А.Хосбаяр: Ярихад жаахан эвгүй ч “Гүйгүүл морь” дууг би хулгайлж олсон

2023 оны 09 сарын 20

Морины олон сайхан дуугаараа нэрд гарч яваа Соёлын тэргүүний ажилтан дуучин А.Хосбаяртай ярилцлаа.


-Та өөрийгөө манай уншигчдад танилцуулаач?

-Намайг Алтангэрэлийн Хосбаярын гэдэг, Дуурийн дуулаач мэргэжилтэй, 1983 онд Төв аймгийн Бүрэн сумд төрсөн. Дунд сургуулиа Бүрэн сумандаа дүүргэж, ахлах ангиа “Хүмүүн” сургуульд төгссөн. Ингээд СУИС-д Ардын жүжигчин А.Дашпэлжээ гэдэг хүний шавь болж суралцсанаар Дуурийн дуулаач мэргэжлээр төгссөн.

-Та яагаад дуучин болох зам мөрийг сонгов?

-Миний хувьд цэцэрлэгт байхдаа морины дуу дуулж анхныхаа уралдаанд түрүүлж байлаа. “Хотгойдын унага”-ыг дуулж түрүүлээд сум, нэгдлийнхээ даргаас бор цаастай бэлэг авсандаа ихэд урамшиж түүнээс хойш жил бүр сургуулийнхаа урлагийн үзлэгт орсон. Урлагийн үзлэгээр наймдугаар анги төгстлөө завсаргүй түрүүлсэн байдаг. Түүнийг гэрчлэх баярын бичиг, диплом олон бий шүү. Багаасаа л  оролцсон уралдаан тэмцээнээс байнга байр эзэлдэг байсан. Манай суманд дуучид ирж тоглолт хийхэд үзэж байгаа хүмүүс ямар их баярлаж, дуучдыг хайрлаж хүндэлж байгааг хараад дуучин болохыг хүсдэг болсон доо.

-Та сая Дуурийн дуулаач мэргэжлээр төгссөн гэлээ. Гэтэл яагаад нийтийн дууны чиглэлээр уран бүтээлээ туурвих болов?

-Хүн болгон Дуурийн дуучин болох албагүй. Бас миний сонирхол нийтийн дуу талдаа байсан. Намайг СУИС төгсөх жил 40-өөд хүүхэд хамт төгсөхөд Дуурийн театр хоолой болгосноос нэг хүүхэд авъя гэсэн санал ирүүлсэн. Түүний нэг нь миний нэр ирж байсан. Энэ нь надад дуурийн урлаг боломж олгосон байх гэж боддог. Миний сэтгэл ардын урлаг, үндэсний урлаг руу илүүтэй тэмүүлж байсан. Бас миний хоолойны онцлог уртын дуунд илүү зохино гэж бодсон хэрэг.

-Танай удамд дуулдаг хүн байсан уу?

-Манай өвөө Ц.Вандансүрэн гэж найр наадам эхлүүлдэг “Түмэн эх” дууг нутаг орондоо олон жил сайхан дуулж ирсэн буянтай хүн байсан. Ээж маань аймгийн урлагийн наадамд олон жил түрүүлсэн. Сайхан ч дуулна. Ер нь ээжийн талд дуулдаггүй хүн байхгүй. Бүгд л өөрийнхөө хэмжээнд эвтэйхэн дуулчихдаг.

-“Гүйгүүл морин” мөн “Адуутай намар” дуунууд яг л таны хоолойд тааруулаад урлачихсан юм шиг. Бас их утга учиртай санагддаг?

-“Адуутай намар” дуу маань дуучнаас нилээд чадвар шаардсан дуу. Шүлгийг нь Төв аймгийн Бүрэн сумын харъяат Н.Энхбаатар, аяыг нь УГЖ Д.Цэвээнравдан бүтээсэн. “Гүйгүүл морь” дуу их философитой, утга учиртай. Гүйж ирж байгаа ганцхан морины тухай биш юм. Сонссон хүнд нэгийг бодуулж, хоёрыг санагдуулдаг учраас илүү хүрсэн юм болов уу. Морины дуу чамд илүү зохино гэж үзэгчид хэлдэг. “Гүйгүүл морь”-г дуулсан түүх их сонин. Одоо ярихад бас муухай юм даа. Манай нутгийн Л.Төмөрбат гэж ая зохиогч ахын нотон дунд шүлэг нь байсан. Тэгээд шүлгийг нь үндсэндээ хулгайлж авсан. Ярихад жаахан эвгүй ч “Гүйгүүл морь” дууг би хулгайлж олсон. Тэгээд яруу найрагчаас нь зөвшөөрөл авч Аранзаа ахад аваачиж өгснөөр дуу бүтсэн түүхтэй. “Гүйгүүл морь” шүлгэнд “Газар үнэрлэн ергөж яваа” гэдэг үг л миний сэтгэлийг ихэд хөдөлгөж хулгайлахад хүргэсэн байх. Мөн дуунд “Эхийнхээ хээлэнд зарагдсан унага ижлээ орхиод нутаг өөдөө гүйж явна” гэдэг. Мэдээж уран сайхны хэтрүүлэгтэй. Гэхдээ адгуус амьтан хүртэл унасан газар, угаасан ус руугаа тэмцэж байхад хүмүүс ямар болчихсон юм бэ. Ер нь хүмүүс эх нутгаа хайрлах, элгэн саднаа энэрэх тухай утга санаа миний уран бүтээлд нэлээдгүй тусгагдсан байдаг.

