Гурван улсын үлгэр | 114 ДҮГЭЭР БҮЛЭГ

М.Жавзмаа | Zindaa.mn
2023 оны 06 сарын 12

"Гурван улсын үлгэр" бол Хятадын Мин улсын яруу найрагч Луо Гуаньжун бичсэн Хань улс дахь гурван улсын үеийн тухай роман юм. Хятадын эртний ба сонгодог уран зохиолын бүтээлүүдээс Хятадад төдийгүй нийт Зүүн болон Зүүн өмнөд Азид, хожим нь дэлхий дахинаа түгэн дэлгэрсэн суут туурвилуудын манлайд дөрвөн их роман бичигддэг. Тэдгээр нь "Си Ю Зи" буюу "Тансан ламын баруун этгээдэд зорчсон тэмдэглэл", "Шуйху Жуань" буюу "Хүйтэн уулын бичиг", "Саньгуо Янь И" буюу "Гурван улсын үлгэр", "Хунлоу Мөн" буюу "Улаан асрын зүүд" хэмээх болой.

Зохиолын гол өгүүлэмжийг товчхон хэлбэл, "Гурван улсын үлгэр" нь бүхэлдээ Хятадын түүхийн нэн дуулиантай зурвас үеийг тусган үзүүлжээ. Шар алчууртны бослого эхэлсэн 189 оноос 280 он хүртэл эл бүхий л дуулиант хэрэг явдлыг хамарсан нэгэн жаран илүү хугацааны түүхийг Луо Гуаньжун энэхүү бүтээлдээ дүрслэн өгүүлсэн байна.

Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.


 

II БОТЬ -  114 ДҮГЭЭР БҮЛЭГ

 

ЦАОМАО ТЭРЭГ ДОВТОЛГОН ХАРШИЙН ӨМНӨ ХААЛГАНД ҮХСЭН

ЗЯНВЭЙ АМУУ ГЭЭЖ ВЭЙ УЛСЫН ЦЭРГИЙГ ДИЙЛСЭН

 

Өгүүлэх нь: Зянвэй цэрэг эгсүгэй хэмээн цааз зарласанд Ляохуа өгүүлрүүн: ““Жанжин гадна аваас эзний зарлигийг сонсохгүй” хэмээжээ. Эдүгээ хэдий зарлиг бичиг байвч хөдөлж болохгүй бөлгөө” хэмээсэнд Жан И өгүүлрүүн: “Шу улсын хүмүүс их жанжинг жил бүр цэрэг хөдөлгөх учирт цөм гаслах бөлгөө. Өнөө мөн дийлсэн тухайд цэрэг эгж иргэний сэтгэлийг тогтоогоод жич сайн аргыг үүсгэхэд үл хүрмүй” хэмээсэнд Зянвэй хэлрүүн: “Маш сайн!” хэмээгээд газар газрын цэргийг цаазын ёсоор эгтүгэй хэмээн Ляохуа, Жан Игээр хойд талыг хайгуувчлуулж Вэй улсын цэргийн нэхэхээр ирэхийг сэргийлүүлэв.

Тэндээс Дөн Ай цэрэг авч нэхэхээр ирээд өмнөх Шу улсын цэргийг үзвээс туг хиур төв тэгш, хүн морь алгуураар явмуй. Дөн Ай шүүрс алдаж өгүүлрүүн: “Зянвэй, Үхоугийн аргыг сайн сурчээ” хэмээгээд аймшиггүй нэхсэнгүй цэрэг авч Ци Шань уулын хүрээндээ эгэв.

