"Өглөөний сонин" 4000 дахь дугаараа уншигчдадаа хүргэлээ

2023 оны 12 сарын 12

Монголын хэвлэл мэдээллийн салбар, тэр тусмаа өдөр тутмын сонинуудын орон зайд “Өглөөний сонин” хэмээх айл өндөр үүдээ дэлгэж, өрхөө татсан цагаас хойш 17 он улирч, өнөөдөр 4000 дахь дугаараа уншигчдынхаа гарт хүргэж байна.

Өдөр тутмын сонины хувьд 17 жилийн турш өглөө бүр уншигчдынхаа оюун санаанд хүрнэ гэдэг асар урт хугацаа хийгээд нөр их хөдөлмөр билээ. “Өглөөний сонин”-ы тулгын чулууг тулж, анх галыг нь асаасан Ерөнхий эрхлэгч, сэтгүүлчдээс эхлээд үе үеийн уран бүтээлчдийн халуун зүтгэл, оюун ухаан шингэсэн нэгэн том ертөнцийг өдгөө хойч үедээ түүчээлэн яваадаа манай редакцийн хамт олон туйлын бахархаж байна.

Өнгөрөгч 17 жилд нийгэм, улс төр, эдийн засаг, хууль эрх зүй, соёл урлаг гээд нийгмийн бүхий л салбарт асар том өөрчлөлт орж, цаг эрин юутай ч зүйрлэх аргагүй хурдаа гайхуулах болов. Тэр тусмаа нийгмийг түүчээлэгч хэвлэл мэдээллийн салбарт эрс өөрчлөлтүүд гарлаа. Хүн төрөлхтний энэхүү хөгжил дэвшлээс гээгдэж үлдэхгүйн тулд зүтгэж ажилласан он жилүүдийн гэрч нь уншигч та бүхэн билээ.

Гэрэл сүүдрийн орчлонд бид бүхэн ч алдаа онооны тэнг үүрч дүүрч ирсэн боловч алдахаасаа онох нь их байсан гэдэгт бид итгэлтэй байна. Гагцхүү “Өглөөний сонин” уншигч таны оюун санааны цар хүрээгээр хэмжигдэх учраас 17 жил, 4000 дугаарын турш хамт байсан уншигч, захиалагчдадаа юу юунаас илүү баярлаж байгаагаа илэрхийлье.

“ӨГЛӨӨНИЙ СОНИН”-Ы РЕДАКЦ

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top