Д.Өлзийбат: Шахмал түлшний чанар огт өөрчлөгдөөгүй

Автор | Zindaa.mn
2023 оны 11 сарын 24

Сайжруулсан шахмал түлшний чанар болон нийслэлийн утааны асуудлаар “Тавантолгой түлш” компанийн Технологийн бодлогын хэлтсийн дарга Д.Өлзийбаттай ярилцлаа.


-Сайжруулсан шахмал түлшний чанар муудсан, энэ жил хэтэрхий их утаатай байна гэсэн шүүмжлэл иргэдийн дунд байна. Энэ тал дээр та мэргэжлийн хүний хувьд юу хэлэх вэ?

-“Тавантолгой түлш” компани анх 2019 онд байгуулагдсан. Энэ цагаас хойш Засгийн газрын 62 дугаар тогтоолыг өнөөдрийг хүртэл хэрэгжүүлээд явж байна. Улаанбаатар хотод түүхий нүүрс түлэхийг хориглосон учраас нийслэлийн иргэдийг өнөөдрийг хүртэл шахмал түлшээр хангаж байгаа. Анх байгуулагдсан цагаас хойш одоог хүртэл “Тавантолгой компани” маань сайжруулсан шахмал түлшний үндсэн түүхий эд болох “Энержи ресурс” компанийн угааж баяжуулсан нүүрсний дундах завсрын бүтээгдэхүүн буюу мидлингийг ашиглаад ургамлын гаралтай барьцалдуулагчтай хольж түлшээ үйлдвэрлэж ирсэн. Богино хугацаанд нийслэлийн утааг бууруулах зорилтын хүрээнд өнгөрсөн таван жилийн хугацаанд үндсэн түүхий эд мидлинг, барьцалдуулагчаа солиогүй. Үндсэн технологийн горимоороо ажиллаж, үйлдвэрлэл хэвийн явагдаж байна. Тэгэхээр түлшний чанар огт алдагдаагүй гэдэгт иргэд, олон нийт маань бүрэн итгэлтэй байж болно.

-Түлшний чанар алдагдаагүй гэдгийг тэгвэл юугаар нотлох вэ?

-Манай компани үйлдвэрлэж байгаа түлшиндээ Ашигт малтмал, газрын тосны газрын, Нийслэлийн агаар, орчны газрын бохирдолтой тэмцэх газрын утааны хий хэмждэг, Хими технологийн хүрээлэн, Олон улсын итгэмжлэгдсэн SJS зэрэг хөндлөнгийн лабораториудаар байнгын хяналтын шинжилгээ хийлгэдэг. Мөн энэ оны гуравдугаар сараас эхлэн бид өөрсдийн дотоод лабораторитой болсон. Үүний давуу тал нь бид үйлдвэрлэж байгаа шахмал түлшээ хэрэглэгчийн гар дээр хүрэхээс нь өмнө өдөр тутамдаа шинжилгээ хийдэг болж чадсан.

-Угаартсан иргэдийн тоо ихссэн гэдэг асуудал мөн хөндөгдөж байна л даа?

-Анх шахмал түлш үйлдвэрлэж эхэлснээс хойш угаарын хийн болон угаартсан иргэдийн дуудлага, тоог бүртгэж эхэлсэн юм билээ. Харин үүнээс өмнөх жилүүдэд хэчнээн хүн угаартаж нас барсан гэдэг бүртгэл мэдээлэл манай улсын хэмжээнд байхгүй. Бид аль ч мэргэжлийн байгууллагаас асуухад энэ талын мэдээллийг гаргаж өгч чаддаггүй. Шахмал түлш хэрэглэж эхэлсэн эхний жилд хүмүүс хэрэглэж сураагүй, дадал зуршил суугаагүй, зуух, пийшингийн битүүмжлэл зэргээс үүдэн угаартах асуудал нэлээн олон байсан. Гэвч энэ бүхэн дээр тодорхой, үе шаттай ажлуудыг манай компанийн зүгээс хийж ирснээр угаарын хийн дуудлага жил ирэх бүр буурсан. Энэ талаарх үзүүлэлтийг манай Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн дата мэдээллээс дэлгэрэнгүй авч болно.