Тэндээс Зянвэй Чөндү хотод хүрээд Хоужуд золгосон хойно дуудан эгүүлсэн учрыг асууваас Хоужу өгүүлрүүн: “Би чамайг хол газарт одож удтал эгэхгүйд цэрэг зовуузай хэмээн тийнхүү дуудан эгүүлэв. Бус санаагүй” хэмээсэнд Зянвэй хэлрүүн: “Сайд би нэгэнтээ Ци Шань уулын хүрээг олоод сая гавьяа бүтээсүгэй хэмээж атал санамсаргүй зуурам гээжээ. Энэ эрхгүй Дөн Айгийн завсардуулах арганд орсон болой” хэмээсэнд Хоужу дув дуугүй болов. Зянвэй дахин айлтган өгүүлрүүн: “Сайд би амалдаж хулгайг арилган улсад хариулмуй. Хаан битгий өчүүхэн хүний үгийг сонсож сэжиглэгтүн!” хэмээсэнд Хоужу хэдий удаан бодоод сая өгүүлрүүн: “Би сайд чамайг сэжиглэхгүй! Чи түр Ханьжунд эгэгтүн, Вэй улсад хувьсгал гарахыг хүлээж дахин байлдахад хождохгүй” Зянвэй шүүрс алдаж гараад Ханьжунд явав.

Тэндээс Данзюнь Ци Шань ууланд эгээд энэ мэдээг хэлсэн хойно Дон Ай, Сыма Вангийн зүг өгүүлрүүн: “Хаан, сайд харилцан найзгүй болбоос эрхгүй дотроос хувилмуй” хэмээгээд Данзюнийг Луо Янд зарж Сыма Жаод хэлэхээр илгээв. Сыма Жао ихэд баярлаж ер Шу улсыг авсугай хэмээх санаа байсан тул даруй Жун Хузюнь түшмэл Зячунгаас асуун өгүүлрүүн: “Би эдүгээ Шу улсыг дайлахаар одвоос ямар буй?”. Зячун өгүүлрүүн: “Байлдаж болохгүй! Тэнгэрийн хөвгүүн эзэн гүнд сэжиглэн бүхий тул хэрвээ хөнгөлж гарваас дотоодод эрхгүй зовлон үүсмүй. Ноднин жил шар луу Нинлингийн худаг дотор хоёр удаа үзэгдсэнд олон түшмэл илтгэл бичиг айлтгаж сайн бэлгэ хэмээн баярласны хойно тэнгэрийн хөвгүүн өгүүлрүүн: ““Сайн бэлгэ бус болой. Луу хэмээгч эзний байдал бөгөөд дээш тэнгэрт үгүй, дорогш тарианд үгүй, харин худгийн дотор байх нь харанхуй газар хоригдсон тэмдэг болой” хэмээн даруй “Нуусан луугийн шүлэглэл” нэгэн бадаг бичив. Шүлэглэлийн доторхи ухааныг үзвээс ив ил эзэн гүнг өгүүлжээ. Тэр шүлэглэлийн үг нь:

“Уярлалтай болой луугийн хоригдсон нь гүн хөвд олж цурхилдан чадахгүй. Дээш тэнгэрийн оёдолд нисэхгүй. дорогш тарианд эс үзэгдмүй. Худгийн ёроолд ороон хэвтэж могой загас түүний өмнө бүжиглээд аргыг нууж хумсыг атгасан нь мөнхүү миний адил бөлгөө! “ хэмээжээ.

