76:1 | Парламентын ТЭНЭСЭН СУМ

Автор | Zindaa.mn
2023 оны 11 сарын 23

Манай парламентад байх ёстой дүрийн нэг бол яах аргагүй УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж. Түүний хувьд өдгөө парламентад хоёр дахь удаагаа сонгогдоод байгаа ч чухам яг юу хийсэн тухай би тэгтлээ мэдэх юм алга. Мэдэх гээд ч яахав. Түмэнд танигдаж, олонд олзлогдсон ажил лав алга. Олон ястнууддаа таалагддаг учраас л дахин дахин сонгогдоо биз.

Өнгөрөгч 2020 оны сонгуулиар 18578 санал авч, ардаа рейтинг нь тэнгэрт тулж байсан МАН-аас нэр дэвшигч С.Бямбацогтыг орхисон гэхээр хэлээд өгнө биз. Ховдыг “худалдаад” авчихсан шахам ярьдаг нөхрийг тоосондоо орхисон их эр шүү. Хазааргүй морь шиг энэ эрийг Ховдынхон лав “Манай гэдгэр толгойт” гээд чамгүй хүндэлж байгаа нь харагддаг. Тэр АН-ын уналтын үед парламентад орж ирснээрээ ихээхэн чухал дүр болж хувирав. Уг нь дэн дун Д.Ганбатаар УИХ дахь АН-ын бүлгийг удирдуулж байхаар тэр л цор цор гээд сууж байх ёстой байв. Даанч нөхөр цаад хэддээ таалагддаггүй. Ёстой л тэнэсэн сум шиг явдаг нөхөр учраас бүлгийнхээ нөхдийг шүршиж орхино. Харин ч хаа хамаагүй шүршинэ дээ. Тиймээс цаадуул нь энхийн цагаан тагтаа шиг амьтад болж харагдах дуртай учраас айсан хэрэг. Тэгээд ч УИХ-ын гишүүд хуралдаан дээр хэлсэн үгнийхээ төлөө ямар нэг хариуцлага хүлээдэггүй учраас шүршиж л суухаас яахав.

Хэрвээ хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээдэг бол Б.Пүрэвдорж гишүүн удаа дараагийн, дахин дахин үйлдэлдээ ялын дээд хэмжээ авчихсан байж таарна. Чуулганы болон бусад хуралдаан дээр үг хэлж байгаагаас нь харахад тэр буй орчноосоо тасарч, өөр орчинд очдог болов уу гэмээр авч өгнө. Үүнээс харахад тэр өөр тэнгэртэй харьцдаг “зайран” ч байж мэдэхээр. Харин тэр сөрөг хүчинд хэрэгтэй дүр болохоос эрх барьж байх үед яаж ч мэдэх нөхөр.Тун эвгүй дээ. Бодлого бол бариулах аргагүй нөхөр. Бөхөөр бол Улсын харцага Т.Баасанхүү шиг нөхөр. Харцага бол нэгийн даваанд сумын начинд ч унаж мэднэ. Эсвэл аварга, арслан хэнийг ч хаяж мэднэ.

