Д.Ганбат гишүүн яагаад чимээгүй болчихов

Автор | Zindaa.mn
2023 оны 11 сарын 21

Парламентын түүхэнд олон солгой, “согтуу” гишүүн байсан, харин УИХ-ын гишүүн Д.Ганбат шиг эрүүл хэрнээ бүр нэг тэс хөндлөн гишүүн байсангүй. УИХ-ын чуулганы хуралдаанаас эхлээд бүхий л хуралдаанд байр сууриа илэрхийлэх хачин дуртай ч зөв зүйл ярина гэж үгүй, байнга хадуурна. Энэ талаараа тэр од болсон хүн. Магадгүй хэргээр ингэдэг байх. Тэрбээр өнгөрөгч 2020 оны сонгуулиар өрсөлдөгчийнхөө эсрэг ном хэвлэн тарааж, бидон сав тараан байж “арай ядан” УИХ-д орж ирээд “арай чүү” гэж парламентад багтаж байгаа гишүүн. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүний бүрэн эрхийн асуудал байхгүй байсан бол аль эрт ажлаасаа хөөгдөх нөхөр. Ядахад УИХ дахь АН-ын гишүүд гэж нэгнээсээ ялгарах зүйлгүй нөхөд бүлгийнхээ даргаар томилоод хоймор залчихсан нь улам бүр болохгүй болгосон. Ёстой л “Мах барагдахаар богтос ахална” гэдэг энэ байх. Тэр УИХ-ын чуулганы болон бусад хуралдаан дээр тэс хөндлөн орж ирээд зогсохгүй, ямар ч утга учиргүй, ойлгомжгүй яриа өрнүүлж, гишүүдийн бүү хэл ард түмний цухлыг барна. Одоо ч бүлэгтээ байгаа үгүй нь мэдэгдэхгүй нэг нөхөр болж.

Өнгөрөгч жил боловсролын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн арга хэмжээ тохиож, гишүүд энэ талаар яриа өрнүүлж, тус тусын мэнд хүргэж байхад Д.Ганбат гишүүн “Өнөөдөр боловсролын салбар үүссэн 100 жилийн ойн өдөр. Баяр хүргэе. Мөн дэлхийн синглчүүдийн өдрийн мэнд хүргэх ёстой. Монголын ганц биечүүддээ энэ өдрийн мэндийг хүргэе" хэмээж байгаагаас харвал “дээсэн дөрөөн дээр” байгаагаа шуудхан хэлж байна. Гэтэл манай улсад ганц бие хүмүүсийн өдрийг тэмдэглэдэггүй. Харин Хятадад жил бүрийн арваннэгдүгээр сарын 11-нд  “Ганц бие хүмүүсийн өдөр ба ганцаардсан зүрх сэтгэлийн өдөр”-ийг тэмдэглэдэг бөгөөд энэ өдөр онлайн дэлгүүрүүд хэрэглэгчдэдээ томоохон хямдрал зарладаг тухай бид мэдээллээс харж байсан. Мань гишүүн энэ өдрийг хаа нэгтэйгээс сонссон учраас ийнхүү баяр хүргэсэн байх. Монгол Улсад дархлаажуулалтын ажил хийгдэх яриа өрнөх үеэр гэнэт “Бид яагаад хямд өртөгтэй вакцин хийлгэж байгаа юм. Монгол Улс хүн ам цөөтэй байж яагаад Изриаль, Сингапур улс шиг байж болохгүй гэж. Би еврей хүн хийлгэж байгаа вакциныг хийлгэмээр байна” хэмээн хадуурч суугаа нь “дөнгөн данган” парламентад сууж байгааг л харуулсан хэрэг. Уг нь УИХ-ын чуулганаар өөр түвшний зүйл хэлэлцэж байсан ч тэр ийн хадуурна.

Энэ ч бүр дүүрчээ. УИХ-ын чуулганы хуралдаанаар “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г хэлэлцэж байхад Д.Ганбат гишүүн “Коронавирусний халдвар орж ирээд бараг хоёр жил болчихлоо. Монгол Улсын ихэнх аймагт халдвар тарлаа, АН-ын засаглаж байгаа гурван аймагт л халдвар тархаагүй байна” хэмээн “хаашаа ч болж мэдэх” зүйл ярив. Яахав, “Сайнтай муутай сав дүүрдэг”, “Уулын мод урттай богинотой” ч гэдэг дээ. Нэгэнт л баянхонгорчууд сонгосон учраас бүрэн эрхийнхээ хугацааг дуусгаж таарна. Одоо ч юу юугүй он гарч, сонгуулийн чимээ хаалга тогшино, Чухам юу яриад явах юм бол доо. Сүүлийн хэдэн сар чимээгүй байгаагийн цаана чухам юу байгаа юм бол.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top