Ө.Эрдэнэчимэг: Төрийн бодлого бүрийн араас үнэлгээг шаардаж байх ёстой

Автор | Zindaa.mn
2023 оны 08 сарын 30

ЗГХХГ-аас санаачилсан “Төрийн бүтээмж ба үнэлгээ, мониторинг” сэдэвт хэлэлцүүлэг өчигдөр боллоо. Тус хэлэлцүүлэгт “Улсын үнэлгээний тогтолцоо ба олон улсын жишээ” сэдвээр илтгэл тавьж оролцсон Монголын үнэлгээний холбооны Үүсгэн байгуулагч, Удирдах зөвлөлийн дарга Ө.Эрдэнэчимэгтэй ярилцлаа.


-Энэ удаагийн хэлэлцүүлгийн ач тус нь юу байх вэ. Төрийн бүтээмж дээр цаашид ямар давуу тал бий болгох вэ?

-Манай улсад 1990 оноос хойш олон улсын байгууллагууд орж ирэх болсон цагаас төсөл, хөтөлбөрийн үнэлгээ хийгдэх болж, ихэвчлэн гаднын үнэлгээний мэргэжилтэнгүүд энэ үүргийг гүйцэтгэж ирсэн. Харин төрийн бодлого, хөтөлбөрийн үнэлгээ төдийлөн хийгддэггүй байсан. Өнөөдрийн хэлэлцүүлгийг Засгийн газар санаачлан явуулж, үнэлгээний ач холбогдлыг тодотгож, өмнө нь илүүтэй хяналт, шалгалт тал руугаа явж байсныг, мөн хяналт-шинжилгээ, үнэлгээ нь бүр нэг үг шиг хэрэглэгдэж байсан талаар хүлээн зөвшөөрч, нээлттэй ярилцаж, ийм төрлийн хэлэлцүүлэг санаачлан зохион байгуулж байгаа нь сайн хэрэг. Хяналт-шинжилгээ, үнэлгээ гэдэг нь нэг үг шиг ойлгогддог болчихсон гэж сая хэлсэн. Гэвч үнэлгээ гэдэг бол ондоо ойлголт. Цаг хугацааны хувьд хэн хийх, хэзээ хийх, ямар зорилт, асуулт дэвшүүлэх вэ гэдэг нь үнэлгээний хувьд өөр. Үнэлгээний ач холбогдлыг зөв  ойлгуулахын тулд хэн нэгний манлайлал маш чухал байдаг. Энэ манлайллыг Засгийн газар өөрөө үзүүлж байгаад баяртай байгаа. Засгийн газрын зүгээс хийж хэрэгжүүлж байгаа бодлого, хөтөлбөр, тогтоол шийдвэртээ илүүтэйгээр хяналт л хийж байсан болохоос бус яг зөв зүйлээ, зөв хийж байна уу гэсэн үнэлгээ, зөвлөмж өгөх асуудал дутмаг байснаа хүлээн зөвшөөрч, цаашид хэрхэн үнэлгээг зөв хийх вэ гэдгээ өнөөдөр хэлэлцэж байна. Энэ оны дөрөвдүгээр сард НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас улс орнуудын Засгийн газар өөрсдөө үнэлгээгээ санаачилж, хийлгүүлэх гэсэн тогтоол гарсан. Манай улс ч энэ тогтоолыг хамтран батлалцсан. Харин үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд ингэж санаачилга гаргаж байгаа нь сайшаалтай. Яам, агентлагуудад өөр, өөрсдийн гэсэн бодлогууд бий. Тэр бүртгээ хэрэгжилтийн, эцсийн гэсэн үнэлгээнүүдийг хийж явах ёстой. Цаашлаад чадаж байвал урьдчилсан үнэлгээг ч хийх хэрэгтэй байдаг. Таван жилийн хугацаатай хэрэгжих бодлого байлаа гэхэд гурван жил өнгөрөхөд нь явцын үнэлгээ хийдэг болох хэрэгтэй. Ингэж байж бид зөв явж байгаа эсэх, хэрэв буруу явж байвал түүнийгээ засаж залруулах боломжтой болно.

-Үнэлгээг хэрхэн хийдэг юм бэ?