Сыма Жао сонсоод ихэд хилэгнэж Зячунд өгүүлрүүн: “Энэ хүн Цаофаныг дуурайсугай хэмээх болой! Хэрвээ түргэн аргалахгүй болбоос тэр эрхгүй намайг хорломуй”. Зячун өгүүлрүүн: “Би эзэн гүнгийн төлөө эрт орой аргацаан өгөхийг хүсмүй” хэмээв. Тэр үес Вэй улсын Рашаан шүүдрийн тавдугаар оны зуны тэргүүн сард Сыма Жао илд зүүж харшид орсонд Цаомао босож угтсаны хойно олон түшмэл цөм айлтгаж: “Их жанжны гавьяа эрдэм их тул Зинь гүн болгон есөн зүйлийн өргөмжлөл нэмвээс зохимуй”. Цаомао тэргүүнийг дарж өчихгүй. Сыма Жао өндөр дуугаар өгүүлрүүн: “Миний эцэг хөвгүүн ах дүү гурвуул Вэй улсад их гавьяа байгуулсан тул эдүгээгийн гүн болоход үл зохих нь үгүй?” Цаомао өчиж өгүүлрүүн: “Ямар аймшиггүй захиаг үл дагамуй”. Сыма Жао өгүүлрүүн: ““Нуусан луугийн шүлэглэлд” манийг могой загасны адил үзэх нь ямар ёс болой?”. Цаомао өчиж чадсангүйд Сыма Жао жихүүнээр инээж харшаас буув. Олон түшмэл цөм чичирмүй. Цаомао хойд ордонд эгээд Шижун түшмэл Ваншэнь, Шаншү түшмэл Ванзин, Саньци Чанши түшмэл Ван Е гурвуулыг дуудан ирээд арга зөвлөхөд Цаомао уйлж өгүүлрүүн: “Сыма Жао суурийг булаах санаатайг дэлхий дахины хүн цөм мэдмүй. Би суусаар хэрхэн ичгүүрийг хүлээн авмуй. Та нар надад тусалж арилган өгмүй үү!” Ванзин айлтган өгүүлрүүн: “Болохгүй! Эрт Люйжао гүн Зи овогтод хүлцэн чадахгүй байлдаад дийлэгдэж улсаа алджээ162. Эдүгээ их эрх Сыма овогтод болж удав. Дотоод гадаад түшмэд тэсэргүү, эевэргүүгийн ёсыг бодохгүй цөм зальхайд туслах нь нэг хүний төдий л бус. Тэр ч байтугай хааныг хамгаалах цэрэг цөөхөн бөгөөд буурай, амийг тэвчих хүнгүй тул хаан хүлцэхгүй болбол зовлон бага бус. Алгуураар хичээхээс, халдаж болохгүй” хэмээхэд Цаомао өгүүлрүүн: “Иймийг хүлцэж болох болбоос өөр юуг хүлцэж болохгүй буй! Миний санаа нэгэнтээ тогтов, үхэвч юунд аймуй!” хэмээгээд эх дагинад хэлэхээр оров. Ванчэнь, Ван Е нь Ванзингийн зүг өгүүлрүүн: “Үйл түргэн болжээ. Бид өөрөө хүйс тэмтрэгдэх зовлонг эрж эс болмуй. Сыма гүнгийн гэрт одож хэлээд үхэхээс хэлтрэхэд хүрэхгүй” хэмээсэнд Ванзин ихэд хилэгнэж өгүүлрүүн: Эзэн зовбоос түшмэд ичгүүрийг хүлээн, эзэн гутаагдваас түшмэл үхмүй. Ямар аймшиггүй хоёр сэтгэлийг өвөрлөх аж?”.

162 Чүньцюгийн үеийн ЛҮ улсын Дайфу Зи Сүнь овогт (товчоор Зи овогт) засгийн эрхийг барьж ЛҮ улсын эзэн нь хоосон нэрийн төдийхөн байжээ. Лүжао гүн түүнийг үл тоомсорлон цэрэг томилон Зи овогтыг байлдуулж дийлэгдээд Ци улсад оргон явжээ.