-Шахмал түлшний хэрэглээ өмнөх жилүүдтэйгээ харьцуулахад нэлээд нэмэгдсэн гэж байсан. Чухам яагаад хэрэглээ өсөөд байгаа юм бэ?

-Ер нь утаа ихэссэнд олон төрлийн шалтгаан байгаа. Зөвхөн шахмал түлш түлээд, түүнээс гарч байгаагаар утааг хэмжиж, ойлгож болохгүй. Улаанбаатар хотын агаарын бохирдуулж байгаа хүчин зүйлүүд дээр Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газраас саяхан хийж гаргасан судалгаанаас харахад шахмал түлш 51 орчим хувийг эзэлж байгаа юм. Нэмээд 30 гаруй хувь нь автомашинаас ялгарч байгаа утаа, хөдөлгөөнөөс үүсэж буй тоос, тоосонцор, үлдсэн хувийг нь түүхий нүүрс түлж байгаа газрууд гэсэн байсан. Ер нь бид одоог хүртэл Улаанбаатар хотод түүхий нүүрсийг бүрэн халж чадаагүй л байгаа. Одоогийн байдлаар нийслэлд 174 мянган аж ахуйн нэгж түүхий нүүрс түлсээр байна. “Тавантолгой түлш” компани анх 380 орчим мянган тонн шахмал түлш үйлдвэрлэж, хэрэглэгчдэд нийлүүлж байсан бол одоо 600 мянган тонныг үйлдвэрлэж байгаа. Тэгэхээр нийслэлийн шахмал түлшний хэрэглээ хоёр дахин өссөн гэсэн үг. Энэ хэрээр утаа ихсэж таарна. Мөн нөгөө түүхий нүүрс хэрэглэж байгаа 174 мянган аж ахуйн нэгжийн жилийн хэрэглээ нь 240 мянган тонн. Түүхий нүүрснээс нь гарч байгаа утаа, тоосонцорын хэмжээ шахмал түлштэй харьцуулбал 2-3 дахин их байдаг юм. Тэгэхээр 240 мянган тонн түүхий нүүрс хэрэглэж байгаа гэдэг чинь бараг 500 мянган айл шахмал түлш түлж байгаатай тэнцэнэ.

-Хэрэглээ ингэж өсөөд байгаа шалтгаан нь чухам юу вэ?

-Өсөлтийн судалгаанаас харахад гэр хорооллын механик өсөлт энэ хэрээр нэмэгдсэн л хэрэг шүү дээ.

-Түүхий нүүрс түлээд байгаа аж ахуйн нэгжүүдийг шахмал түлшээр хангах боломж, бололцоо байхгүй юу. Тэдгээрийн түүхий нүүрсний хэрэглээг бууруулахад юу саад болоод байдаг юм бэ?

-Аж ахуйн нэгжүүдийн бүтээц буюу хийцлэл нь илчлэг багатай нүүрс буюу 3500 орчим илчлэгтэй нүүрсэнд зориулагдсан байдаг юм. Харин манай шахмал түлшний илчлэг нь 6000-6300 орчим байдаг. Ингэхээр манай түлшийг түлэхээр ул ширэм зэрэг нь хайлчихдаг. Нэг ёсондоо тухайн нам даралтын зуухны хийцлэлээс их шалтгаалж байна. Хэрвээ эдгээр 174 мянган аж ахуйн нэгжүүд шахмал түлш хэрэглье гэвэл бид ямар ч асуудалгүйгээр үйлдвэрлээд нийлүүлэхэд бэлэн. Гол нь тэд зуухаа солих, үгүй бол утааг дахин шатаах технологи зэргийг нэвтрүүлэх шаардлагатай. Бидний хэлж заншсанаар хэрэглээний зуухнууд хүртэл утааг дахин шатаах технологи гарчихсан шүү дээ. Утааг яндангаас гарахаас нь өмнө дахин шатаагаад дуусгах ёстой гэсэн үг. Монгол инженерүүд ч ийм төрлийн зуух бүтээсэн. Бид тэр зуухыг нь туршиж үзэхэд боломжтой байсан.

-Төр засгаас шийдвэртэй арга хэмжээ авч байж л дээрх 174 мянган аж ахуйн нэгжийн түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлах хэрэгтэй гэсэн үг үү?

