Киргиз улсын Ерөнхийлөгч Садыр Жапаровыг үдэж мордууллаа

2023 оны 07 сарын 12

Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч Садыр Жапаровын Монгол Улсад хийж буй төрийн айлчлал энэ оны 7 дугаар сарын 11-ний өдөр өндөрлөж, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Ганхуяг болон албаны бусад хүмүүс “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд үдэж мордууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаровтай албан ёсны хэлэлцээ хийж, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар Ерөнхийлөгч С.Жапаровт бараалхав. Мөн Ерөнхийлөгч С.Жапаров Үндэсний их баяр наадмын нээлтийг хүндэт зочны хувиар үзэж сонирхож, Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суух Элчин сайдын яамны нээлтийн ёслолын ажиллагаанд оролцов.

Энэхүү айлчлал нь Төв Азийн улс орнуудтай харилцаа, хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлэх бодлогын хүрээнд хоёр улсын харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, тээвэр, логистик, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой болов.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top