Берлускони агсан 5 тэрбум еврогийн хөрөнгө үлдээв

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 06 сарын 13

Даваа гарагт таалал төгссөн Сильвио Берлусконийг энэ сарын 14-нд сүүлчийн замд нь үдэхээр болжээ. Энэ өдөр Итали үндэсний гашуудал зарлах бол 12-14-ны өдрүүдэд Италийн төрийн бүх байгууллага, дипломат төлөөлөгчдийн газрууд нь төрийн далбааг бөхийлгөжээ.

Италийн Ерөнхий сайд агсан Сильвио Берлускони тус улсын тэргүүн баячуудын нэг байв. “Corriere della Sera” хэвлэлийн мэдээллээр, Берлусконийн үлдээсэн өв хөрөнгө таван тэрбум орчим еврогоор үнэлэгджээ. Түүний өв хөрөнгө таван хүүхэд, 16 ач, зээ нарт нь өвлөгдөх аж. Берлусконийн гэр бүлийн эзэмшлийн компани болох “Fininvest” 4.89 тэрбум еврогоор үнэлэгдэж байна. Тус компани “Mediaset” телевизийн 50 хувь, “Mondadori” хэвлэлийн компанийн 53 хувь болон “Mediolanum” банкийг эзэмшдэг.

“Forbes” сэтгүүлийн рейтингээр, Берлускони Италийн тэргүүн баян эрхмүүдийн жагсаалтын гуравт бичигдэж байв. Тэрээр тус жагсаалтыг тэргүүлж байсан үе бас бий. “Forbes” сэтгүүл түүний хөрөнгийг 6.9 тэрбум еврогоор үнэлж байв. Бизнесээс гадна Берлускони агсан хэд хэдэн эдлэн, ордон, харш эзэмшиж байжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top