4000 ӨГЛӨӨ | Үе үеийн Ерөнхий эрхлэгч нар

2023 оны 12 сарын 12

4000 ӨГЛӨӨ...

 

“Өглөөний сонин”-ы анхны Ерөнхий эрхлэгч О.Мөнх-Эрдэнэ

-Хэдхэн жилийн өмнө анхны дугаараа гаргах гэж бужигнаж байсан “Өглөөний сонин”-ы минь 4000 дахь дугаар уншигчдын гарт очих гэж байгааг сонсох баяртай байна. Нийгмийн болон техник технологийн дэвшил, хэвлэлийн салбарын хөгжил гээд олон хүчин зүйлийн дундуур хүчтэй сөрөн, 4000 өглөө уншигчдад хүрсэн сонины анхны Ерөнхий эрхлэгчээр ажиллаж, үүсгэн байгуулалцсан гэж хүндэтгэл хүлээж байдагтаа үргэлж талархаж явдаг. Одоогоос арав гаруй жилийн өмнө долоо хоног тутмын сонин эрхлэхийн зэрэгцээ  өдөр тутмын сонин гэх өөр ертөнц рүү баг хамт олныхоо хамт, Үүсгэн байгуулагч Р.Хадбаатар захирлынхаа даалгавраар шамдан орж, анхны дугаараа 30,000 гаруй хувь хэвлэн, Монголын өдөр тутмын сонины түүхэнд онцгой өнгө төрх тогтоож байлаа. Чадварлаг сэтгүүлч, эх бэлтгэгч, зурагчин гээд сониныг өнгөтэй өөдтэй байлгахаар тухайн үед мөр зэрэгцэн ажиллаж байсан үе үеийн бүх ажилчдадаа баяр хүргэе. Хэдийгээр одоо хэвлэлийн салбараас холдон, өөр салбарт ажиллаж байгаа ч сэтгүүлч мэргэжил, тус салбараас олж авсан бичиг үсгийн чадвараас эхлээд бүхий л зүйл миний амьдралд хамгийн их хэрэг болж, үүрэг гүйцэтгэж байдаг.  “Өглөөний сонин”-ыхоо одоогийн хамт олонд ажлын өндөр амжилт, хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. 4000 өглөө уншигч бүрт хүрсэн амжилт 40,000 өглөөд хүрч өртөөлөх болтугай.

 

“ӨГЛӨӨНИЙ СОНИН” ЭРЭН СУРВАЛЖЛАХ СЭТГҮҮЛЗҮЙД ХҮЧ НЭМСЭН

 

“Өглөөний сонин”-ы Орлогч эрхлэгч асан С.Бэлэгмаа

-“Өглөөний сонин” Монголын түүхийг бичилцэн, өглөө бүр уншигч таны гарт хүрээд 17 жил болжээ. Энэ байгууллагыг Монголын хэвлэлийн салбарт цоо шинэ өнгө төрх нэмж байсан Р.Хадбаатар үүсгэн байгуулж, гардаж авсан хэвлэл болгоноо оройд нь гаргаж байж сэтгэл нь амардаг О.Мөнх-Эрдэнэ эрхлэгч анхны дугаарыг нь өлгийдөн авч байлаа. Үргэлжлүүлэн хэвлэлийн “тод” эмэгтэйчүүдийн нэг Л.Нинжжамц удирдан, өдгөө Х.Мандахбаяр тэргүүтэй хүчирхэг хамт олон улам өнгө, утга агуулга нэмэн авч яваад талархаж байна. Өдөр тутмын сонинууд дундаа гэрэл зургийн папараци төрөл жанрыг “Өглөөний сонин” нэвтрүүлсэн гэж болно. Эрэн сурвалжлах сэтгүүлзүйг хөгжүүлж, улс төрийн бичвэрийн өнгө аяс, арын нүүрний амралтын “Өглөөний хүн” булан, урлаг соёл, спортын сонирхолтой ярилцлагууд “Өглөөний сонин”-ы имиж болсоор ирсэн.