- Дэлхийд нийтлэг мөрдөгддөг зургаан шалгуураар үнэлгээг хийдэг. Үр дүнтэй байдал, үр ашиг, тогтвортой байдал, нөлөөлөл, улс орны гол бодлогуудтай хэр нийцэж байна, ижил төстэй зорилгын төлөө бусад төрийн байгууллага, олон улсын байгууллагуудтай хэр уялдаа холбоотой ажиллаж байна гэсэн шалгууруудаар үнэлгээ хийдэг юм. Манай Үнэлгээний холбооноос OECD буюу Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас “Илүү сайн үнэлгээ хийхэд зориулсан илүү сайн шалгуурууд” гарын авлагыг сая  орчуулж дуусаад байна. Мөн үнэлгээний нэр томъёоны Толь бичиг-ийг MERIT төсөл маань гаргаад байна. Засгийн газраас үнэлгээний тусдаа журам, бодлого, хуультай болох эсэх талаар ярьж эхэллээ. Ингэхээр үнэлгээний хувьд шалгуур нь тодорхой, нэр томъёо нь бэлэн, хууль, журам нь гарчихаар цаашдаа улам төгөлдөржих байх. Дээрээс нь Монголын үнэлгээний холбооноос олон улсын мэдлэг, туршлагын гүүр нь болоод ажиллахад бэлэн. Үнэлгээний холбоо хоёр жилийн өмнө байгуулагдаж, одоо  147 гишүүн, 9 Удирдах зөвлөлийн гишүүдтэй болсон байна. Тал хувь залуу хүмүүс байна. Үнэлгээчний мэргэжил гэж тусдаа байдаггүй. Өөрөө хүсвэл та ямар ч мэргэжилтэй байсан энэ чиглэлээр аргазүйгээ эзэмшээд, мэргэшээд явж болдогоороо давуу талтай. 

-Хяналт-шинжилгээ, үнэлгээ хоёрыг нэг зүйл шиг ойлгодог гэсэн. Дээрээс нь байгууллагууд үнэлгээний албандаа цагдаа, АТГ, тагнуул зэрэг байгууллагад ажиллаж байсан хяналтын талын хүмүүсийг түлхүү ажиллуулдаг гэж байсан. Тэгэхээр үнэлгээг зөв хүнээр нь хийлгэснээр тухайн байгууллага, улс оронд ямар давуу, сайн тал бий болох вэ?

-Хяналт-шинжилгээ, үнэлгээний газарт ихэвчлэн АТГ, хуулийн чиглэлийн хүмүүс ажиллаад байна гэдэг чинь энэ салбарын ойлголтын том гажуудал байгааг харуулж байгаа юм. Хянаж шалгаад үнэлээд дүн тавих юм байна л гэж ойлгоод байна. Гэтэл үнэлгээ гэдэг маань гарсан алдаа дутагдлыг засаж залруулахын тулд зөвлөмж өгөх, үнэнч зөвлөх нь байхыг хэлдэг. Олон улсад үнэлгээг илүүтэй судалгаа суурьтай хүмүүс хийдэг. Үнэлгээчин хүн анализ дүн шиншилгээ сайн хийдэг, ёс зүйн өндөр зарчимтай, харилцааны ур чадвар сайн байх зэрэг гол чадваруудыг эзэмшсэн байх хэрэгтэй. Үнэлгээчин хүн тухайн интервенцийг шалгуурын дагуу үнэлж, дүгнэлт зөвлөмжийг гаргадаг. Нэг ёсондоо шүүгч шиг ажил. Гэхдээ шүүгчийг бодоход шийтгэл өгөх бус зөвлөн туслах, сайжруулах тал дээр гэсэн үг.

-Манай улсын хувьд үнэлгээний нөхцөл байдал хэр байгаа вэ. Байгууллагууд өөрсдийн үнэлгээний баг гэж бий юу?