Ванчэнь, Ван Е хоёул Ванзинг дагахгүйг үзээд яаран Сыма Жаод хэлэхээр одов. Удсангүй Вэй улсын эзэн Цаомао дотроос гараад хамгаалах түшмэл Зяобог дуудаж харшийн дотор хонож хамгаалах үс цайсан өвгөд ба хүүхдийг гурван зуу илүү цуглуулан, хэнгэрэг дэлдэж Цаомао илд зүүгээд жууз тэргэнд сууж зүүн баруун этгээдийн ардыг зандарч шууд өмнөд харшийг гарахад Ванзин тэрэгний өмнө сөгдөж уйлан хориглож өгүүлрүүн: “Эдүгээ хааны бие хэдэн зуун хүнийг аваад Сыма Жаог дайлах нь хонийг хөөж барсын аманд оруулах адил, хоосноор үхээд тусгүй! Сайд би амийг хайрлах нь бус, энэ үйлийг үнэхээр явбаас болохгүй!” Цаомао өгүүлрүүн: “Миний цэрэг нэгэнтээ гарч явсан тул чи битгий зогсоогтун!” хэмээгээд лунмэнь хаалганы зүг одов. Зячун хуяг дуулга өмсөж, морь унаад зүүн этгээдэд Чэнзү, баруун этгээдэд Чэнзи хэдэн мянган төмөр хуягт шадар цэрэг авч хашхирсаар ирмүй. Цаомао илд бариад зандарч өгүүлрүүн: “Би тэнгэрийн хөвгүүн болой! Та ордонд цолхийж ороод хааныг алсугай хэмээмүй үү?” хэмээхэд шадар цэрэг Цаомаог үзээд цөм аймшиггүй хөдлөхгүй бүхийд Зячун Чэнзиг дуудаж өгүүлрүүн: “Сыма гүн чамайг тэжээсэн нь ямар хэрэг буй? Чухам энэ өдрийн үйлийн учирт бөлгөө!”. Чэнзи гартаа жад бариад хойш харж Зячунгийн зүг өгүүлрүүн: “Албаас зохих уу? Зячун өгүүлрүүн: “Сыма гүнгийн цааз буй. Гагц үхсэнийг авмуй” хэмээмүй. Чэнзи жад бариад гүйж тэрэгний өмнө ирсний хойно Цаомао өндөр дуугаар харааж өгүүлрүүн: “Гань боол аймшиггүй ёс бусчилмуй уу?” хэмээн үг дуусахын урьд Чэнзид өвчүү жадлагдаж тэрэгнээс тонгорцоглон унасанд Чэнзи дахин нэгэнтээ жадласнаар жад араар шувт гараад тэрэгний хажууд үхэв. Зяобо жад далайн ирэхэд Чэнзи нэгэнтээ жадалж алсанд олон цөм оргожээ. Ванзин хойноос нэхэж ирээд Зячунг ихэд харааж өгүүлрүүн: “Сөргүү хулгай ямар аймшиггүй хааныг алмуй!”. Зячун ихэд хилэгнэж зүүн баруун этгээдийн ардаар хүлүүлсний хойно Сыма Жаод хэлүүлсэнд Сыма Жао дотор орж Цаомаогийн үхсэнийг үзээд зоримогоор цочсон байдал гаргаж тэргүүнийг тэргэнд мөргөлхийлж уйлаад хүнээр олон түшмэлд мэдэгдэхээр илгээв.

Тэр цагт Тайфү түшмэл Сы Мафү дотор орж Цаомаогийн ясыг үзээд хөлийг дэрлэж уйлан өгүүлрүүн: “Хааныг алуулсан нь сайд миний ял болой” хэмээгээд Цаомаогийн ясыг авсанд агуулан харшийн баруунд тавив. Сыма Жао харшид орж олон түшмэдийг цуглуулж зөвлөсүгэй хэмээхэд олон түшмэд цөм ирэв. Гагц Шаншү Пүшо түшмэл Чэньтай ирсэнгүй. Сыма Жао, Чэньтайгийн нагац Шаншү түшмэл Сюнь Игээр дуудуулсанд Чэньтай ихэд уйлж өгүүлрүүн: “Шүүмжлэгчид Чэньтайг нагацад адилтгамуй. Эдүгээ нагац үнэхээр Чэньтайд хүрэхгүй болов” хэмээгээд даруй хүнд бэлэвсрэл өмсөөд орж ирэн хүүрийн өмнө сөгдөж уйлахад Сыма Жао бас зоримог уйлж асууруун: “Энэ өдрийн явдлыг ямар цаазаар аваачваас болмуй?” Чэньтай өгүүлрүүн: “Гагц Зячунг алсанд дэлхий дахинд баахан хариулж болмуй” Сыма Жао удтал санаад бас асууруун: “Түүний тасыг нь санаж үз!”. Чэньтай өгүүлрүүн: “Гагц үүнээс илүү нь буй. Үүний дарааг мэдэхгүй” хэмээхэд Жао өгүүлрүүн: “Чэнзи их сөргүү ёсгүй тул огтчин алаад гурван угсааг хүйс тэмтэрвээс зохимуй” гэхэд Чэнзи, Сыма Жаог хараан өгүүлрүүн: “Миний ял бус. Зячун чиний захиа хэмээн уламжилсан болой!” хэмээсэнд Сыма Жао урьд хэлийг огтлуулав. Чэнзи үхтэл хилс хэмээн дуудсаар үхэв. Түүний дүү Чэнзүг бас зээлд аваачиж алаад гурван угсааг хүйс тэмтрэв. Хожмын хүмүүний шүүрс алдаж шүлэглэсэн шүлгийн үг:

