Энэ зуны Хамгийн үнэтэй 10 наймаа

Автор | Zindaa.mn
2023 оны 09 сарын 02

Есдүгээр сарын 1-нд Европын том лигүүдийн зуны наймааны цонх албан ёсоор хаагдлаа. Ингээд энэ зуны хамгийн үнэтэй 10 наймааг сонирхоцгооё.

10-р байр. Мэйсон Маунт, 24 нас (Челси — Манчестер Юнайтед, € 64,2 сая)

Лампардын “нээлт” Маунт Челсид чадах бүхнээ өгсөн. Байнга өөрчлөгдөх бүрэлдэхүүн, тоглолтын арга барилд таарч чадахгүй үе түүнд байсан. МЮ-д очихоор шийдсэн нь зөв шийдвэр байлаа.

9-р байр. Доминик Собослаи, 22 нас (РБ Лейпциг — Ливерпуль, € 70 сая)

Унгар залууг Английн том багууд эртнээс онилж байсан. Энэ зун Ньюкасл нэлээд хөөцөлдсөн ч Ливерпуль авч чадлаа. Доминик Бундеслигт маш хурдан сайжирч, гоолын момент үүсгэх, биеийн хүч, ачаалал даах чадвараар тэргүүлдэг болсон билээ.

8-р байр. Кай Хаверц, 24 (Челси — Арсенал, € 75 сая)

Өрсөлдөгчөө сулруулах гэж хийсэн наймаа юу гэлтэй. Гэхдээ Хаверц олон байрлалд тоглох чадвартай тул багт өрсөлдөөнийг нэмэгдүүлнэ. Гарааны бүрэлдэхүүнд шууд орсон ч эхний 4 тоглолтод гоол, дамжуулалт байхгүй. Одоогоор үнэндээ тохирсон тоглолт үзүүлэхгүй байна.

7-р байр. Расмус Хойлунн, 20 (Аталанта — Манчестер Юнайтед, € 75 сая)

Энэ наймааг шинжээчид “МЮ өөрийн гэсэн “Холандтай” боллоо гэж ёжилсон. Тиймээ, тэд хоёулаа скандинав, тоглолт, гадаад төрх төстэй. Гэхдээ ориг Холанд ирээд л багийнхаа мэргэн бууч болсон бол Расмус шууд гэмтсэн. Тэр одоогоор өөрийгөө харуулаагүй байгаа ч МЮ их итгэл тавьж байгаа.

6-р байр. Йошко Гвардиол, 21 нас (РБ Лейпциг — Манчестер Сити, € 90 млн)

Хамгийн үнэтэй төвийн хамгаалагчийн эхний байрыг Харри Магуайраас булаан авсан. Дасгалжуулагч Гвардиола түүнийг нэрнээс нь болж аваагүй нь мэдээж.

5-р байр. Рандаль Коло Муани, 24 нас (Айнтрахт — ПСЖ, € 95 сая)

Айнтрахт эцсийн мөч хүртэл, наймаалцаж, хүссэн мөнгөө авч чадлаа. Муани ч ажил хаялт зарлаж байж, Францад очлоо. Хэн хэн нь аз жаргалтай. Харин одоо ПСЖ хэзээ аз жаргалтай болохыг харах үлдлээ. Алдартай хамтрагчдаасаа салж амарсан Килиан Мбаппе түүнийг хэрхэн хүлээн авах бол?

4-р байр. Харри Кейн, 30 нас (Тоттенхэм —Бавари, € 100 сая)

11 настайгаасаа Тоттенхэм багт хүчин зүтгээд авч чадаагүй цомнуудаа тэр Германд авахаар ирсэн. Бавари баг Левандовскийг орлуулах довтлогчтой болсон. Харри эхний 2 тоглолтод 3 гоол оруулаад байгаа.

3-р байр. Жуд Беллингем, 20 нас (Борусси — Реал, € 103 сая)

Мадридад очоод л гоол хийж эхэлсэн. Түүнийг Реал багийн урт хугацааны лидер болно гэж Эзэн хааны баг найдаж байна.

2-р байр. Мойсес Кайседо, 21 нас (Брайтон — Челси, € 116 сая)

Хагас жилийн өмнө түүнийг хүн бараг таньдаггүй байлаа. Брайтоны шинжээчид түүнийг Эквадороос олж ирсэн юм. Өнгөрөн нэгдүгээр сард Арсенал 70 саяар авах гэсэн ч тэд өгөөгүй. Шинэ Канте гэж нэрлээд байгаа.

1-р байр. Деклан Райс, 24 нас (Вест-Хэм — Арсенал, € 116,6 сая)

Англи залуу Европын энэ зуны хамгийн үнэтэй наймааг тэргүүллээ. Түүнийг авахаар Английн бүх шилдгүүд оролдсон ч Вест Хэм хүлээсээр, үнэтэй зарж чадлаа. 24 настай ч Премьер лигт 200, шигшээ багтаа 50 тоглолт хийчихсэн энэ залуугийн удирдах чадвар Арсеналд аваргын титэм авчирч тун магадгүй л юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хүний наймаа (66.181.161.94) 2023 оны 09 сарын 02

Энэ хүний наймаа нээрээ гаарч байнаа

0  |  0
Top