Хамгийн анхны ягаан толгойтой, өнгөт сонин бол “Өглөөний сонин”. Гарт барихад эвтэйхнээр тооцоолж, хэмжээг далбайсан томоос жижгэрүүлж хэвлэхийг “Өглөөний сонин” л анх сэдэж эхлүүлж байсан. Олон жил болчихсон бусад өдөр тутмын хэвлэлийг бодвол шинэ, залуу хүүхдүүд энэ сониныг удирдаж, бичилцэж явсан юм. Өдгөө “Өглөөний сонин” өдөр тутмын сонины үүргээ баттай гүйцэтгэж, хуруу дарам цөөхөн сонины нэг болон уншигч олныхоо гарт хүрсээр байгаад талархаж байна. Богино хугацаанд ч гэлээ сониноо удирдан авч явсан сэтгүүлчийн хувьд сэтгэлд хэзээд халуун дотно, гэр бүл шиг минь дулаахан санагддаг. Өдөр тутмын сонины үүргээ онцгой сайн биелүүлж, хэвлэлийн зах зээлд үргэлж манлайлан тэргүүлж яваа хамт олонд нь талархаж байна. “Өглөөний сонин”-ыг өглөө бүр амтархан уншиж, нийгэм, цаг үеийн мэдээллээ тэнцвэртэй хүлээн авдаг үнэнч уншигч та бүхэндээ ч гүнээ талархаж байна. Улам улам цэцэглэн дэвжиж, ургах нарантай уралдан сониноо түүчээлэн хүргэдэг үе үеийн сэтгүүлч, ажилтан, баг хамт олондоо улам их уран бүтээлийн дээдийг хүсэн ерөөе. Сонин хэзээд хамгийн үнэнч уншигчтай байдаг

 

СОНИН ХЭЗЭЭД ХАМГИЙН ҮНЭНЧ УНШИГЧТАЙ БАЙДАГ

 

“Өглөөний сонин”-ы Ерөнхий эрхлэгч асан Л.Нинжжамц

-“Өглөөний сонин”-ы сэтгүүлчид, арын алба, 17 жилийн турш сониноороо овоглосон, сониноо бүтээлцсэн хамт олондоо болон өглөө бүр “Өглөөний сонин”-ыг нээн уншдаг эрхэм уншигчдадаа 4000 дэх дугаарын баярт өдрийн мэнд хүргэе. Анх 2006 оны аравдугаар сарын 3-ны өдөр хүнд хэцүү хэвлэл мэдээллийн зах зээл дээр өөрийн гэсэн өнгө төрхтэй “Өглөөний сонин”-ыг хэвлэн гаргаж байсныг өнөөдөр ч тод санаж байна. Монголын сонины холбоог анх үүсгэн байгуулж, Ерөнхийлөгчөөр нь ажиллаж байсан Раднаагийн Хадбаатар найз маань тус сониныг санаачлан гаргаж, байсан юм. Миний хувьд 2010 онд Р.Хадбаатараасаа “Өглөөний сонин”-ыг эрхлэн гаргах эрхийг авч байв.

“Өглөөний сонин”-ы Ерөнхий эрхлэгчээр 2011 оноос хойш долоон жилийн хугацаанд ажиллажээ. “Өглөөний сонин”-оос маш олон мэргэжлийн сэтгүүлч төрсөнд баярладаг. Өдгөө ч “Өглөөний сонин”-ы редакц амжилттай ажиллаж, үе үеийн сэтгүүлчид маань бүгд хэвлэл мэдээллийн салбарт үлгэр жишээ мэргэжилтнүүд болсныг хараад бахархдаг. Өдөр тутмын сонины хөгжил зогсох учиргүй юм. Та бүхэн цаасан хэвлэл бүтээж байгаа. Цаасаар хэвлэнэ гэдэг бол цаасаар уншаад сурчихсан хүмүүсийн хэрэгцээг хангаж буй хэрэг. Тэд өглөө бүр цаасан сонингоо л уншихгүй бол үгүйлж санадаг. Сонин хэзээд өөрийн гэсэн уншигчидтай байдаг. Бүр хамгийн үнэнч уншигчид сониных байдаг. Тиймээс сонин уншдаг, сонин бүтээдэг, сонин үйлдвэрлэдэг бүх хүмүүст онцгойлон талархал илэрхийлье.