“Энэ онд Сыма, Зячунг заран явуулж

Өмнө ордны эзнээ алаад илд дээлээ улайлгасан бөлгөө.

Чэнзигийн гурван угсааг алсан нь харин

Цэрэг иргэний чихийг дүлий хэмээсэн буй уу”

Түүнээс Сыма Жао бас хүн зарж Ванзингийн гэрийн бүхнийг барьж гянданд оруулав. Ванзин чив хэмээн танхимын дотор бүхийд гэнэт түүний эхийг хүлж ирснийг үзээд Ванзин мөргөж өгүүлрүүн: “ачлалгүй хөвгүүн нигүүлсэхүйт эхийг чирэгдүүлжээ”. Эх инээж өгүүлрүүн: “Хэн хүн үхэхгүй буй? Гагц үхэх газрыг олохгүйгээс эмээх болой. Үүнд амийг гээхэд юун хорсох хэрэг буй?” хэмээжээ. Дэд өдөр Ванзингийн гэрийн бүхнийг цөм зүүн зээлд аваачиж алахад Ванзин эх хөвгүүн цөм баярласаар эрүүг хүлээв. Бүх хотын түшмэл ард эс нулимс унагаасан нь үгүй.

Хожмын хүмүүний шүлгийн үг:

“Ханьгийн анханд сэлэмд үхсэнийг магтсан амуй

Ханьгийн эцэст Ванзин бас гарчээ

Үнэн зориг нь өөр сэтгэлгүй

Бат чанга бөгөөд санаа нэнд ариун

Чин зоригийг Тайхуа хайрхан мэт хүндэтгээд

Амь биеэ өд үс адил хөнгөн болгожээ

Эх хөвгүүний сайхан алдар үлдээд

Эрхэт тэнгэрийн сацуу өнөд мөнхөрмүй”

Тайфү Сыма Фү, Цаомаог вангийн ёсоор оршуулсугай хэмээн гуйсанд Сыма Жао зөвшөөрөв. Зячун нар Сыма Жаод дуртгаж Вэй улсын төрийг хураан хаан сууринд суусугай хэмээхэд Сыма Жао өгүүлрүүн: “Эртний Вэнь ван дэлхий дахины гурван хувийн хоёр хувийг олсон. Гэвч басхүү Инь улсад үйлчилжээ. Тиймийн тул Богд хүмүүн эрдмийн туйлд хүрэв хэмээн өргөжээ. Вэй улсын Үди хаан Хань улсын суурийг хүлээн авсангүй нь бас ч миний Вэй улсын суурийг үл хүлээх лүгээ нэгэн ёс болой” хэмээсэнд Зячун нар үгийг сонсоод Сыма Янд болгосугай хэмээх санааг мэдээд дахин дурьдсангүй. Тэр жилийн зургаан сард Сыма Жао Чандаогийн Сянгүн Цаохуаныг хаан болгоод оныг халж “Зин Юаньгийн тэргүүн он” хэмээгээд Цаохуан өөрийн нэрийг халаад Цаохуань хэмээжээ. Өргөсөн нэр Зинмин, Үди Цаоцаогийн ач, Яньван Цао Юйгийн хөвгүүн болой. Цаохуань, Сыма Жаог чансан бөгөөд Зиньгүн өргөмжилж арван түмэн зоос, торго нэг түмэн энтэй шагнаад өөр бичиг цэргийн түшмэдэд цөм өргөмжлөн шагнав.