Өргөдлийн байнгын хорооны 2019 оны нэг хуралдаан дээр А.Сүхбат аваргыг “Жидүүчин”-ээр нь дуудаж, өнөөх нь салаавч гаргаж байгаа харагдсан. Аливаа зүйлд дуугардаггүй аварга салаавч гаргахад хүрснийг бодоход их л бухимдсан болоод тэр байх даа. Уг нь энэ үед тэр өөрөө УИХ дахь Ёс зүйн дэд хорооны гишүүн байсан л даа. Тэр бол ийм л нөхөр. Шүдгүй чоно Н.Алтанхуяг хүртэл тойрч халгаад байх юм билээ. Энэ мэтээр түүний хэнд юу гэж хэлэх бол тийм ч чухал биш, энд тэнд хэн нэгэнтэй гар зөрүүлэхээс буцахгүй. Нутаг зон, танилуудынх нь ярьж байгаагаас шүүрдэхэд бага залуугийн л хэл ам хийхээсээ илүүтэй хүнтэй гар зөрүүлчихдэг нэгэн байж. Энэ нь парламентад орж ирснээр хүнийг буруу зөрүү үгээр шүрших болсон хэрэг. Ямар чуулганы хуралдаан дээр гишүүдийг барьж авч зодоод байлтай биш, гарынхаа загатнааг амаараа дамжуулан гаргахаас өөр аргагүй байдалд орчихсон байх. Тэгээд хэн нэгнээс уучлал хүсэж байхыг нь ерөөсөө харсангүй. Мань эр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад замын хашлага мөргөж, өөрөө гэмтсэн. Харин үүнийхээ төлөө иргэдээсээ уучлал хүсэж байгаа бололтой байсан шүү. Архи бол тэдний хэрэглээ шахуу зүйл болоо биз дээ. Гагцхүү машин жолооддог нь л буруу болсон юм. Мань эр чуулганы хуралдаан дээр “архийг шилээр нь зарахгүй” гэх мэт асуудал хэлэлцэж байхад эрс эсэргүүцсэн цор ганц эр хүн. Бүр халбага шанага гаргаж ирээд эсэргүүцэж байгаагаас харахад архины хамааралтай гэдэг нь харагдана. Гааль дамжин бэлээ зузаалчихсан нөхөр архиа ууна уу, цайгаа ууна уу хэнд хамаатай гэж. Гагцхүү төрийн бодлого барилцаж байгаа хүний хувиар согтуу битгий бодлогод хэл амаа дүрээд бай гэж сонгогчдынх нь өмнөөс захих хэрэгтэй байх.

Түүний намтрыг сөхөхөөр 1994 онд МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургууль, англи хэлний багш, орчуулагч мэргэжлээр төгсчээ. Багш гэдэг мэргэжил Б.Пүрэвдоржид яагаад ч зохихгүй мэргэжил. Тэр хэрвээ багшаараа үлдсэн бол нэг оюутнаа шанаадсан хэргээр ажлаасаа халагдана. Эсвэл оюутнуудаа дагуулаад шоудаад байх ийм л багшийн дүрээр сэтгэлд буудаг. Сургуулиас хальж улс орны хэмжээнд бослого гаргаж ч мэдэх хүн. Үүнийгээ мэддэг байх. Тэр лав багшлаагүй. Шуудхан л Гаалийн ерөнхий газрын харьяа Баян-Өлгий аймаг дахь гаалийн газарт байцаагч болчихсон. Өнөөдөр парламентын танхимд тэнэсэн сум шиг суух хөрөнгийн эх үүсвэр эндээс ч эхтэй байж мэдэх юм. Улмаар Буянт-Ухаа, Улаанбаатар хот дахь гаалийн газарт байцаагч, албаны даргаар ажилласан гэхээр түүнийг мөнгө төгрөгнөөс салгаж ойлгохын аргагүй. Ийнхүү 1995 оноос хойш гаалийн байгууллагаар дамжиж ажилласан Б.Пүрэвдорж “гэрээ зассан” гэж үзсэн учраас их улс төрд хөл тавьж, 2009 онд Ховд аймгийн АН-ын дарга болов. Хардаж бодоход гаалиас хэтэвчээ зузаалсан хэрэг. Түүнээс бус их улс төрд таргийн таван ямаатай нөхөр хөл тавих ч аргагүй.

Тэр тусмаа байнга улаан талд туг мандуулж ирсэн Ховдын хязгаарт АН-ыг эмхэлж цэгцэлнэ гэдэг амаргүй. Шуудхан хэлэхэд ихээхэн мөнгө орно. Ерөөсөө л бэлтэй хүний хийх ажил мөн. Нэг удаагийн сонгуульд зарцуулах мөнгөн дүн тэрбумаар хэмжигдэх болсон тухай гишүүд өөрсдөө ярьж байхыг сонссон. Тэгэхээр Б.Пүрэвдорж хэмээх гишүүн бэлтэй хүн байж таарна.

