Морин хуурын чуулга Версалийн ордны хааны дуурийн театрт анх удаа тоглолт хийлээ

2023 оны 10 сарын 12

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Франц Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Монгол Улсын Соёлын элч Морин хуурын чуулга 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Версалийн ордны Хааны дуурийн театрт анх удаа тоглолт хийв.

Тоглолтыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, гэргий Лувсандоржийн Болорцэцэг болон Бүгд Найрамдах Франц Улсын Европ, Гадаад хэргийн сайд Катерин Колонна зэрэг францын төр, засаг, нийгмийн зүтгэлтнүүд, Парист төвтэй олон улсын байгууллагын удирдлагын төлөөлөл зэрэг 600 орчим өндөр албаны зочид урилгаар үзлээ.

Морин хуурын чуулга Версалийн ордны Хааны дуурийн театрын тайзнаа өөрийн урын сангаасаа үндэсний, ардын болон сонгодог төрлийн 15 бүтээлийг толилуулсан нь үзэгч олны талархлыг хүлээсэн бөгөөд тус театрт тоглосон Монголын анхны уран бүтээлчид болсноороо онцлог байв.

Морин хуурын чуулга үүсгэн байгуулагдсанаас хойш 31 жилийн хугацаанд 30 гаруй оронд 650 гаруй тоглолт хийгээд байна. Тухайлбал, АНУ-ын Нью-Йорк хотноо НҮБ-ын төв байр, БНФУ-ын Парис хотноо ЮНЕСКО-ийн төв байр, ОХУ-ын Большой театр, БНХАУ-ын Үндэсний их театр (Сувдан театр), Япон Улсын NHK телевизийн концертын их танхим болон Сиднейн Дуурийн театрт амжилттай тогложээ.

Морин хуурын чуулга нь 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдөр БНФУ-ын Нант хотын консерваторын тайзнаа мөн тоглох юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Баттүшиг(103.57.95.145) 2023 оны 10 сарын 12

Уг нь төрийн дуулал явж бгаа юм шиг бна. Гэтэл цаана нь англи хэлтэй гэдгээрээ алдаршсан 2023 олимпийн хорооны Баттүшиг маасайтал инээсээр

0  |  0
Top