Түүнээс тагнуулч хэдийн энэ мэдээг Шу улсад хэлэхээр одсоны хойно Зянвэй Сыма Жаогийн “Цаомаог алаад Цаохуанийг хаан суулгав” хэмээн сонсоод ихэд баярлаж өгүүлрүүн: “Би энэ өдөр Вэй улсыг байлдахаар очиход нэртэй болов” хэмээгээд даруй бичиг хийж Ү улсад зарж “Цэрэг үүсгэн Сыма Жаогийн хааныг алсан ялыг асуухаар очигтун!” хэмээн илгээж нэгэнтээгүүр Хоужуд айлтган тогтоогоод арван таван түмэн цэрэг байгуулан хэдэн мянган тэргэнд цөм авдар тээж Ляохуа, Жан Иг гавшгай болгов. Ляохуа Зы Үгү заваар, Жан И Луогү заваар, Зянвэй өөрөө Сегү заваар очиж цөм Ци Шань уулын өмнө учирмуй хэмээн болзоод гурван замын цэрэг цугаар мордож Ци Шань уулын зүг алахаар ирэв.

Тэр цагт Дөн Ай, Ци Шань уулын хүрээнд цэрэг боловсруулан бүхийд энэ мэдээг сонсоод олон жанжин нарыг цуглуулж арга зөвлөхөд Цаньзюнь түшмэл Вангуань өгүүлрүүп: “Надад арга буй, ил хэлж үл болмуй. Эдүгээ энд бичиж тавьсан тул хичээнгүйлэн өргөж жанжны үзэхийг хүсмүй”. Дөн Ай тосож аваад нээн үзсэний хойно инээж хэлрүүн: “Энэ арга хэдий гайхамшигт боловч гагц Зянвэйг хууран дөнгөж чадахгүй буй за!”. Вангуань өгүүлрүүн: “Би амийг тэвчиж очихыг хүсмүй”. Дөн Ай өгүүлрүүн: “Чиний зориг мөнхүү хатуу болбоос эрхгүй гавьяа бүтмүй” хэмээгээд даруй Вангуаньд таван мянган цэрэг өгөв. Вангуань шөнө дөл Сегү завын зүг угтахаар ирэхэд төв хэмээн Шу улсын өмнө ангийн харуулын цэрэгт учраад Вангуань өндөр дуугаар өгүүлрүүн: “Би Шу улсыг дагах цэрэг. Хурдан эзэн жанжиндаа мэдүүл!” хэмээв.

