СОНСГОЛ | Ц.Ариунболд: Нэг жолооч 1-2 жилд хилээр 139 удаа гарах үндэслэлгүй

2023 оны 12 сарын 18

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярын ахалж буй “Нүүрсний сонсгол”-ын хоёр дахь шатны сонсгол өнөөдөр /2023.12.18/ болж байна. Сонсголоор “Эрдэнэс тавантолгой” ХК болон “Таван толгой” ХК-ийн нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаа болон экспортын талаарх мэдээллийг танилцуулсныг /ЭНД/ мэдээлсэн. Шинжээч олон улсын тээврийн С-зөвшөөрөл бүхий 487 ААН-ээс 246 тээвэрлэгч нь нийт 52.030 удаагийн тээвэрлэлтээр нийт 5.222.999.95 тонн нүүрсийг улсын хилээр гаалийн бүрдүүлэлтгүй гаргасан байж болзошгүйг танилцуулсан.

Тухайлбал, Мэдээлэлд танилцуулсанаар:

-"Жиасмон Ложистик" ХХК нь 2.602 удаа бүрдүүлэлттгүй гарч, 357.877.80 тонн нүүрс гаргасан.

-"Эко глобал ложистик" ХХК 4.236 удаа бүрдүүлэлттгүй гарч, 519.192.85 тонн нүүрс бүрдүүлэлтгүй гаргасан.

-“Хаппи өлзийт зам” ХХК 3.797 удаа гаалийн бүрдүүлэлтгүй гарч, бүрдүүлэлттгүйгээр 520.460.15 тонн нүүрс гаргасан.

Үүнтэй холбогдуулан Хянан шалгах түр хорооны гишүүн, УИХ-ын гишүүн Д.Ганбат гаалиар хамгийн олон удаа гарсан гэх нэр бүхий тээврийн жолооч нараас Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал, ХАОАТ-ыг төлдөг эсэх, рэйс бүрдээ авдаг цалин хөлс нь ижил байдаг эсэхийг асуулаа.

Тодотгоход "Жиасмон Ложистик" ХХК-ийн 9138 ӨМЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч н.Мөнхжаргал хамгийн олон удаа буюур 139 удаа гаалийн бүрдүүлэлтгүй гарахдаа 19.036 тонн нүүрс бүрдүүлэлтгүй гаргажээ. Гэвч гэрчээр дуудагдсан тэрээр сонсголд ирээгүй юм.

ЖОЛООЧ НАРЫН ХАРИУЛТ:

Бямбаагийн Лхагвасүрэн: Бидний хувьд гаалийн бүрдүүлэлт гэдэг дээр ахлах, удирдах ажилтнуудын өгсөн чиглэлээр тухайн НАБТ-аас өгсөн чиглэлийн дагуу нүүрсээ ачиж, НАБТ-н хашаанд паркалж, гаалиас зөвшөөрсөн үед хөдөлгөөн үйлдэж, зам дээр гардаг. Жолооч нар учраас дарга нарынхаа чиглэлийн дагуу БНХАУ-ын НАБТ-д бууна шүү гэсэн чиглэлийн дагуу хөдөлгөөнөө үйлдэж явдаг. Бидний цалин хөлс рэйсээрээ тухайн үед тээврийн ханш нь ямар байгаагаас шалтгаалж цалингаа авдаг. Нийгмийн даатгал, датваруудаа ном журмынх нь дагуу төлөөд явдаг.

Биднийг НАБТ-н шахаанд нүүрсээ ачаад зогссоны ар дээр гаалиас зөвшөөрөл өгч, тамгалсан падаан ирсний ар дээр НАБТ-н ажилчид нь гар гэж чиглэл өгч, бид гардаг. Түүнээс бид НАБТ-н ажилчдын зөвшөөрөлгүй хашаанаас гарах ямар ч эрх байхгүй.

Ч.Содовдорж: Яг дээрх хүний хэлдгээр нүүрсээ ажиулж, жин тонноо гаргуулж, падаанаа бичүүлнэ. Падаан бичүүлсний дараа 1 хувийг нь гааль руу явуулж, гаалийн тамга даруулна. Түүний дараа бид гарна. Би бол падаангүй, бичиг баримтгүй нэг ч удаа зам дээр гараагүй. Гарах ч нөхцөл байхгүй. НАБТ-аас зам дээр гарахад цагдаа байна. Пост дээр шалгуулна. Цаашаа хил дээр гаалийнхнаар шалгуулна. Хамгийн сүүд хилээр гардаг. Тийм л зарчимтай явдаг.

Эрхэмбаяр: Ер нь НАБТ-н хашаанаас бид гаалийн бүрдүүлэлт бүрэн болсон хуудас ирээгүй тохиолд нэг ч хөдөлдөггүй. Манай компанийн хувьд нийгмийн даатгал, ХАОАТ-ыг хуулийн дагуу бүрэн, сайн төлж байгаа. Цалин бол сардаа 3, 4 удаа янз бүр, рэйсээрээ цалингаа авдаг.

Д.Нямцэрэн: Жиасмин Ложистик компанид 2013 оны тадугаар сарын 10-нд ажил ороод 2023 оны зургаадугаар сарын 21-нд гарсан. Тэр хооронд 8-9 рэйс хийсэн. Тээвэрлэл хуулийн дагуу бүх дүрдүүлэлт хийгээд гардаг. Янз бүрийн хоосон, ачаагүй гарсан зүйл байхгүй.

УИХ-ын гишүүн Д.Ганбат: Шинжээч гаалийн бүрдүүлэлтгүй гарсан гэлээ. Та бүхэн маань бүгд бичиг баримттай гарсан гээд байдаг. Тэгвэл энэ алдаа хаана гараад байна вэ?

"Жиасмон Ложистик" ХХК-ийн Дэд захирал Цогбадрахы Ариунболд: Бүртгэлгүй гарсан гэж ярьж байна. Тухайн үед бид “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн теримналаар дамжиж, нүүрс тээвэр маань тухайн НАБТ-аас дундын тээврийн машинд ачиж, теримнал дээр очоод дахиад шилжүүлэн ачилтаар гардаг байсан.

Энэ процессийн бүртгэл нь НАБТ-аас гарсан бүртгэлээрээ гарч байгаа машин дээр бүртгэгдээд яваад байх шиг байна. Манай энэ жолооч нар бүгд дундын тээврийг хийгээд 139, 133 удаа гээд бүртгэгдчээд байгаа нь бодит байдал дээр нэг жолооч 1-2 жилийн дотор 139 удаа, 133 удаа гарах ямар ч үндэслэл байхгүй.

Бид С-зөвшөөрлөөр экспортод гаргаад явж байгаа. Тухайн С-зөвшөөрөл нь сард цаанаас тавигдаж байгаа хуваарь дээр сард дунджаар 3-4 удаа тавигддаг. Тэр л процессын дагуу явдаг.

Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр: Танай компани тээвэр хийхдээ Гаалийн бүрдүүлэлтээ 50 машин гэж явлаа гэхэд хамгийн эхний жолооч дээр бүх дүрдүүлэлтээ хийчихдэг үү?

-Үгүй. НАБТ дээр бүх жолооч дээр, машин тус бүр дээр гаалийн бүрдүүлэлт хийгээд явдаг. Тухайн гаалийн бүрдүүлэлтийг НАБТ дээр байгаа гаалийн бүрдүүлэлтийн компани нь хийдэг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top