Бодол, мэдрэмжийн зөрчил үгүй төгөлдөр хуурч ба Л.В.Бетховены концерт

2023 оны 11 сарын 10

Бодол, мэдрэмжийн аливаа зөрчил үгүй төгөлдөр хуурч Ц.Энхтөр сонсогчдыг гайхалтай ховор, төгс төгөлдөр рүү хөтлөн аваачих хөгжмийн тоглолтыг Л.В.Бетховены “Төгөлдөр хуурт зориулсан V концерт”-оор Монгол Улсын Филармонийн концертын танхимд энэ оны 11-р сарын 10-ны өдөр толилуулах гэж байна.

Л.В.Бетховены V концерт энэ үдэш сэтгэлгээний тэнцвэрт байдлын онцгой илрэл болсон “орон зайн төвлөрөл” болон хувирах биз ээ.

Учир нь Бетховен хөгжимчдөд ихэвчлэн хөгжмийн төвөгтэй хэллэгийг боловсруулах, заримдаа түүнийг тэмтрэн хайх замаар үзэгчдийн ой тойнд ортол таниулах гэсэн хоёрдмол давхар сорилтыг тавьдаг бөгөөд төгөлдөр хуурч түүний бүтээлийг өөрийн гүйцэтгэлтэйгээ “хамсруулан бүтээгч”, хөгжмийн эгшгийн эрчмийг “дамжуулагч” нь болдог.

“Академик” төгөлдөр хуурч Ц.Энхтөр нь 1992 оноос хойш жилд хоёр удаа бие даасан тоглолтуудыг хийх зорилгынхоо хүрээнд 30 гаруй жилийн туршид тасралтгүйгээр төгөлдөр хуурын гоцлол, хоршил, цөөхүүл (камерны) гэсэн чиглэлээр уран бүтээлээ толилуулж яваа “жинхэнэ” мэргэжлийн төгөлдөр хуурын тоглооч мөн. Тэрээр СУИС-ийн Мэргэжлийн төгөлдөр хуурын тэнхимийн багш, олон чадварлаг төгөлдөр хуурчдыг төрүүлэн сургасан хүндэт профессор хүн.

Түүний уран бүтээл манай нэрт удирдаач-маэстро болох Ч.Жамсранжав, Н.Бүтэнбаяр, Ц.Баатаржав, Н.Туулайхүү, Ж.Бүрэнбэх, Д.Нямдаш, Б.Лхагвасүрэн нартай уран бүтээлийн салшгүй холбоотой бөгөөд энэ үдэш ч Екатеринбург хотын Филармонийн удирдаач Б.Энхбаатарын урилгаар Бетховены төгөлдөр хуурын концертыг хамтран тоглох гэж байна. 

Төгөлдөр хуурч Ц.Энхтөр нь АНУ, Хятад, Япон, Франц, Орос зэрэг гадаадын олон оронд бүтээлээ тоглосоор ирсэн. Түүнийг АНУ-ын тайзнаа уран бүтээлээ толилуулсан “анхны монгол төгөлдөр хуурч” гэдгийг хэн бүхэн мэдэх биз ээ. Мөн тэрээр Японы “Сантори холл”-д тоглосон монгол төгөлдөр хуурчдын анхдагч нь байж чадсан хүн.

Олон улсын А зэрэглэлийн асар нэр хүндтэй, өндөр шүүлтүүртэй уралдаан тэмцээнд амжилт үзүүлж ирснээс цөөнхийг дурдвал:

ŸП.И.Чайковскийн нэрэмжит Олон улсын XI уралдаан

ŸХамамацугийн Олон улсын академик хөгжмийн төгөлдөр хуурчдын II уралдаан

ŸА.Г.Бахчиевын нэрэмжит хоршил төгөлдөр хуурчдын Олон улсын VIII уралдааны III байрын шагналт

ŸФранцын “Merignac Piano open” хоршил төгөлдөр хуурчдын Олон улсын уралдааны Гранпри шагналт зэргийг нэрлэхэд л хангалттай.