Түүнээс харуулын хүн Зянвэйд хэлэхээр одсоны хойно Зянвэй олон цэргийг хорьж зогсоогоод “Гагц тэргүүлсэн жанжинг оруулж ирэгтүн!” хэмээсэнд Вангуань ороод ёслон сөгдөж өгүүлрүүн: “Би болбоос Ванзингийн үеэл хөвгүүн Вангуань болой. Ойр өдөр Сыма Жао хааныг алаад миний авгын гэрийн бүхнийг цөм алсан тул би чөмгөнд ортол хорсмуй. Завшаанд жанжин цэрэг байгуулан ял асуухаар ирэхийг сонсоод тусгайлан харьяат таван мянган цэргийг авч дагахаар ирэв. Дагуулан хэрэглэвээс зальтын хоршоог арилгаж авга эцгийн гомдлыг хариулахыг хүсмүй”. Зянвэй ихэд баярлаж Вангуаньгийн зүг өгүүлрүүн: “Чи үнэн сэтгэлээр дагаж ирвээс би юунд үнэн сэтгэлээр чамайг хүндлэхгүй аж? Миний цэрэгт зовох нь гагц амуу дутуугийн учир болой. Эдүгээ амууны тэрэг хэдэн мянга цөм Чуанькоугийн аманд буй тул чи Ци Шань ууланд зөөж ирсүгэй! Би эдүгээ Ци Шань уулын хүрээг авахаар одмуй”. Вангуань ихэд баярлан арганд оров хэмээн баярлаж хүлээн аваад одсугай хэмээхэд Зянвэй өгүүлрүүн: “Амуу авахаар одоход таван мянган цэрэг хэрэггүй. Гагц гурван мянган цэрэг аваачигтун! Хоёр мянгыг үлдээж Ци Шань уулыг байлдах замд дагуулагч болгосугай!”. Вангуань, Зянвэйг сэжиглэж болзошгүй хэмээн үгийг дагаж гурван мянган цэрэг авч одов. Зянвэй, Фүцяньд Вэй улсын хоёр мянган цэргийг тушаан өгч байлдах цэрэгт дагуулан хэрэглэтүгэй хэмээв. Удсангүй Ся Хоуба ирээд өгүүлрүүн: “Дүдү юунд Вангуаньгийн үгийг итгэмүй? Би Вэй улсад байхад хэдий нарийн үйлийг дуусган мэдэхгүй боловч Вангуанийг Ванзингийн үеэл хөвгүүн хэмээн сонссонгүй. Түүний дотор хуурмаг учир буй. Жанжны хянахыг хүсмүй”. Зянвэй ихэд инээж хэлрүүн: “Би Вангуаньгийн хуурмагийг мэдээд тийнхүү түүний цэргийн хүчийг салган аясдаж явуулсан бөлгөө” хэмээсэнд Ся Хоуба өгүүлрүүн: “Гүн чи учрыг хэлж үз!”. Зянвэй өгүүлрүүн: “Сыма Жаогийн зальхай баатар нь Цаоцаогаас хэтэрчээ. Нэгэнтээ Ванзинг алаад гурван угсааг хүйс тэмтэрсэн тул хэрхэн түүний төрсөн үеэл ховгүүнийг гадна үлдээж цэрэг захируулах ёс буй? Тиймийн тул түүний хуурахыг мэдсэн болой. Эдүгээ Жунцуань163 мэдсэн нь миний санаа лугаа сэмээр нийлжээ”. Түүнээс Зянвэй Сегү заваар гарахгүй сэмээр хүн зарж замд бүгүүлэн Вангуаньгийн тагнуулчийг сэргийлсэнд арван өдөр болсны хойно үнэхээр бүгсэн цэрэг Вангуаньгийн Дөн Айд бичиг хүргүүлэх хүнийг барьж авчрав. Зянвэй учрыг асуусан хойно биенээс бичгийг нэгжиж олов. Бичигт өгүүлсэн нь: “Найман сарын хорины өдөр бага замаар амуу зөөж их хүрээнд эгсүгэй!” хэмээгээд бас Дөн Айг”Цэрэг илгээн Таньшань уулын завд тусал!” хэмээжээ. Зянвэй даруй бичгийг хүргэх хүнийг алаад бичгийн үгийг халж “Найман сарын арван тавны өдөр Дөн Айг их цэрэг аваад Таньшань уулын завд угт!” хэмээгээд нэгэнтээгүүр Вэй улсын цэрэг мэт цэрэглэн Вэй улсын хүрээнд бичиг хүргүүлэхээр илгээв. Нэгэнтээгүүр хэдэн зуун тэрэг амуу будааг буулгаад өвс мод гал татах юмыг тээж бараан бөсөөр бүрээд Фүцяньд Вэй улсын дагасан хоёр мянган цэргийг өгч амуу зөөх туг хиур хатгаж илгээв. Зянвэй, Ся Хоуба нар өөр өөрийн нэжгээд анги цэргийг аваад уулын завд бүгж бас Зяншүг “Сегү завыг гар!” Ляохуа, Жан Иг “Тус бүр цэрэг авч Ци Шань уулыг авахаар од!” хэмээн тушаав.