-Одоогийн байдлаар яам, агентлагуудад хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтэс, мэргэжилтнүүд бий. Тэд 206-р журмын дагуу салбарынхаа бодлого, хөтөлбөрийн талаарх явцын мэдээллийг гаргах, тайлагнах дээр ажиллаж байна. Харин яг үнэлгээг гардаж хийхэд хөндлөнгийн, бие даасан, мэргэжлийн баг хийхийг олон улсын практикт зөвлөдөг. Миний хувьд долоон жилийн өмнө судалгааны компаниа анх байгуулаад, 2020 онд Ковид цар тахал гарах хүртэл судалгаа түлхүү хийж байгаад, Ковидоос хойш  үнэлгээний ажил руу илүүтэй орох болсон. Мөн Монголын үнэлгээний холбоог байгуулахад ч цар тахал нөлөөлсөн. Учир нь үнэлгээг ихэвчлэн олон улсын зөвлөхүүд ирж хийдэг байсан талаар өмнө нь дурьдсан. Гэтэл улс орнууд хилээ хааж, нислэг үйлдэгдэхээ больсноор олон улсын зөвлөхүүд Монголд ирэх боломжгүй болж, үнэлгээний олон тендэр Монголын компаниудад, зөвлөхүүдэд нээлттэй болсон юм. Тэгээд үнэлгээ хийх гэтэл мэдлэг, арга зүй байхгүй, интернетээс энэ мэдлэгийг хайхаас өөр аргагүй болж, улмаар улс орнуудын үнэлгээний холбоод энэ мэдлэг, аргазүйг гишүүддээ хангадаг гол суваг нь болдог юм байна гэдгийг ойлгоод, Монголдоо ийм холбоо байгуулж байж, нутгийн үнэлгээчдийг бэлдэх боломжтой болох юм байна гээд 2021 оны 9 сард Монголын үнэлгээний холбоог байгуулсан. Бидний алсын хараа бол үнэлгээг мэргэжлийн түвшинд хөгжүүлэх, үнэлгээний тогтолцоог бэхжүүлэхэд хувь нэмэр оруулах явдал байгаа. Энэ хүрээндээ манай гишүүд  нийгэмдээ, төр засагтаа үнэлгээний чиглэлийн мэдлэг, мэдээллээ хуваалцаад явна. Цаашдаа мэргэшсэн нягтлан бодогч, мэргэшсэн инженер гэдэг шиг мэргэшсэн үнэлгээчин гэсэн цолыг Монголдоо нэвтрүүлэхийн тулд бид ажиллахаар төлөвлөж байна. Ингэхийн тулд өөрсдөө олон улсын түвшинд үнэлгээ хийж сурсан байх ёстой. Ингэж байж л бид бүхэн энэ олон зуун бодлого, хөтөлбөрөө үнэлж, зөв зүйтэйг нь цааш нь явуулж, буруу болохгүй байгааг нь болиулах зэргээр улс орны хөгжил, төрийн бүтээмжид хувь нэмэр болж чадна. Манай холбооны гишүүд дунд төрийн байгууллагад ажилладаг хүмүүсээс эхлээд хувийн хэвшил, олон улсын байгууллагад ажилладаг хүмүүс, мөн оюутнууд ч байгаа. Энэ утгаараа үнэлгээ бол маш нээлттэй салбар. Олон улсын үнэлгээчид ирээд заримдаа арай л өрөөсгөл зөвлөмж, зөвлөгөө өгөөд буцдаг тохиолдол бий. Харин үнэлгээчдээ мэргэшүүлснээр бид бүхэн улс орныхоо онцлогийг мэддэг, амьдралд ойр зөвлөмж, зөвлөгөөг өгч чадах болно.

-Үнэлгээний холбооноос төрийн бодлого шийдвэр, хэрэгжүүлж буй ажлууд дээр тусгайлсан үнэлгээг хийсэн болов уу?

