Төсөв, мөнгөний бодлогод шаардлагатай тохируулгыг цаг алдалгүй хийх нь ЧУХАЛ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 10 сарын 17

Эдийн засгийн үйл ажиллагаа зөв явагдахад мөнгөний үүрэг маш чухал юм. Түүнчлэн энэ үүргийг хангахын тулд Төв банкны мөнгөний бодлого нь инфляцыг тогтвортой бага түвшинд байлгаснаар төгрөгийн худалдан авах чадварыг хамгаалах учиртай юм. Инфляцыг тогтвортой бага түвшинд байлгах зорилго нь улс орны эдийн засгийг тогтвортой хөгжлийн замд хүргэх өргөн цар хүрээтэй зорилгод чиглэгддэг болохыг мэргэжилтнүүд хэлдэг.

Тодотгоход, Монголбанкнаас 2023 есдүгээр сарын 25-ны  “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн. 

Төслийг УИХ-д өргөн барьсантай холбогдуулж, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн байр сууриа илэрхийлэхдээ: 

Инфляц, түүний хүлээлтийг тогтворжуулахын тулд өнгөрсөн оны турш мөнгөний бодлогын төлөвийг чангаруулсан шийдвэр гаргаж, энэ онд бодлогын хүүг хэвээр хадгалсаар байна. Энэ хатуу бодлого нөлөөгөө үзүүлж байгаа. Цаашдын инфляц, эдийн засгийн тогтвортой байдалд мөнгө, төсвийн бодлогын оновчтой хослол чухал хэвээр байна. Бодлогын хүү ямар байх нь инфляц төв банкны зорилтод түвшин болох 6+/-2 хувь руу тогтворжих хандлагаас шууд хамаарна. Цаашид, гадаад хүү, худалдааны түнш орнуудын инфляц болон тэдгээрийн валютын ханш, дотоод эдийн засгийн идэвхжил, төсвийн бодлогын төлөв, экспортын гүйцэтгэл гэсэн хүчин зүйлсийг зайлшгүй анхаарч байх учиртай. Цаг агаарын нөхцөл, олон улсын харилцаа, тээвэр логистикийн нөхцөл ч анхаарах асуудал юм.

Дараагийн зүйл бол, нийлүүлэлтийн гинжин сүлжээг сайжруулах, нийлүүлэлтийн шалтгаантай хүнсний инфляц эрчимжих эрсдэлийг бууруулахын тулд нийлүүлэлтийн тасралтгүй, тогтвортой байдалд анхаарах нь ямар чухал болохыг өнгөрсөн жилүүдийн туршлага харууллаа. Нийлүүлэлтийн шалтгаантай инфляцад мөнгөний бодлогоор шууд нөлөөлөх боломжгүйг бид бүгд мэднэ.

Нөгөө талаар, экспортын биет хэмжээ энэ жил Засгийн газрын зорилтот түвшинтэй нийцтэйгээр өндөр өсөлттэй байгаа нь эдийн засаг, гадаад тэнцвэрт эерэг нөлөө үзүүлж байна. Нүүрсний экспортын үнэ, хэмжээ энэ жилийн өндөр түвшинд ирэх онд хадгалагдах эсхүл үл хадгалагдахаас хамаарч төсөв, мөнгөний бодлогод шаардлагатай тохируулгыг цаг алдалгүй хийж дотоод тэнцвэр, цаашлаад макро тогтвортой байдлаа хадгалах нь нэн чухал бодлогын сонголт болно гэж харж байна" гэсэн юм. 

Мөн төсөлд тусгаснаар,  эдийн засгийг энэ онд уул уурхайн салбар голлон тэтгэж, өсөлт 6 орчим хувьтай байх, экспорт саадгүй үргэлжилбэл ирэх онд энэхүү өсөлтийн эрчийг хадгалах тооцоололтой байгаа аж. Инфляцыг бага түвшинд бууруулах нь эдийн засгийн тогтвортой, хүртээмжтэй өсөлтийг хангахад суурь нөхцөл болох тул инфляцыг дунд хугацаанд 6 хувь (+/-2 нэгж)-ийн интервалд тогтворжуулах мөнгөний бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр тусгажээ. 

Энэ нь Монгол Улсын эдийн засаг дунд хугацаанд тогтвортой өсөх, хувийн секторын хэрэглээ, хөрөнгө оруулалтыг дэмжих үндсэн хөшүүрэг болно гэж үзжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top