Ц.Намсрайжавын нэрэмжит Монгол Улсын Филармони, Удирдаач Б.Батбаатар

2023 оны 11 сарын 24

Төрийн шагналт, Ардын жүжигчин Ц.Намсрайжавын нэрэмжит Монгол Улсын Филармонийн найрал хөгжмийн удирдаач Б.Батбаатар.

Казакстан улсын Алматы хотын Курмунгазын нэрэмжит үндэсний консерваторыг симфони найрал хөгжмийн удирдаач мэргэжлээр 2005 онд төгсөж, Монгол Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт удирдаачаар ажлын гараагаа эхэлсэн бөгөөд 2012 оноос одоог хүртэл Улсын Филармонийн Симфони найрал хөгжмийн удирдаачаар ажиллаж байна.

Хөгжим гэж таныхаар:

Хөгжим гэдэг нь маш өргөн хүрээний ойлголт юм. Дуу хөгжимгүйгээр орчлон ертөнцийг төсөөлөхийн аргагүй. Хөгжмийг олон янзаар тодорхойлсон байдаг. Жишээ нь хөгжмийн зохиолч Жон Кейж хэлэхдээ“Шуугиан гэж байдаггүй, гагцхүү аялгуу л гэж бий” хэмээн тодорхойлсон байдаг.

Сонгодог урлаг сонгох шалтгаан: 

Хүний сэтгэлийн нарийн утсыг хөндөж байдаг гайхамшигт зүйл бол яах аргагүй урлаг юм. Түүний дотор сонгодог урлаг нь юутай ч зүйрлэшгүй эрхэмсэг тансаг мэдрэмжийг үзэгч сонсогчдод хүргэдэг.

Тоглолтын дараах сэтгэгдэл:

Үзэгчдэд оюуны болон сэтгэлийн таашаал өгөх нь миний ажлын онцлог бөгөөд үзэгчдээс надад өгч байгаа хамгийн том урам бол үзэгчдийн алга ташилт байдаг. Эндээс маш их эрч хүч урам зориг авдаг.

Orchestral Jazz тоглолтын хөтөлбөр, онцлог:

Энэхүү тоглолтын онцлог нь симфони оркестрт зориулсан джаз хэлбэрийн бүтээлүүд тоглогдохоороо онцлогтой. Миний бодлоор үзэгч, сонсогчид маань тоглолт үзэхээр ирэхдээ тухайн тоглолтын хөтөлбөрийг жоохон судлаад, сонсоод үзэх хэрэгтэй хэрвээ тэгвэл тоглолтоос авах мэдрэмж нь илүү гүн байна гэж боддог. 2023.12.01 өдөр тоглогдох “Orchestral Jazz” тоглолтод “Жазз сюит №2” бүтээлийн “Вальс 2” хэсгийг та бүхэд хүргэх гэж байгаа. Та бүхэн хэдий сонгодог урлаг сонирхдоггүй байсан ч уг бүтээлийг нэг сонсоод үзээрэй магадгүй танд өвөрмөц мэдрэмж өгөх ч юм бил үү.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top