Сураагүй биш Д.СУМЪЯАБАЗАР ҮЛДЭНЭ

Б.Төрбат | Zindaa.mn
2023 оны 10 сарын 02

Монгол Улсад "ногоон автобусны хэрэг" гэх нэршил нэмэгдлээ. Одоогоор эл хэрэгт дөрвөн хүнийг цагдан хорьж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Тэдний араас хэдэн хүн явахыг таашгүй.

Тэдний дунд "Түгжрэлийн сайд" гэгдэх Ж.Сүхбаатар ч багтаж мэдэхээр байгаа талаар албан бус эх сурвалж мэдээлж байна. 

Хуучин ногоон автобус оруулж ирсэн хэрэгт Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар бухимдаж, нарийн нягт шалгах үүрэг өгсөн гэх. Дээр нь, УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр /2023.10.02/ чуулганы нээлтийн үеэр нийтийн тээврийг тойрсон авлигын хэргийг шалгаж, буруутай хүнд нь хариуцлага тооцох ёстой гэдгийг тодотгосон. Түүнчлэн УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Хөрөнгийг нь Ж.Сүхбаатар сайдын багцад тавьж өгсөн. Тэр хөрөнгө яав, хэн буруутай хүнтэй нь л хариуцлага ярих байх гэж бодож байна" хэмээн ярьжээ. 

Харин парламентад суудалтай ХҮН-аас энэхүү хэрэгтэй холбогдуулан Хотын дарга Д.Сумъяабазарыг огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэлсэн талаараа мэдээлэл өгөөд байгаа юм. 

Ямартай ч УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар Засгийн газрын сайдын ажлаа өгөхөө мэдэгджээ. Энэ нь нэг талаараа улс төрийн хариуцлага, ёс зүй мэт харагдаж байгаа ч нөгөө талаараа Хотын дарга Д.Сумъяабазар руу чиглэх галыг намжаах хэлбэр ч байж мэднэ. Өөрөөр хэлбэл, Ж.Сүхбаатараар "туг тахиж", Д.Сумъяабазар уснаас хуурай үлдэнэ гэсэн үг. 

Ингэж хуурай үлдэхэд Ж.Сүхбаатарын үүрэг чиглэл, өмнө нь хэлж байсан үгс ихээхэн нэмэр болж таарна. Учир нь, хотын авто замын түгжрэлийг бууруулахад хоёр дарга хоёулаа тодорхой үүрэг, чиглэлтэй. Харин нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэл цэвэр Ж.Сүхбаатарын хариуцсан ажил. Үүнийгээ ч Ж.Сүхбаатар өмнө нь хэд, хэдэн удаа хэвлэлд тодотгож байсан. Харамсалтай нь, хуучин ногоон автобус дээр бүдэрчихлээ. 

Гэхдээ олон нийт Хотын дарга Д.Сумъябазарт ч гэсэн хариуцлага тооцох ёстой гэдгийг хэлж байна. Цахим ертөнцөд өөр өөрсдийн байр сууриа илэрхийлээд эхэлжээ. Гэсэн ч сураагүй биш Д.Сумъяабазар үлдэж, Ж.Сүхбаатар явах нь ээ. 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ард(66.181.180.92) 2023 оны 10 сарын 02

Ажиллаж чадахгүй бол албан тушаалаа өгдөг жамтай...

0  |  0
Зочин(103.212.117.110) 2023 оны 10 сарын 02

Боловсрол мэдлэг туршлага байхгүй нэг бөхийг төрд ажиллуулж тэрнээсээ юм шаардаж байдаг сонгогч бидний буруу бна ирэх сонгуульд дахиад сонгов доо

0  |  0
Зочин(202.126.89.113) 2023 оны 10 сарын 02

Сумяа яагаад үлдэнэ гэж

0  |  0
зочин(103.57.95.50) 2023 оны 10 сарын 02

сумьяабазар одоо ажлаа өгөх хэрэгтэй дээ

0  |  0
Шилээ(66.181.186.171) 2023 оны 10 сарын 02

Чадлаараа санаачлагатай ажиллаад хөөгдөх болж байна уу

0  |  0
Top