөө мэдэрдэг. Зураач хүн чөлөөт орон зайг эзэлж амьдарч байдаг болохоор зарим зүйл золиослогддог тал бий. Тэрийг ойлгоод дэмжээд явна гэдэг бол ханийн маань хувьд том зориг л доо. Хүн амьдралын замаа зөв олж чадвал бүх талаараа заавал шат ахина гэж би боддог.

-Таны өвөө Ардын зураач Ү.Ядамсүрэн, уран хатгамалч эмээ Люня нар олонд танигдсан хүмүүс. Тэдний тухай сайхан дурсамжийг та л ярьж чадах байх.

-Дурсамж олон байна. Ялангуяа, хөгшин ээжийгээ их санах юм. Би өвөөгийнхөө дэргэд 20, эмээгийнхээ хажууд 40 жил байсан гэж бодохоор миний хүүхэд нас, залуу нас тэр хоёртой л хамт өнгөрсөн. Тэр гоё орчинг яаж бүрдүүлж өгдөг байсан юм бол гэж би өвөөгөө одоо болтол гайхдаг юм. Ихэнх эцэг, эх хүүхдээ хичээлээ давт, даалгавраа хий гэж хэлдэг. Би ч хүүхдүүддээ тэгж хэлдэг. Гэтэл өвөө маань хэзээ ч тэгж хэлж байгаагүй. Харин “Миний хүү, ялаа дуусгаад ирэв үү, одоо унтаж амар” гэдэг байсан. Сүүлд ойлгож байхад, өнөөдрийн хичээл ном өвөөгийн хувьд тийм агуу зүйл биш, харин албан хүчээр өнгөрүүлж байгаа ял мэт харагддаг байжээ. Тэгж харах санааны нь цаана нийгэм маань хаашаа явж байна, жинхэнэ боловсрол гэж юу юм гэсэн ухагдахуун нуугдаж байсан юм билээ.

Бидэнд хөгшин ээжийн нөлөө маш их байсан. Орой болгон үлгэр домог ярьж өгнө, өөрөө гэр орноо цэвэрлэж, хоол ундаа хийнэ, биднийг тийм ажилд ердөө хүргэдэггүй, би хорьтой гэхэд шал угааж үзээгүй л байлаа. Энэ нь биднийг эрхлүүлж байсандаа биш, бүх зүйлийг өөрөө гардаж хийх дуртай, хатуу зарчимтай  байснаас тэр юм. Орой нь  хөгшин ээж зээгт наамлаа оёно. Тэгж суухдаа өвөө, эмээ хоёр маш сайхан үлгэр, түүх зөндөө ярина. Өвөө голдуу буддын шашны түүх, эмээ болохоор Виктор Гюго, Шарль Перро гэх мэт дэлхийн сонгодог зохиолчдын ном, үлгэрээс ярьдаг байлаа. Түүнийг нь сонссон надад, ямар гоё юм бэ, ингэж бас амьдардаг юм аа гэх бодол өөрийн эрхгүй төрдөг байсан. Миний өссөн орчин дандаа амгалан тайван, ямар ч бухимдалгүй хэзээ мөнхөд ийм байх юм шиг л төсөөлөгддөг байв. Ерөнхийдөө эмээ маань сэтгэлийн хөдөлгөөнтэй, хатуудуу хүн байсан, харин өвөө үргэлж тэр зангий нь зөөллөж, аргадаж байдаг сан. Өвөөд зургийн урлан гэж байгаагүй, сандал дээрээ завилж суугаад л зурдаг байсан. Хүнийг урмын үгээр дэмждэг, орой бүр ач, зээ нарынхаа толгойг зөөлөн илбэж, үнэтэй үг сургаал хэлдэг байсан өвөөгийн минь эелдэг зан чанар одоо ч үгүйлэгдсэн хэвээр байдаг. Шинэ жилийг би хөгшин ээжээрээ л төсөөлдөг. Шинэ жилийн орой ах дүүгээрээ цуглаад хөгшин ээжийнхээ бэлтгэсэн идээ ундааг идэх шиг сайхан мэдрэмж өөр байхгүй. Одоо ажиглаад байхад өвөө, эмээ хоёр шиг хүүхдийг тоож, тэднийг хүндэлж, үнэт цаг заваа зориулдаг хүн ховордож дээ.