-Та сая шүлгийг нь хулгайлсан гэлээ шүү дээ. Шүлгийн зохиолчтой учраа олсон уу?

-Шүлгийг нь авсан ахынхаа олон дууг дуулсан. Намайг ойлгосон. “Надад байсан бол ийм дуу төрөхгүй байсан биз. Чи авсан нь ч болж, зөв үйлдэл хийсэн байна” гэж хэлж байсан. Миний уран бүтээлийн 60-80 хувь нь морины тухай дуу байдаг. Хүмүүс ч дийлэнхдээ морины дуу дуулаад өгөөч гэдэг. Миний нэг сул тал гэвэл хүнд “үгүй” гэж хэлж чаддаггүй. Намайг хүндлээд, тоогоод  ирж байхад би татгалзаж чаддаггүй. Болж л өгвөл чадах, ядахаараа дуулахыг хичээдэг. Морины хэрнээ түүнийгээ монгол ахуйтай холбосон дууны санал их ирдэг.

-Та тайзан дээр гарах үеийнхээ мэдрэмжээс хуваалцаач?

-Тайзан дээр гараад би бүхнийг мартчихдаг. Зөвхөн дуугаа дуулах гэж л тайзан дээр гардаг. Тухайн үед баяр жаргалтай, зовлон гунигтай байсан ч юу ч боддоггүй. Тэгж байж л дуундаа орж, дуунаасаа, үзэгч олноосоо аз жаргалыг мэдэрдэг. Үзэгчид алга ташаад хамтдаа дуулахыг сонсох бол юугаар ч илэрхийлэмгүй аз жаргал, эрч хүч, урам зоригийг өгдөг дөө.

-Таныг тун удахгүй тоглолтоо хийх гэж байгаа гэж сонссон энэ талаар манай уншигчдад мэдээлэл өгөөч?

-Миний хувьд "Гүйгүүл морь", "Адуутай намар" ,"Бүжин бор" ,"Зоос бор", "Богд Дүнжингарав" зэрэг олон сайхан дуунууд маань үзэгчдийн сэтгэлд хоногшсон болов уу гэж бодож байна. Түмэн олныхоо  халуун алга ташилтаас урам зориг авч цөөнгүй уран бүтээлээ хийсэн. Уран бүтээлийн тоглолтоо есдүгээр сарын 27-ны өдөр 19:00 цагаас “UB PALACE” -ын концертын их танхимд толилуулна. Мөн хамтран уран бүтээл гаргаж байсан дуучид маань хүрэлцэн ирнэ. Тоглолт үзэхээр ирсэн үзэгчдийг уйдахгүй байлгахыг зорьсон. Ивээн тэтгэгч байгууллагаар “Монгол” грүпп ажиллаж байна. Тасалбар “ticket.mn”-ээр захиалах бөгөөд илүү дэлгэрэнгүй мэдээллийг 99883031, 80505959 дугаараас лавлах боломжтой. Энэ түгжрэл завгүй үед хүмүүсын цагийг хэмнэх үүднээс хүргэлтээр тасалбараа түгээж байгаа.

-Тоглолтоо яагаад “Богд хээрийн дуулал” гэж нэрлэх болсон бэ?

-“Богд хээр” гээд шинэ уран бүтээлийн маань нэр. Энэ уран бүтээлийн маань түүх гэвэл Манлай уяач “Монгол” группын захирал Б.Нямжав ахын маань азарганы тухай дуу. Монголд хурдаараа тэргүүлж байгаа хүлэг гэхэд болно. Ийм хурдан хүлэгт зориулсан дуу учраас  нэр нь “Богд хээрийн дуулал” юм.

С.НОМИНЦЭЦЭГ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top