-Үнэлгээний холбооноос Засгийн газар, төрөөс явуулж буй бодлого, хөтөлбөр дээр тусгайлсан үнэлгээ одоогоор хийгээгүй байна. Байгуулагдсан цагаасаа хойш “Саалиа бэлдэхээр саваа бэлд” гэдэг шиг хүмүүсээ мэргэшүүлэх, чадавхжуулах ажлыг түлхүү хийлээ. Үнэлгээчид маань өөрсдөө чадвартай байж гэмээнэ төр засгийн бодлого, шийдвэрт үнэлгээ өгч, түүнийг нь удирдах түвшний хүмүүс авч хэрэгжүүлэх болно. Үнэлгээний холбооны хувьд ашгийн бус, мэргэжлийн холбоо тул тендэрт оролцож үнэлгээ хийх практик байхгүй, харин бидний мэдлэг, аргазүй хаана хэрэгтэй байна тэнд нь хувь нэмрээ оруулахад нээлттэй. Тухайлбал, манай холбоо 206-р журмыг шинэчлэх ажлын хэсэгт ороод явж байна. Ер нь бид төрийн бодлого бүрийн араас үнэлгээг нь шаардаж байх ёстой. “Хүүхдийн мөнгө”-ийг өгнө, өгөхгүй гэх үед сошиалд талцаж байхаар Засгийн газраас өнгөрсөн жилүүдийнх нь үнэлгээг шаардах ёстой юм. Тэгж байж “Хүүхдийн мөнгө”-ийг үнэхээр өгөх ёстой юу, өгвөл аль хэсэгтээ өгөх вэ гэдэг нь тодорхой болж, ард түмэн маргалдах шаардлага гарахгүй.

-Хувь үнэлгээчний хувьд Засгийн газрын бүтээмжийг хэрхэн үнэлэх вэ?

-Миний хувьд бол Засгийн газар маань чадахаараа ажлаа хийгээд явж байгаа гэж харж байгаа. Ийм хязгаарлагдмал нөөцтэй, төрийн албаныхны цалин хангамж тааруу үед чадлынхаа хэрээр л ажиллаж байна. Дээрээс нь ард иргэд төр засгаасаа хэтэрхий их зүйлийг шаардаж, шахдаг. Гэтэл эдийн засгийн чадал, чадавх маань тэр бүхнийг хийж дийлэхгүй байна. Шүүмжлэхийн оронд яавал бүтээлчээр хамтран ажиллаж болох юм, яаж улс орныхоо хөгжлийг урагшлуулж болох вэ гэдэг талаас нь асуудалд хандах ёстой юм шиг санагддаг.

-Олон улсын хувьд үнэлгээ хэр түвшинд байгаа вэ?

-Улс орны үнэлгээний тогтолцоо гэж байдаг. Энэ нь гурван гол зүйлээс бүрддэг. Нэгдүгээрт, тухайн улсад үнэлгээний бодлого, хууль журам байна уу, түүнийгээ Засгийн газар, Их хурал, Аудит нь ашиглаж байна уу гэдгээс хамаарна. Хоёрдугаарт, үнэлгээний мэргэжлийн холбоо байна уу. Үнэлгээний сургалтууд, эрдэм шинжилгээний хурлууд явагддаг уу, сэтгүүл гардаг уу гэдэг орно. Гуравдугаарт, ард иргэд, иргэний нийгмийн байгууллагууд нь үнэлгээг ойлгодог уу, түүнийг шаарддаг уу гэсэн гурван хэмжээсээр тооцдог. Эдгээр гурван хэмжээс нийлээд хамгийн дээд оноо нь 1, доошоо 0 байна. Европ тивийн улсуудаас л гэхэд Швейцарь улс нэг рүү маш дөхсөн. Учир нь тэр улсад хууль журам нь байна. Түүнийг нь Засгийн газар, Их хурал, Аудит нь ашигладаг. Ард иргэд нь ч гэсэн төр засгаасаа үнэлгээ хийлгэсэн эсэхийг нь нэхэж шаарддаг. Харин Ази тивийн улсуудаас Австрали, Солонгос улсууд байна. Бусад улсуудын хувьд дөнгөж хөгжиж буй байдалтай байгаа. Ер нь дэлхийн нийт улсуудын 35 нь л үнэлгээний талаар тусгай бодлого, хуультай байдаг. Манай улсын хувьд үнэлгээний ач холбогдол, бодлогын түвшинд хэрхэх вэ гэдгээ хэлэлцэж байгаа нь сайшаалтай. Дэлхийн 36 дахь улс ч болохыг үгүйгэхгүй. Улсын үнэлгээний тогтолцооны 2 хэмжээс нь ерөнхийдөө тодорхой түвшинд манайд бүрдэж явж байна гэж үзвэл 3 дахь хэмжээс болох ард иргэд, иргэний нийгмийн байгууллагуудынхаа үнэлгээний талаарх ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх нь бид бүгдийн өмнө байгаа том ажил болоод байна. Үүнд Монголын үнэлгээний холбоо хувь нэмрээ оруулаад явах болно оо.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top