-Уран бүтээлч, урлаг судлаач зээ охиных нь хувьд өвөөгийн тань зураг урлал ямар онцлогтой байсан гэж бодож байна вэ?

-Өвөө маань үндэсний урлаг, ялангуяа, угсаатны зүйн урлагийг  сэргээх тал дээр маш их юм хийсэн. Гаргасан альбомууд нь дандаа л устаж үгүй болж байгаа эд зүйлсийг сэргээх зорилготой байсан. Энэ бүхнийг дүгнэж, өвөөгийн ярьж хэлж байсныг эргэн санахад, өвөө маань монгол хүнээр маш их бахархдаг байжээ. Өвөөгийн хувьд, хаана гоё сайхан хүн байна, тэр нь монгол хүн, хаана бахархмаар баян хүн байна, тэр нь монгол хүн, хаана хүчирхэг нүүдэлчин овог байна, тэр нь монголчууд байлаа. Эдийн дээдийг эдэлж хэрэглэж, гоё явсан монгол хүний жишээ бол миний өвөө боловч түүгээрээ гайхуулж, бардамнасандаа биш зүгээр л талын монгол хүний тос даасан нүнжгийг харуулж явсан болов уу. Өвөөгийн зурсан “Өвгөн хуурч”  хуруундаа бөгжтэй байдаг. Яагаад бөгжтэй байгаа юм бол гэж бодоод байхад, энэ бол зүгээр нэг эдийн баян биш, талын нүүдэлчин монгол хүн бүх юмаараа элбэг дэлбэг байсан гэсэн санааг гаргасан байх. Монголчууд ийнхүү ямар ч ард түмний эдлээгүйг эдэлж, элбэг хангалуун байсан төдийгүй оюуны өндөр чадавхтай хүмүүс байсан. Өнөөдөр зарим нэг хүн монголчуудад юу байсан юм гэж ярьж байна. Тэр хүмүүс буруу л ярьж байх шиг санагдах юм. Байсан  болоод л газар нутаг нь, эд баялаг нь үлдэж хоцорсон. Харин одоо л үгүй болоод байна. Миний хийж байгаа “Сүйрэл” үзэсгэлэнгийн бүтээлд зөвхөн Монгол гэлтгүй Африк ч хамааралтай. Хүн өөрөө их түргэн хугацаанд бүх зүйлийг үгүй болгож байна шүү дээ.

Монголоороо бахархдаг өвөөгийн үзэл эмээг маань ч нэвчүүлж чадсан юм. Эмээ бол цэвэр орос цустай, магадгүй еврей ч хольцтой гэж би боддог. Түүний  хөмсөг, хамрыг харахад цэвэр орос бас биш. Тийм хүнийг уусгаад монгол болгож чадсан. Гэхдээ хэзээ ч хүчлээгүй. Эмээ маань өөд болтлоо дээлнээс салаагүй. Шар тосоор зуурсан Гандангийнхаас ч амттай монгол боорцог хийнэ. Тэр бүрий монгол хүн оёод байдаггүй зээгт наамлыг насаараа хийсэн хүн. Монголоороо бахархах сэтгэлийг эмээд төдийгүй бидэнд ч бас шингээсэн. Бид хэчнээн европ школоор явсан ч Монголоо гэсэн юм байж л байдаг. Гэтэл өнөөдөр өвөөгийн маань цаг үргэлж ярьж, биеэрээ үлгэрлэж байсан монгол бахархлын тухай ярихаа больжээ. Шавь нараас нь ч цөөхөн үлдсэн байна. Байгаа нэг нь төдийлөн дурсаад байх нь ховор юм. 2010 оны 11-р сард өвөөгийн мэндэлсний 105 жилийн ой болно. Энэ үеэр нэлээн том үзэсгэлэн гаргаж, хэвлэлийн бага хурал хийхээр төлөвлөж байгаа. Мөн өвөөгийн зурсан “Ноёдын зэрэг дэвийн хувцас” альбомыг нь гаргах бодолтой байна. 

-Уран бүтээлч, сурган хүмүүжүүлэгч багшийн тань хувьд хамгийн их сэтгэл зовоосон ямар асуудал байна вэ?