 

“ӨГЛӨӨНИЙ СОНИН” НИЙТЛЭЛЭЭ НЭВТРҮҮЛЭГ БОЛГОДОГ БАЙЛАА

 

“Өглөөний сонин”-ы эрхлэгч асан Р.Саруултөгс

-Өнөөдөр “Өглөөний сонин”-ы маань 4000 дахь дугаар бэлтгэгдэж, хэвлэгдэн, уншигч таны гарт хүрч байна. Өнгөрсөн хугацаанд өглөө бүр тантай хамт байсан “Өглөөний сонин” сэтгүүлзүйн салбарт, тэр тусмаа өдөр тутмын сонинуудын дунд өвөрмөц өнгөөс гадна бичлэгийн хэв маяг, дизайны шинэлэг шийдэл, гар нийлсэн хамт олны бүтээл байсаар ирсэн. Тэндээс онцлох нь “Өглөөний сонин” анх удаа Эрэн сурвалжлах баг бүрдүүлж, дэргэдээ өөрийн студи байгуулж, тухайн мэдээллээ олон нийтэд сониноороо хүргэхээс гадна нэвтрүүлэг бэлтгэн, гэрээт телевизийн эфирээр үзэгчдэд толилуулж байсан түүхтэй. “Өглөөний сонин” 4000 дахь дугаараа бэлтгэж байна гэх үг олон хүний бодлыг хөвөрдөж, дурсамжийг сэдрээжээ. “Өглөөний сонин”-ы халуун ам бүл байна гэдэг сэтгүүлзүйн салбараас олж авах том завшаан байсан болохоор тэр. Тиймдээ ч өнөөдөр миний хувьд хэн нэгнийг нэр цохохоос илүү 4000 дахь дугаараа хэвлүүлэх хүртэлх бүхий л цаг хугацаанд ажиллаж байсан хамт олондоо талархаж байна. Үе үед үүдийг нь өргөж, сэтгүүлзүйн салбартаа өнгө нэмэн ажиллаж буй “өглөөчүүддээ”, найз нөхөд, мэргэжил нэгт хамт олондоо 4000 дахь дугаарын баярын мэнд хүргэж, аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе. Сонины редакцгүйгээр сэтгүүл зүйг төсөөлөх боломжгүй

 

СОНИНЫ РЕДАКЦГҮЙГЭЭР СЭТГҮҮЛ ЗҮЙГ ТӨСӨӨЛӨХ БОЛОМЖГҮЙ

 

“Өглөөний сонин”-ы Ерөнхий эрхлэгч асан З.Боргилмаа

-Сонины цаас, балны үнэр гэдэг сонины сэтгүүлчдийн хувьд зочид буудлын өглөөний цайн дээрх шинэхэн талх, халуун кофетой адил өглөөг эхлүүлдэг ер бусын тансаг мэдрэхүй юм. Сэтгүүлч болвол сонинд л бичнэ гэсэн мөрөөдөл, би чадна гэдэг итгэл маань яван явсаар нэг мэдэхэд "Өглөөний сонин"-ы Ерөнхий эрхлэгчийн хэмжээнд хүргэсэн. Сэтгүүлчийн хувьд хамгийн том зэрэг дэв энэ байх. Өглөөний мэдээний сэдэв ярьдаг шуурхай хурал, гярхай ажигч, "өнцөгч", айхтар сэтгүүлчдийн өөр өөрийн байр суурийг хамгаалсан халуун мэтгэлцээн, оройдоо дугаар хэвлэлтэд шилжих үеийн "шуурга" гээд өдөр тутмын сонины редакцгүйгээр сэтгүүл зүйг төсөөлөх боломжгүй. Бичсэн зүйл үлддэг. "Өглөөний сонин"-д хамтран ажиллаж байсан өөрийн баг, хамт олондоо, авьяаслаг сэтгүүлчдэдээ, үе үеийн эрхлэгч нартаа, хамгийн гол нь уншигч, харилцагчдадаа халуун баяр хүргэн, чин сэтгэлийн талархлаа илэрхийлье.

 

4000 ДУГААР ГЭДЭГ 17 ЖИЛИЙН ХӨДӨЛМӨР

 

“Өглөөний сонин”-ы эрхлэгч асан Э.Энхболд

-Монголын өдөр тутмын чөлөөт хэвлэл “Өглөөний сонин” уншигчдын гар дээр 4000 дахь дугаараа тавьж байна.

Харахад бага тоо мэт санагдах ч үе үеийн сэтгүүлч, уран бүтээлчдийн 17 жилийн цас, бороо, салхи шуургатай өдрүүдийн сурвалжилга, эрх мэдэл, албан тушаалтнуудын хулгайг нь нийтэлсний төлөө тэдний гомдлоор хууль шүүхийн хаалга татаж, нотлох баримтаар тэднийг ялсан өдрүүд, дэлхийн мэдээ мэдээллийг зах хязгаарын малчны хотонд хүргэж, Монголын мянга мянган иргэний баяр, жаргалыг хуваалцсан ярилцлага, мэдээ, нийтлэлийн амтыг мэдэрч болох хөдөлмөрийн үнэ цэн билээ.

