Ж.Сүхбаатар Засгийн газрын "ШҮДНИЙ ӨВЧИН" боллоо

Б.Төрбат | Zindaa.mn
2023 оны 10 сарын 02

Улаанбаатар хотын авто замын түгжрэл үе, үеийн Засгийн газрын "шүдний өвчин" болсоор ирсэн. Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар энэхүү "шүдний өвчин"-өөс салахын тулд тэрхүү асуудлыг хариуцсан, тусгай сайдтай болоод бүтэн жил гаруй хугацааг үдэж байна.

Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарыг Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга, Засгийн газрын сайдаар томилсон. 

Өнгөрсөн хугацаанд Ж.Сүхбаатар хамаг анхаарал, хүчээ нийтийн тээврийн парк шинэчлэлд чиглүүлсэн гэхэд болно. Харамсалтай нь, нэг ширхэг нь хэдэн зуун сая төгрөгөөр үнэлэгдэх 80 ширхэг ногоон автобус үйлчилгээнд гаргахаар оруулж ирсэн нь "хуучин" байсан нь анхаарал татаж, олон нийтийн шүүмжлэлд өртөөд байна. Уг автобусыг "Тэнүүн-Огоо" компанийнхан БНСУ-аас оруулж ирсэн байдаг.  Тэдний балаг илэрч холбогдох албан тушаалтан, дарга нарыг АТГ-аас цагдан хориод байна. 

Тодруулбал, АТГ-аас "Тэнүүн Огоо" компанийн захирал А.Ганхуяг, Гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбат, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын хэлтсийн дарга Б.Түмэнжаргал болон мэргэжилтэн Ш.Баярсүх нарыг саатуулан шалгаж эхэллээ.

Нөгөө талд автобустай холбоотой хэрэг Засгийн газрын сайд Ж.Сүхбаатар, Хотын дарга Д.Сумъяабазар хоёрыг ч тойрох ёсгүй. Энэ ч утгаараа УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдрийн /2023.10.02/ ээлжит хуралдаанаараа автобустай холбоотой мэдээлэл хийгээд Ж.Сүхбаатар, Д.Сумъяабазар хоёрын тайлбарыг сонсохоор төлөвлөөд байгаа талаар эх сурвалж мэдээллээ. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт сайд нэртэй саад олон бий. Тэдний тоог "Түгжрэлийн сайд" гэтлээ нэрлэгдэх болсон УИХ-ын гишүүн, Засгийн газрын сайд Ж.Сүхбаатар нэгээр нэмлээ. Хэрэв Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сайд нэртэй саад нартаа хариуцлага тооцож, тэднээс эртхэн салахгүй бол Засгийн газар нь ганхаж эхлэх нь цаг хугацааны л асуудал болсон талаар улс төр гадарладаг хүмүүс ярьж байна.

Хамгийн гол нь, нийтийн тээврийн парк шинэчлэл гэх нэрээр ард иргэдээ "хуучин" автобусаар хуурч, төсвийн мөнгөөр тоглосон байж болзошгүй хэрэгт цагдан хоригдсон нөхдөөс гадна "түгжрэлийн саад" Ж.Сүхбаатар ч хариуцлага хүлээх ёстой. Тэдэнд улс төрийн хариуцлага, цаашлаад эрүүгийн хариуцлага ч яригдах ёстой гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мартаж болохгүй.  

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн (183.177.100.4) 2023 оны 10 сарын 02

одоо яах вэ дээ сайд шиг байх ур чадваргүй юм чинь, эртхэн замаас зайлсан нь дээр.

0  |  0
Зочин(202.126.89.124) 2023 оны 10 сарын 02

Сүхбаатар ч харин муухай зан байхгүй байхаа.Ер нь орж ирж байгаа бүх машин хуучин биздээ

0  |  0
Top