-Хамгийн эмзэг асуудал бол хүн, байгалийн холбоо, шүтэлцээ тасарсан явдал. Энэ холбоо тасрахаар хүн хүн биш, амьтан амьтан биш болдог. Хүний шунал ихдэж, нийгмийн муу муухай дагавар үүнээс үүддэг гэж би хувьдаа боддог. Хүний сэтгэл хамгийн түрүүнд хомсдож эхлээд хүн хүнээ үзэн ядах, гадуурхах, зиндаархах байдал бий болно. Нийгмээ авч үзэхэд, жишээ нь, хүүхдээс эхлэе л дээ. Миний эмзэглэж явдаг зүйл бол хүүхэд. Хүүхэд ямар хүн болох нь түүний ямар орчинд өсөж торних, юу сурч мэдэх, тэр бүү хэл хэний гэдсэнд бойжихоос хүртэл шалтгаална шүү дээ. Гэтэл ариухан тэр хүүхдийн суурь ямар байгаа билээ.

Сохор азаар зарим нэг нь зөв хүмүүстэй таараад зөв замаар явж магадгүй л дээ. Гэхдээ л олон хүүхэд  өсч бойжих орчноосоо хамаараад өвөөгийн маань ярьдаг байсан мунхаг замаар явж байна. Чи өнөөдөр траншейд байна уу, эсвэл хауст суугаад хаммер унаад явж байна уу, энэ хамаагүй, яг нэг л зиндааных гэсэн үг. Яагаад гэвэл, “Хаммер” унаад баярхаад явж байгаа хүмүүсийн дунд тэр мунхаг нь бас явж л байгаа шүү дээ. Тэр хүүхэд өнөөдөр гоё үлгэр сонсож чадахгүй, гоё орчинд байгалийг мэдэрч чадахгүй зүгээр л мөнгө гэсэн юмаар  толгойгоо угаалгаад л явж байгаа. Тийм учраас бүх үр дагавар эндээс гардаг гэж би боддог. Хорин хэдэн онд хэлмэгдүүлэлт болоогүй байсан бол ямар сайхан угсаа гарал үргэлжлэх байсан бол гэж би бас боддог юм. Энэ сайхан холбоог таслаад юуг ч хайрлахгүй, юуг ч шүтэхгүй болчихсон байна. Юм шүтэхгүй явна гэдэг бол маш их мунхаг явдал. Заавал бурхан шашиндаа биш, зүгээр юмыг хайрлаж шүтэж явах ёстой юм. Юунд ч итгэхгүй, юу ч хамаагүй гэсэн хүмүүс л аймаар юм хийдэг.

-Жишээ нь, та юу бодож, шүтэж явдаг юм бол?

-Надад бурхан гэж хэлэхэд хэцүү, нэг тийм өөрийн гэсэн мэдрэмж байдаг. Тэр мэдрэмж намайг үргэлж инээлгээд эсвэл айлгаад байдаггүй, гэхдээ байнга надад тусалж байдаг юм. Европчууд ангел буюу сахиусан тэнгэр гэж хэлдэг. Гэхдээ би өөрийн мэдрэмжээ ангел гэж хэлж чадахгүй. Цаанаасаа л намайг харж үзээд байх шиг санагддаг. Би эцэг, эхийгээ шүтдэг гэж хэлж чадахгүй. Шүтнэ гэдэг бол нэлээн том асуудал. Харин би хайрлана гэж хэлж чадна. Гэхдээ амьдралын хоорондын холбоо уялдааг нарийн харж мэдэх л чухал. Өглөө тэнгэрт цацал өргөөд зогсож байх асуудал надаас хэзээ ч гарахгүй. Гэхдээ хэрэгтэй үед би буддын мааниа ч хэлж, христийн тарни ч уншина, ой модонд явж байхдаа савдгууд байдаг гэдэгт итгээд хүслээ хэлж  гуйх жишээтэй. Би бол хүн, байгалийн нандин шүтэлцээ байдаг гэдэгт л итгэдэг. Би тайвшрал, гоё энергийг түүнээс л авахыг боддог. Бурхан гэдэг нэлээн хийсвэр ойлголт л доо. Ертөнцөд байгаа нэг том оюун ухаан гэж ойлгодог. Үүнийг хоосон чанар гэж болно. Яагаад хоосон, тэгээд чанар гэсэн нь сонин. Тэгэхээр тийм том юм байдаг гэж бодоод итгээд л явдаг. Юу байдгийг төсөөлөхийг боддоггүй. Зөвхөн байдаг, байх ёстой л гэж боддог.