Ц.Энхтөр нь Монголын Орчин цагийн хөгжмийн бүтээлийг түгээн дэлгэрүүлэгч соён гэгээрүүлэгч төгөлдөр хуурч мөн. Тэрээр нэрт хөгжмийн зохиолч Б.Шаравын бүтээлийн 80 орчим хувийг зохиогчийн өөрийн нь хүсэлтээр тоглож амилуулсан сонгодог хөгжимчин, Х.Билэгжаргал, З.Хангал нарын бүтээлүүдийг шинэчлэн тоглож, нийтэд хүртээсэн нь зохиогчдын хүсэл сэтгэлд нийцсэн уран бүтээл болсон бөгөөд CD болгон бичүүлж нийтэд хүртээсэн нь ихээхэн амжилтад хүрсэн.

Түүний хувьд төгөлдөр хуурч-багш мэргэжлээр ажилласан 20 жилийнхээ түүхэнд зориулан 2016 онд В.Моцарт, Ф.Шопен, С.Прокофьев, З.Хангал, Э.Григ нарын төгөлдөр хуурт зориулсан концертуудаар хийсэн “Таван концертын тоглолт” нь хамгийн нэр хүндтэй, үнэ цэнтэй ажил болсныг гэрчилдэг. Учир нь Монгол улсын сонгодог, дан хөгжмийн түүхэнд урьд өмнө хийж байгаагүй 5 өөр хөгжмийн зохиолчийн 5 өөр төгөлдөр хуурын хоёр цаг гаран үргэлжлэх концертын бүтээлийг нэгэн дор тоглож байсан нь үгүй юм.

 

Л.БЕТХОВЕНЫ ТӨГӨЛДӨР ХУУРТ ЗОРИУЛСАН V КОНЦЕРТЫН ТУХАЙД

Наполеоны цэргүүдэд бүслэгдсэн үед Австрийн нийслэл Вена хотын оршин суугчдад тэр дундаа Л.В.Бетховены хувьд хүнд хэцүү үе байсан ч тэрээр хөгжмөө зохиосоор л байсан.

1809 онд Л.В.Бетховен төгөлдөр хуурт зориулсан сүүлчийн V концертоо Австрийн эрхэмсэг эрцгерцог Рудольф-д зориулан бүтээжээ.

Л.В.Бетховены энэхүү Es-мажорын төгөлдөр хуурын концертыг “Императорын” мөн “Их концерт” ч гэж нэрлэдэг.

Энэхүү бүтээл нь төгөлдөр хуурын бусад бүх концертоос хавь илүү, маш удаан үргэлжилдэг бүтээл. Эхний хэсэг нь айзмын тоогоороо V, IX симфонийн ижил төстэй хэсгүүдээс ч илүүрхсэн байдаг. Гэхдээ хамгийн чухал нь уг бүтээл үзэл санааны болон агуулга дүрслэлийн багтаамж, баатарлаг шинжит аялгуугаар дэндүү ханасан хөгжим, гоцлол төгөлдөр хуурын эрч хүчийг урьд өмнө хэзээ ч байгаагүй уран сайхны цар хүрээгээр илэрхийлж чадсан агуу концерт мөн болно.

Гэхдээ Бетховен уг бүтээлдээ дайн тулааны чимээ шуугианыг натурал байдлаар нь бус тухайн үеийн түгшүүртэй нөхцөлийг ерөнхийлсөн нийгмийн байдлаар нь хөгжмийн бүтээлдээ тусган харуулахыг зорьсон байдаг. Учир нь Бетховентой хамгийн хамааралтай байдаг баатарлаг тэмцэл, ялалт, эр зориг, сүр хүчний гэх олон дүр төрхийг багтаан илэрхийлсэн.

Бетховены V концерт нь эдгээр уран сайхны урам зориг, хүсэл тэмүүлэлтэй хэдий нийцдэг ч ийм төрөл жанрын бусад бүтээлтэй ямар ч нийтлэг зүйл байдаггүй.