Урсгал дунд зомгол мэт хөвөгч эх сурвалж тодорхойгүй мэдээллүүдэд иргэд бодитоор хандаж, үнэн зөвийг ялгах тэнхэлгүй болтлоо сульдаж байна. Цаг үеэ даган өөрчлөгдөж буй нийгмийн мэдээлэл авах хэрэгцээг хангах өндөр бөгөөд мэдрэмжтэй, хариуцлагатай байхыг өдөр тутмын сонины сэтгүүлчдээс нийгэм хүссэн хүсээгүй шаардаж эхэллээ. Цахим орчин дахь хэт хөөсрөлт бодит, үнэнээс гажуудуулах эрсдэл бий болгож байгаа тул “Өглөөний сонин”-ы хамт олноос улам их хичээл зүтгэл, цаг наргүй хөдөлмөрийг нэхэж байгаа юм. 2006 оноос хойш өнөөдрийг хүртэл тасралтгүй мэдээллийн эх сурвалж, оюуны талх үйлдвэрлэж буй “Өглөөний сонин”-ы хамт олонд 4000 дахь дугаараа уншигчдын алганд дэлгэсэнд талархал илэрхийлье. “Өглөөний сонин”-той ажил, амьдралаа холбосон бүх цаг үеийн сэтгүүлч, дизайнер, санхүү, маркетинг, хэвлэх үйлдвэр, удирдлагын багийнханд сайн сайхан бүхнийг хүсье.

 

ХАМТ ОЛНООРОО БАХАРХАЖ БАЙНА

 

“Өглөөний сонин”-ы Ерөнхий эрхлэгч С.Ууганбаяр

-Өнгө зүсээ өөрчилдөг үйл явдлууд дунд өөрийн ноён нуруу, нийтлэлийн бодлого, мэргэжлийн ёс зүй, чиг баримжаагаа алдахгүй явах нь хялбар зүйл биш. Тэр тусмаа олон намын системт нийгэм, олон ургальч үзэл бүхий түмний дунд өөрийнхөөрөө оршин тогтноно гэдэг хүнээр бол тэвчээр, эр зориг, шаргуу ажиллагаа шаардсан ажил юм.

Дэлхий нийтэд гарч буй цаг уурын өөрчлөлт, техник технологийн ололт, оюун санааны хөгжил, одон гарагийн байрлал, хүний нийгмийн зохион байгуулалт гээд бүхий л салбар, бүтэц дундаас уншигч тантай хамт байсан 17 жил, 4000 дугаар бол  амжилт өөд тэмүүлсэн цаг хугацаа байв. Энэ бүхний алтан тэнг тэнцүүлж, алдаа оноог шүүн тунгаан, үүргээ нэр төртэй биелүүлж, өнөөдөр 4000 дахь дугаараа өлгийдөн авч буй “Өглөөний сонин”-ы хамт олноороо бахархаж байна.

“Өглөөний сонин” хэмээх их айлын тулгын чулууг нь анх тулж, галыг нь таслалгүй бадрааж ирсэн үе үеийн Ерөнхий эрхлэгч, Хариуцлагатай нарийн бичгийн дарга, албадын дарга, сэтгүүлч, сурвалжлагч, уран бүтээлч, үйлчилгээний ажилтнууд, нийт алба хаагчдад 4000 дахь дугаарын баярын мэнд дэвшүүлье.

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Отгонбаатар(202.55.188.116) 2023 оны 12 сарын 12

Сайхан ярилцлагууд байна. Анх санаачилж үүсгэн байгуулсан хүн болох Р.Хадбаатараас яриа авсан бол . Тэр хүнээс даалгавар авч ХЗЯ-наас нэрийг нь авахаар шүүлгээд нэрэнд утга санаа давхцал үүсээд монгол хэл бичгийн эрдэмтэн доктороос ӨГЛӨӨНИЙ СОНИН гэдэг нэрний утга тайлбарыг өөр гэдгийг нотлуулан яаманд хандсан бичгийг нь аваад ХЗДХ-ийн яаманд материалыг нь бүрдүүлж өгөөд СОНИНЫ ГЭРЧИЛГЭЭ г нь даргадаа нүүр бардам аваачиж өгч байсан түүх байнаа байна.Тэр үед хэвлэл мэдээллийн бүх хэрэгслийг Хууль зүйн яам бүртгэж гэрчилгээ олгодог байсан юм. Сонины логоны хувилбарыг батлахад шийдвэрийг бичиж

3  |  0
Top