-Сэтгэлийн тань мухарт санаа үлдсэн бол зай үлдээе, болгооно уу?

-Би хүүхдүүддээ өөрийнхөө сонгож авсан замд үнэнч яваарай гэж захидаг. Хувь тавилангаар чи энэ сонголтыг зөв гэж бодож хийсэн. Тавилан чинь өөрөө тэр сонголтыг өгч байна. Гэтэл үүнээс шантраад, хүч хүрэхгүй гэж бодвол орхиж болно. Чиний юм биш гэдгийг мэдвэл орхи гэдэг. Хэрэв чиний зам чинь, шат чинь мөн бол заавал түүнийг ахиулж байх хэрэгтэй. Байнга дээшилж, төлөвшиж байх ёстой. Шат ахисаар байгаад хүн энэ хорвоогоос явна шүү дээ. Уулын оройд хүрэх нь гол биш явах нь чухал гэдэг шиг явж л байх ёстой. Ялангуяа, урлагийн хүмүүст шантарна гэдэг ойлголт хэзээ ч байж болохгүй. Урлаг өөрөө харгис байдаг учраас эрэгтэй, эмэгтэй гэж ялгахгүй, хүчтэй л байх ёстой гэж би боддог. Урлаг бол ямар нэгэн золиосыг заавал шаардана. Гагцхүү өөрийгөө болон сэтгэлээ худалдахгүй л байх ёстой. Юу ч байж болно, гэхдээ хүн өөрийнхөө хийж байгаа зүйлд үнэнч хандах ёстой.

Өнөөдрийн залуусыг харахад зарим нь төөрчихсөн, зарим нь оносон, зарим нь маш их чадалтай байна. Гэхдээ урлагийн мөн чанарт, урлагт үнэнч явна гэдэг ойлголт хомсдчихсон  юм уу гэж бодогддог. Өнөөдөр зөвхөн иймэрхүү маягийн зураг зарагддаг гэсэн үүднээс бүтээл хийж яваа хүн олон байна. Энэ юу хэлж байна гэхээр урлагт үнэнч биш байна гэсэн үг. Будгаар тоглоод хөнгөхөн хоол олж идэж байгаа хүмүүс өөрсдийгөө хуурч байгаа юм. Нэг их будаг асгачихаад түүнийгээ их том бүтээл хэмээн тайлбарлаж байгаа хүмүүс ч хуурамч юм шиг санагддаг. Чадахгүй юмаа л тэгж нууж байгаа хэрэг шүү дээ. Ингэж зарим нь өөрийгөө үзэгчид тааруулж явна. Уг нь үзэгчийг дагаж байх ёстой. Магадгүй өнөөдөр нийгэм нь эмх замбараагүй байдалд орчихоор урлаг бас дагаад тийм болчихсон байж мэднэ.

Ш.БАДАМХАНД

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Үзэн япагч(66.181.181.157) 2023 оны 12 сарын 29

Энэ бадамханд эргүү ямаа. Сүйрэл гэдэг ухагдахуун биш\n Шууд тусгаж авах үг.юм. нэгх том ухаантай хзн болох гэж жүжиг тавих юм . Ичтж зхмээр. Ийм хүмүүс өөрсдийгөө снтгүүлч гэж нэрлээд бгаа юмдаа.

0  |  0
Ddavaa(202.21.107.19) 2023 оны 12 сарын 29

2025 ond uvgen zuraachiin mendelsnii 120 jiliin oid zoriulsan. Uzesgeleng ochij uzmeer sanagdchihlaa Lyuna guain suvd helhsen hatgamaliig uzej uvsan neg avgai ”hairan suvd” gej shogshrohod ”sunaltai amitan” yaaj oyoson yum boloo gedeg ch boloosoi gej duu aldsan tuhai 60-ad oni oyuutan bii sonsch bailaa Sain saihnii husie

0  |  0
зочин(74.96.165.66) 2023 оны 12 сарын 29

Том хүний ач охин ч мөнөөсөө мөн юм аа.

0  |  0
Top