-Заавал төр засаг гэхээсээ илүүтэй эдгээр аж ахуйн нэгжүүд нийгмийн хариуцлагын хүрээнд өөрсдөө зуухаа солих хэрэгтэй. Үгүй бол гарч байгаа тоос, тоосонцор, утааг шүүх зэрэг сүүлийн үеийн технологийг суурилуулах шаардлагатай. Мэдээж энэ нь үнэтэй учраас тэр бүр аж ахуйн нэгжүүд хэрэглээндээ нэвтрүүлж чадахгүй байх шиг байна. Гэхдээ л нэгэнт утаа гаргаж, орчны агаарыг бохирдуулж байгаа учраас нийгмийн хариуцлагаа ухамсарлах л ёстой.

-Угаарын хий, өмхий үнэр их байна гэдэг гомдол бас байна. Үүний шалтгаан нь юу вэ?

-Бид нэг юмыг маш сайн ойлгох хэрэгтэй. Угаарын хий гэдэг маань өөрөө өнгөгүй, үнэргүй зүйл байдаг. Гэтэл манайхан угаар, угаарын хий үнэртэж байна гэж яриад байдаг. Угаарын хий бол ямар ч төрлийн шатдаг материалаас үүсдэггүй. Харин үнэр гэдэг нь төрөл бүрийн хүчин зүйл байгаа. Одоо бидний хэрэглэж байгаа шахмал түлш маань хүхэр өндөртэй нүүрс. Монгол Улсын болон Олон улсын стандартаар бол хүхрийн стандарт нэг хувиас бага байх ёстой гэж заасан. Харин шахмал түлшний хүхрийн агууламж 0.8 орчим хувьтай байгаа.

-Агаарт гарах тоос, тоосонцорын хэмжээ нь гол түүхий эд болох мидлингийн чанараас хамаардаг уу. Ер нь мидлингийн чанараас үүдэн шахмал түлшинд чанарын хэлбэлзэл үүсэх үү?

-Үүсэхгүй. Би яагаад ингэж итгэлтэй хэлж байгаа вэ гэхээр шаталт өгөөд дуусахад үнс болж байгаа хэлбэрийг барьцалдуулагчаараа бариад үлдчихэж байгаа юм. Шахмал түлш шатаад дуусахдаа хэлбэрээ алдахгүй байна гэдэг чинь яндангаар сорогдох тоос, тоосонцорын хэмжээг төдий хэмжээгээр бууруулж байна л гэсэн үг. Агаарт байгаа нүдэнд харагдахгүй тоосыг барьцалдуулагчаар аваад үлдээд байгаа юм. Агаарын бохирдлыг 50 орчим хувиар бууруулсны гол хүчин зүйл нь энэ тоосонцорыг бууруулсан явдал.

-Шахмал түлшийг анх хэрэглэж эхлэхдээ нийс­лэлийн агаарын бохирдлыг 50 хувь бууруулна гэсэн. Гэвч одоо тэр хэмжээндээ нэгэнт хүрчихсэн учраас дараагийн шатлалын түлшинд шилжих хэрэгтэй гэж нэг хэсэг ярьсан. Ялангуяа хагас кокссон түлшээр хангах асуудал яригдсан. Харамсалтай нь энэ жилдээ хийхээргүй болсон л доо?

-Шахмал түлш гэдэг маань Монгол Улсын Засгийн газрын богино хугацааны зорилт. Шахмал түлш үүргээ гүйцэтгэсэн үү гэвэл гүйцэтгэсэн. Өнгөрсөн таван жилийн хугацаанд бид нийслэлийн агаарын бохирдлыг 50 орчим хувиар бууруулсан. Үүнийг зөвхөн бид хэлээд байгаа зүйл биш. Маш олон талын судалгаагаар гарсан баримт.