Ховдын АН-ын даргаар их улс төрд хөл тавьсан тэрбээр 2012-2014 онд Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газрын дарга, 2014-2015 онд Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын даргаар тус тус ажилласан. Өөрөөр хэлбэл АН-ыг засаглах үед ийнхүү хоёр ч агентлагийн даргаар ажилласан хэрэг. Түүний хандыг дарах гэсэн үү, яасан, 2021 оны хавар АТГ-ынхан Ховд аймагт ажиллаж түүний хамаарал бүхий компаниудад нэгжлэг шалгалт хийсэн байдаг. Тэр дарагдахгүй л дээ. Учир нь Гадаадын иргэн харъяатын газрын даргаар ажиллаж байхдаа  хөөрөх гэж байсан онгоцыг саатуулж, багагүй чирэгдэл учруулж байсан гэдэг. Тэр ч бүү хэл шаардлага тавьсан ажилтныг захирч зандран ажлаас нь халуулж байсан тухай үлгэр домог мэт яриа ч бий. Ийн манаргаж явах үед нь түүнийг АТГ-аас эрүүгийн хуулийн  263.2, 150.3 дугаар зүйлээр эрүү үүсгэж, мөрдөн байцааж байв.

Тодруулбал бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх, Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах гэсэн зүйл ангид үндэслэн шалгагдаж, ажлаа өгч байсан хүн. Б.Пүрэвдоржтой холбоотой таагүй мэдээлэл үүгээр дуусахгүй. Тухайлбал УИХ-ын 2016 оны сонгуулийн үеэр “Аймаг хөгжүүлэх сан”-гаас Мах боловсруулах үйлдвэр барих нэрээр 350 сая төгрөгийн зээл авсан ч махны үйлдвэрээ бариагүй аж. Үүн дээр нэмээд Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамнаас 400 сая төгрөгийн зээл нэмж авсан гэдэг. Хамгийн гол нь хоёр ч газраас авсан зээлээ зориулалтын дагуу зарцуулаагүй, үнэтэй жип автомашин худалдан авсан байсныг тухайн үеийн Ховд аймгийн Засаг дарга олноо дэлгэж байв. Харин өдгөө өгч байгаа бодит мэдээлэл гэвэл эрхэм гишүүн маань махны бизнестэй юм билээ.  Энэ мэтээр дурдаад байвал Б.Пүрэвдоржийн асуудал дуусахгүй. Тэр парламентад хаашаа хамаагүй шүршиж байдаг ч АН-ын дотоод асуудлаар төдийлөн байр сууриа илэрхийлдэггүй нь хачирхалтай. Өөрөөр хэлбэл АН хэдэн хэсэг хуваагдаад байгаа энэ үед аль ч талд нь ордоггүй, дундыг баримталж явдаг нь алсыг харсан хэрэг байх.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
БаярБхо(103.212.119.228) 2023 оны 11 сарын 25

Муулаад бга юмуу намтрын бичээд бга юмуу гайгүй залуу хашир гэж чигтэйхэн

0  |  0
зочин(59.153.114.44) 2023 оны 11 сарын 23

үгээ олж ядан муулахыг бодсон гуриа вэ энэбичиг ч нь өөрөө гурианхалсан тайган байна даа харин. Пүрэвдорж бол шударга, сэргэлэн сайн хүн шүү чиний дэргэд бол

0  |  1
99(202.21.107.20) 2023 оны 11 сарын 24

zass enenii hun zodno ch gej yu bhav hoshnogol bh amandaa ortson gar umuu daa eereed bas muu yrinaa

2  |  0
зочин(103.57.94.67) 2023 оны 11 сарын 24

ядруу амьтан. аргаа барахдаа аавынхаа толгойг мааждаг

2  |  0
zochin(98.214.171.138) 2023 оны 11 сарын 23

zugeer l arxichin

1  |  0
Top