Энэхүү түгшүүртэй он жилүүдийн эх оронч үзлийг тусгахдаа баатарлаг тэмцлийн диалектикийг оюун санааны баялаг дүр төрх болгон хувиргаж чадсанаараа, мөн концертын хэлбэрийг симфоничлон зохиосноороо онцгойрдог бүтээл мөн.

V концерт нь гүнзгий бодол сэтгэл хөдлөлөөр дүүрэн асар том бүтээл бөгөөд түүний цар хүрээ нь төгөлдөр хуур эгшиглэх анхны хэллэгээс л тод илэрдэг.  Гялалзсан хөгжүүлэгт Бетховены өвөрмөц ялгаатай байдал болох хүч чадал, тайван хүсэл гэсэн эсрэгцлийг гаргасан.

Эхний ангийн оршил "Allegro" нь найрал хөгжмийн зэмсгийн дуугаралтыг бүхэлд нь хамруулдаг тутти (tutti) аккордууд болон төгөлдөр хуурчийн шудраа (passage) техникээр маш өргөн диапазоныг эсрэгцүүлэн харуулсан байдаг. 

Эхний гурван айзам (такт)-д бүтээлийн бүхий л хэсгийг илэрхийлсэн хэлбэршүүлэлтийн гурван элементийг төвлөрүүлсэн байна.

Эрчмийг хуримтлуулсан хэмнэл-аялгууны импульс:

Дуулал, Магтуу:

Хэмнэлийн өргөлтүүд-квартын хөдөлгөөнийг агуулсан угтвар айзам.

Оркестрын Таниулга-(Exposition) хэсгийн хүчирхэг симфонилог тархалтууд нь 100 гаруй айзмыг агуулдаг нь эдгээр гурван элементээс үүдэлтэй бөгөөд туслах хэсгийн харилцан уялдаатай хоёр сэдэв аялгуугаар баяжигддаг.

ŸЭхнийх нь төгөлдөр хуурын марш хэлбэрийн сэдэв аялгуу (es-moll-Ges-dur)-аар тодорхой илэрхийлэгддэг.

ŸХоёр дахь нь угалзан бүрээний уриа дуудлагын шинжтэй дүр төрхийг магтуу дуулал болгон хувиргасан сэдэв аялгуу (Es-dur).

Эдгээр нь -гоц өрөг(Tonic)-ийн тулгуур, -уруудсан эгшиглээт мөчлөг (motive), -квартаар илэрхийлэгдсэн урьтал айзмын хөдөлгөөн гэсэн гурван элементээс бүрдэх гол аялгуугаар найрал хөгжмийн дуугаралттай нийлүүлдэг.

Туслах хэсэг нь марш хэлбэрийн пианиссимо (pp) нюансаар гаргасан хоёр сэдвээс бүрдэх бөгөөд туйлын тодорхой, гол хэсгийн эхний элементийн тасалдсан хөгжүүлэг бүхий магтуу дуулал нь хоёр дах мотивын эгшиглээгээр баатарлаг, ялалтын дүр төрхөд шилжинэ. Төгсгөлийн квартын хөдөлгөөний олонтоо эгшиглэх аялгажуулга нь найрал хөгжмийн таниулга хэсгээр дуусгах нь гоцлоочийн тоглох мөчийг бэлдэж өгч буй мэт. 

Үүний гол аялгуу нь илүү уянгын шинжтэй, мотив-сэдэл нь чөлөөтэй өөрчлөгдснөөр туслах хэсгийг бүрдүүлэгч сэдэв хоорондын ялгааг улам бүр гүнзгийрүүлж, exposition нь найрал хөгжмийн хүчирхэг дуугаралтаар төгсдөг. 

Хөгжүүлэг-(development) хэсэгт гол хэсгийг бүрдүүлж буй мотивууд зөрчилдсөнөөр баатарлаг тэмцлийн нүсэр цар хүрээг тутти болон гоцлол хөгжмийн тоглолтоор харьцуулан гаргасан байна.

Давтал буюу Тайлал (Reprise) хэсэг төгөлдөр хуурын гоцлолоор Каденци (Cadence) руу тэмүүлэх хөдөлгөөнийг оргил (Culmination) хэсэг рүү шилжүүлж өрнөдөг.

