НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгох талаар ГИШҮҮД ЮУ ХЭЛЭВ?

Б.Гантуяа | Zindaa.mn
2023 оны 10 сарын 20

НӨАТ-ын буцаан олголтыг 2 хувиас 5 хувь болгож нэмэгдүүлэх асуудлаар иргэдийн саналыг УИХ цахим системээр дамжуулан авч эхэлсэн. Богино хугацаанд олон мянган иргэний дэмжлэг аваад буй энэ асуудлаар зарим намуудын төлөөлөл, улстөрчдын илэрхийлсэн байр суурийг хүргэж байна.


  • УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга  Э.Батшугар:

УИХ-ын “D-Parliament” цахим системд нийтийн өргөдөл хүлээн авах “D-Өргөдөл” дэд систем ажиллаж эхэллээ. Хамгийн эхний өргөдөл болох НӨАТ-ын буцаан олголтыг 2 хувиас 5 хувь болгон нэмэгдүүлэх саналыг УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Х.Ганхуяг болон миний бие хамтран санаачилж тус системд байршууллаа.

НӨАТ-ын буцаан олголтын хувийг нэмэгдүүлэх замаар өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотойгоор иргэдэд ирж буй үнийн дарамт, ядуурлыг бууруулах, нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тооны өсөлтийг нэмэгдүүлэх, улмаар далд эдийн засгийг бууруулах боломжтой гэж үзэж байна.

  • УИХ-ын гишүүн Д.Ганбат:

Манай парламентаас явуулж буй 100 мянган хүний саналаар өөрчилье гэдэг санаа зөв өө. Г.Занданшатар дарга зөв санаачлага гаргасан байна. НӨАТ-ын хоёр хувийг  таван хувь болгоход шаардлагатай 600 тэрбум төгрөг чинь буцаад ороод ирнэ ээ, Жавхлан сайд аа. Монгол улс  гурван сая 500 мянган татварын байцаагчтай боллоо л гэсэн үг. Иргэдийн санхүүгийн мэдлэг сайжирна. Миний төсвийг хаана, юунд зарцуулж байна гэдэг хяналтаа тавина. Иргэддээ буцаан өгөхөөр төсвийн зарцуулалт сайжирна.

  • УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга. Г.Тэмүүлэн:

Үндэслэл, тооцоо, судалгааны хувьд буцаан олголтыг 5 хувь болгоход тооцоо судалгаа хэрэгтэй.  УИХ-ын даргын энэхүү санаачлагыг УИХ дахь МАН-ын бүлгийн төвшинд хэлэлцэнэ. Төсвийн орлогын 25-30 орчим хувийг бүрдүүлж байна. Төсөвт хэр ачаалал өгөх талаар тооцоо судалгаа хийх хэрэгтэй.  Ер нь бол цаашдаа  татварын ачааллыг бууруулах талаар судалгаа хийж байна.

Энэ мэт судалгааг дууссны дараа хуулийн өөрчлөлтийг хийж явна гэсэн бодлоготой байна. Татварыг төсвийн орлого бүрдүүлэх механизм гэж харахаас  гадна эдийн засгийг идэвхжүүлэх хөшүүрэг болгох, эдийн засгийн хүртээмжтэй бодлогыг татвараар дамжиж явуулдаг. Татвар өссөнөөр эдийн засаг өснө гэсэн үг биш. НӨАТ бол бизнесийн татвар биш учраас иргэдийнхээ эрх ашгийг хангах талд шийдэх нь зүйтэй.

  • УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

УИХ-ын дарга Г.Занданшатар НӨАТ-ын буцаалтыг 5 хувь болгон нэмэгдүүлэх санаачлага гаргаж олон нийтийн анхааралд оруулж ирлээ. Худалдаа үйлчилгээний үе шат бүрт нэмэгддэг НӨАТ-ын татварыг хамгийн эцэст хэрэглэгч л төлж байна. Жишээ хэлье. Энэ савтай ус 1000 төгрөгөөр үйлдвэрээсээ гарлаа. Улаанбаатар хотын бөөний төвд 100 төгрөг нэмэгдээд очлоо. Тэндээсээ Ховд аймгийн төвийн бөөний төвд очно. Аймгийн төвөөсөө Баянт сумын Дорж энэ усыг 1600 төгрөгөөр авч ууж байгаа юм. Харин бөөний төвүүд НӨАТ-ын баритм л өөр хоорондоо шилжүүлээд байхаас НӨАТ төлөхгүй. Харин иргэн Дорж эцэст нь төлж авч ууж байна гэсэн үг. Тиймээс НӨАТ-ын татварыг 10 хувиас 5 хувийг буцаах УИХ-ын даргын санаачилсан хуулийг дэмжиж байна. 140 мянган идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн 80 мянга нь НӨАТ төлөгчөөр бүртгүүлсэн байна. 250 мянган хувиараа хөдөлмөр эрхэлж буй хүмүүсийн 50 мянган нь НӨАТ төлөгчөөр бүртгүүлсэн байна. НӨАТ-ын буцаан олголт 5 хувьд хүргэх нь үлдсэн аж ахуйн нэгж, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг НӨАТ төлөгч болох ёстой. Ингэснээр татварын бааз суурь нэмэгдэнэ.

  • Эдийн засагч, судлаач Ц.Лут-Очир:

Иргэдийн НӨАТ-ын буцаалтыг 5 хувь болгочихвол сайн л байна. ЗГ бүсээ чангалж, бага мөнгөөр үр бүтээлтэй ажиллаж сурах учиртай. Гэхдээ ирэх оны төсөвт төсвийн орлогоо 20 хувь нэмж байгаа. Нөгөө талд бизнес эрхлэгчдээс авах татвараа эрс нэмнэ гэж тооцоолжээ. Татвараар бүрдсэн орлогыг хаашаа ч хамаагүй үргүй цацдаг учраас хүмүүс НӨАТ-г буцааж авья гээд байгаа юм шүү дээ. Цэрэг цагдаа, онцгой байдал, эмч сувилагч, багш нар төсвөөс цалинжиж байгааг бүгд мэднэ. Төсөв шударга хуваарилдаг бол дургүйцэх хүн гарахгүй байх аа.

 

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бадам(59.153.114.240) 2023 оны 10 сарын 22

одоо 2 хувийг буцааж байгаа гэх боловч 1,912 хувийг буцааж байгаа жишээлбэл 10000 төгрөгийн худалдан авалт хийхэд 2 хувиар тооцвол 200 төгрөг буцаах ёстой гэтэл 182 төг 40 мөнгө буцаадаг 8,8 хувь нь хасагддаг яагаад гэдэг нь ойлгомжгүй цаашид 5 хувиар олгох болбол энэ 8,8 хувь бас хасагдахуу хасах үндэслэл байгаа бол хасч болно л доо шалтгаан үнлэслэлээ ард түмэнд ойлгуулах хэрэгтэй 2 хувиар буцааж байгаа гэчихээд нууцаар 8,8 хувийг нь хасаад байх нь хир зохистой вэ ард түмэн чинь бас тоо бодож чадна шүү дээ

0  |  0
Top