Магадгүй сүүлийн үед утаа ихсээд байна гэдэг нь гэр хорооллын тэлэлт, шахмал түлшний хэрэглээ өссөн, агаар бохирдуулагч хүчин зүйлүүд гээд олон шалтгаантай. Тэгэхээр үндсэн түүхий эдээ одоо болтол солиогүй учраас утаа одоогийн энэ түвшнээсээ буурахгүй. Харин бидний дараагийн зорилт хагас коксон түлш. Дэлхий нийтийн жишиг ч ингэж явдаг юм байна. Хагас кокс гэдэг маань дулааны аргаар боловсруулсан дэгдэмхий, хий, давирхай зэргийг нь бүгдийг нь ялгасан сайн чанарын нүүрс гэсэн үг.

Тэр нүүрсээр хийсэн түлшийг хэрэглэвэл одоо байгаа утаанаас дариу 50-60 хувь бууруулна гэсэн судалгаа гарсан. Үүнийг туршилтаар ч тогтоосон. Эрчим хүчний яам, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо, “Тавантолгой түлш” компани хамтран өнгөрсөн хавраас хойш хагас коксон түлшний судалгааны ажил дээр хамтран ажилласан. Дээр нь дэлхийн олон орны туршлагыг судалсан. Ингээд хагас коксоор дараагийн түлшийг үйлдвэрлэх нь зөв юм гэдэг дүгнэлтэд хүрсэн. Мөн “Тавантолгой түлш” компани дээр хагас коксон түлшийг бага хэмжээгээр үйлдвэрлэж, дотоодын болон гадаадын олон лабораториудад өгч, үр дүнг нь авсан. Үүнээс харахад маш сайн үр дүн үзүүлсэн. Эрчим хүчний сайд энэ жил 45 хоногийн хугацаанд хэрэглээнд нэвтрүүлье гэж үзээд нийслэлээс бонд гаргаж санхүүжүүлэхээр болсон. Харамсалтай нь санхүүжилт зогссон. Дээрээс нь нийслэлээс энэ жил үүнийг зогсоох нь зүйтэй гэж үзсэн.

-Танай үйлдвэр хагас коксон түлшийг үйлдвэрлэх бүрэн боломжтой юу?

-Үйлдвэрлэхэд манай компанид ямар ч асуудал байхгүй. Манай технологийн дамж­лагууд, одоо багаа тоног төхөөрөмжүүд бүгд тохирно. Тохирно гэдгийг нь ч бид туршилтаар нотолсон. Хагас кокс нь л байвал манай “Тавантолгой түлш” компани шахмал түлш үйлдвэрлээд борлуулалтынхаа цэгүүдээр иргэдэд хүргэх бүрэн боломжтой.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.89.73) 2023 оны 11 сарын 28

Угийн тааруухан чанартай, түүнийг сайжруулах гэж оролдоогүй л бна даа

0  |  0
q(202.9.40.234) 2023 оны 11 сарын 27

Tehiin zogsooliin seseer ovogtoi suhee hogiin hulgaich hontsiin shees hontsiin huuhed seseeriin saltaanii buus

0  |  0
з(103.161.242.126) 2023 оны 11 сарын 25

Коксжсон нүүрсээр хурдан үйлдвэрлэх хэрэгтэй байнадаа хот яагаад санхүүжилт өгөхгүй байнаа.

0  |  0
DR. ADITYA(129.205.113.182) 2023 оны 11 сарын 25

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n

0  |  0
DR. ADITYA(129.205.113.182) 2023 оны 11 сарын 25

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n

0  |  0
Монгол инженер(202.131.230.162) 2023 оны 11 сарын 28

Шахмал түлш манай төр, засгийн зоригтой хамгийн зөв шийдвэр. өнгөрсөн жилүүдэд утаа үнэхээр буурсан. угаартана гэдэг нь хувь хүний хаируцлагатай холбогдоно. Айл бүрт галч ажиллуулахгүй юм бол өөрийн хариуцлагаас, эмх цэгцгүй байдлаас үүдэх угаартал байсаар л байна. Түүхий нүүрс түлж байхад хүмүүс угаартаад нас барж л байаан шүү дээ. Энд бас сэтгүүлч нэртэй, боловсролгүй хүммүс маш их үүрэг гүйцэтгэж байна.

0  |  1
АРД(202.9.40.162) 2023 оны 11 сарын 24

тийм шүү, анх ямар байсан тэр муухай үнэртэй, хортой, утаатай тийм л байгаа, үнэн үнэн

0  |  0
Top