Энэ нь угалзан бүрээ хөгжмөөр эгшиглэж, туслах хэсгийн магтуу сэдэв рүү шилждэг. Аялгууны хөгжил хэд хэдэн өгсөж уруудсан хөдөлгөөнөөр төгсгөл (Coda) хэсэгт үргэлжлэх ч гоцлол хэсэг нь төгсгөл хүртлээ маш идэвхтэй дүр төрхөө хадгалсаар байдаг.

Төгөлдөр хуурч найрал хөгжим хоёрын харилцан үйлчлэлийн динамик тал нь юун түрүүнд янз бүрийн хөгжмийн зэмсгийн дуугаралтын далайцтай холбоотой байдаг. Тиймээс тутти тоглохдоо төгөлдөр хуур нь эгшиглэгээний дээд хүчээ харуулах боломжтой боловч модон үлээвэр хөгжимтэй дуугаралтын үйл явцыг тохируулах шааардлагатай байдаг.

Эхний хэсэгт өрнөсөн тэмцлийн сүр жавхлантай дүр зураглалаас ялгаатай хоёр дахь хэсэг болох Adagio un poco moto нь зэмсэгжүүлгийн сонголтын хувьд танхимын (chamber) шинжийг хадгалснаараа (хөгжмийн зохиолч энд тимпани, валторныг ашигладаггүй) онцлогтой. Хоёр сэдэв аялгууны хоорондох дүр төрх-дэвсгэр өнгө аясын огтлолцсон холбоосыг сурдин(sourdine)-тэй чавхдаст хөгжмийн аялгуу нь олон хоолойн дуу (chorale) маягаар эхэлж сэтгэл татам тун ховор уянгалаг, халуун дулаан уур амьсгалыг цацруулдаг. Энэхүү олон хоолойн дууны  фактур (texture)-тай утсан хөгжмийн уянгалаг аялгууны дуугаралтад төгөлдөр хуурын гоцлол дахь фразууд (phrase) -“хариулт” нь болдог.

Сэдэв аялгуунууд хувилбарт хэлбэрээр илрэхдээ: эхний хувилбар аяз нь баяр хөөр, хүсэл тэмүүллээр дүүрэн, хоёр дахь нь тайван дөлгөөн байна. Богинохон төгсгөл нь төгөлдөр хуурын хөдөлгөөн дээр суурилагдсан бөгөөд аажмаар доод регистр (sound register)-т бүдгэрэн ууссаар замхарна.

Гурав дахь хэсэг. Allegro- гурван айзмаас бүрдэх хоёр дахь холбоос аялгуутай нэгдэнэ. Эрч хүчтэй гол хэсэг нь эхлээд гоцлол хөгжимчин, дараа нь найрал хөгжмийн хэмнэл, эрс тэс динамикийн ялгарамжаар баяжуулсан. Туслах хэсэг нь уянгалаг бүжгийн хөдөлгөөнтэй хоёр сэдэв аялгуунаас бүрдэнэ. Гол аялгуу нь хөгжүүлэг хэсэгтээ олон удаа үндсэн дүр төрхөө өөрчилж байдаг. Тайлал хэсэг нь таниулга хэсгээс үндсэндээ нэг их ялгаатай биш боловч төгсгөлдөө гол аялгууг өөр өөр дэвсгэр хөг (tonality)-т хоёр удаа баталгаажуулсан байдаг. Төгсгөл нь баяр хөөртэй цуваа шудруулгаар дүүрэн. Баяр баясгалантай хэсгүүдийн дүрд тоглох хэмнэлийн томьёолол нь кодад дээд зэргээр ноёрхдог. Төгсгөлд нь динамик гэнэт унаж, төгөлдөр хуурын хэсгүүдийн аажим богино дуугаралт (sempre, diminuendo, ritardando, Adagio). Энэ бол финалын хамгийн яруу гойд хэсэг юм.

Бетховены төгөлдөр хуурын V концертыг бүтээсэн цаг үеийг авч үзвэл түүний анхны тоглолт тэр дороо тоглогдож чадаагүй нь гайхах зүйл биш юм.

Энэ нь зөвхөн 1811 оны 12-р сард Лейпцигт тоглогдсон бөгөөд уг бүтээлийн анхны гоцлооч нь төгөлдөр хуурч Фридрих Шнайдер байв. Харин Вена хотод 1812 оны хоёрдугаар сард уг концерт тоглогдсон. Тэр үед Бетховен (сонсгол нь муудсаны улмаас) тоглох боломжгүй болсон бөгөөд гоцлол тоглооч нь түүний шавь залуу төгөлдөр хуурч Карл Черни байсан. Түүний энэ тоглолт уг концертын “Дебют” болж чадсан. 

Бетховен ерөнхийдөө түүний тоглолтод нь сэтгэл хангалуун байсан гэлээ ч зарим хөгжмийн чимэглэлийг түүний зөвшөөрөлгүйгээр нэмснийг эсэргүүцэн: “Хэрэв энэ бүтээлийг яг бичсэнээр нь сонссон бол та зохиогчийг нь лав уучлах байсан биз” хэмээн хэлсэн байдаг. Харин ч К.Чернигийн хэт их зоргоороо тоглосон тоглолт нь уг бүтээлийн амжилтад саад болоогүйгээр үл барам Венийн тоглолтыг маш их амжилттай  болгож чадсан юм. Зарим шүүмжлэгчид хөгжмийн зохиолчийг хэт удаан үргэлжилсэн урт бүтээл гэж зэмлэсэн боловч энэ нь сонсогчдын таашаалд огтоос нөлөөлж чадаагүй юм.

Бетховены бүтээл баруун Европын хөгжимд шинэ хэв маягийн үзэгдэл үүсэхэд хүчтэй нөлөө үзүүлсэн. Сонат-симфонийн цикл, гоцлол төгөлдөр хуурчийн үүргийг дахин эргэцүүлэн бодох замаар хөгжимчдөд тавигдах шаардлагыг өөрчилж чадсанаараа онцлогтой юм.

Бетховены шавь нар хөгжмийн зохиолчийн тоглолтын хэв маягийг хөгжмийн хэллэгээр илэрхийлэх арга техникээр баяжуулж гүйцээж байсныг санах нь зүйтэй.

Ф.Рис “Бетховены төгөлдөр хуурын дуртай арга барилын нэг нь хурдыг удаашруулан эгшиглэгээний хүчийг нэмэгдүүлэх гэсэн хоёр аргыг хослуулах явдал байсан” гэж гэрчилдэг. А.Шиндлер “ Миний сонсож байсан Бетховены бүх зүйлээс маш цөөхөн тохиолдлыг эс тооцвол ямар ч хурд (темп)-ны хязгаарлалтаас бүрэн ангид байж чаддаг. Энэ бол цэвэр агуулгаар тодорхойлогддог жинхэнэ утгаараа tempo-rubato юм” хэмээж.

Тиймээс Бетховены уран бүтээлийн аливаа хурдыг “Барокко эринд хөгжиж, зөвхөн Венийн сонгодог төдийгүй Романтик эрин үед шинэ стиль хэв маягтай болж чадсан [ярьдаг аялгуу]-аар дүүрэн байх ёстой” хэмээн судлаачид үзсэн байдаг.

Уншигч сонсогч та бүхэн хөгжмийн хэллэгээр хүртэх оюун санааны тохиргоог энэ үдшийн тоглолтоос хүртэх нь дамжиггүй.

 

М.Мөнгөнсүх /Хөгжим судлаач/

2023.11.09

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(59.153.112.12) 2024 оны 01 сарын 04

Mongold ahij iim sain pianist turuhgui l baigaa um daa

0  |  0
Ф233(66.181.177.10) 2023 оны 11 сарын 11

Мундаг бичжээ. Урлаг судлал шүүмж амьд бгаа л юм бн. ”Байлгаж” байгаа эднийгээ харин хэр дэмжиж бдаг юм бол доо.

0  |  0
Top