163 Ся Хоубагийн өргөсөн нэр

Тэндээс Дөн Ай, Вангуаньгийн бичгийг олоод ихэд баярлан даруй хариу бичиг хийж ирсэн хүнд өгч хойш илгээв. Найман сарын арван тавны өдөр хүрээд Дөн Ай таван түмэн шилсэн цэрэг авч Ци Шань уулын завын зүг ирээд хүн зарж өндөр газраас анхааруулбаас гагц тоогүй амууны тэрэг залгалдан тасрахгүй уулын дотроос ирмүй. Дөн Ай морийг татаж үзвээс үнэхээр цөм Вэй улсын цэрэг бөлгөө. Мөрний жанжин нар өгүүлрүүн: “Нар орой болжээ. Түргэн Вангуанийг завын амнаас угтан гаргасугай!” хэмээсэнд Дөн Ай өгүүлрүүн: “Өмнө уулын байдал хэцүү. Хэрвээ бүгсэн цэрэг байваас даруй эгэхэд бэрх. Гагц энд хүлээвээс болмуй” хэмээн хараахан хэлэлцэхэд удсангүй хоёр морьт хүн довтолгон ирж хэлрүүн: “Ван жанжин амууны тэргийг авч сая хязгаарыг өнгөрмөгц арын хойноос цэрэг нэхэж ирсэн тул жанжинг хурдан туслахыг эрмэлзэж амуй” хэмээхэд Дөн Ай ихэд гэлмэж яаран цэргийг хөөж ороход нэгдүгээр жингийн үес болсонд Гэгээн саран өдөр мэт, гагц уулын хойд хашхирах дуу сонсогдмуй. Дөн Ай нь Вангуанийг уулын хойдод байлдаж буй хэмээн санаад шууд уулыг өнгөрөн гартал гэнэт шугуйн хойдоос нэгэн салааны цэрэг гарч ирэв. Тэргүүлэгч нь Шу улсын жанжин Фүцянь болой. Морийг тавин өндөр дуугаар өгүүлрүүн: “Дөн Ай гань эр! Манай жанжны арганд унаад юунд бас хурдан мориноос буун үхэхийг хүлээхгүй буй?” Дөн Ай ихэд цочоод морийг буцааж буруулахад тэргэн дээрх гал цөм ноцов. Тэр гал нь тэмдэг гал тул хоёр этгээдийн уулан дотроос Шу улсын цэрэг гарч ирээд Вэй улсын цэргийг алж долоо найман тийш сарниулав. Уулын дээр доороос “Дөн Айг барьсан хүнд мянган лан алт шагнаж түмэн өрхийн Хоу өргөмжилмүй!” хэмээх дуу сонстмуй. Дөн Ай айгаад хуяг дуулгыг гээж мориноос бууж явган цэргийн дотор хутган орж ууланд авиран давааг давж буруулав. Зянвэй, Ся Хоуба гагц морин дээрх тэргүүлэгчийг нь барихаар ирмүй. Санамсаргүй Дөн Ай явганаар дутаан явав. Зянвэй дийлсэн цэргийг авч Вангуаньгийн амууны тэргийг угтахаар одов.

Тэндээс Вангуань нууцаар Дөн Айтай болзоод урьд амуу өвсний тэргийг бэлтгэн тавиад тусгайлан хэрэг үүсгэхийг Хүлээн бүхийд гэнэт сэтгэл зүрхний мэт хүн мэдүүлрүүн: “Үйл нэгэнтээ задраад Дөн жанжин ихэд дарагдав. Амь нь хааш болсныг мэдэхгүй!” хэмээхэд Вангуань ихэд хиртхийж хүнээр чимээ авахуулахаар илгээсэнд хойш ирж хэлрүүн: “Гурван замын цэрэг хааж ирмүй. Арын хойдод бас тоос тор дэгджээ. Дөрвөн зүгт гарах замгүй”. Вангуань зүүн баруун этгээдийн ардыг зандаж хурдан амууны тэргэнд гал тавь хэмээн гал тавиулсанд удалгүй галын гэрэл тэнгэр тулж амуу өвсийг дуусган түлжээ. Вангуань өндөр дуугаар өгүүлрүүн: “Үйл түргэн болжээ! Та үхэн байлдваас зохимуй!” хэмээгээд баруун зүг байлдан гарав. Арын хойноос Зянвэй гурван замаар нэхэж ирэхэд Зянвэй, Вангуанийг амь тэмцэж байлдаад Вэй улсдаа эгмүй хэмээн санасан боловч Ханьжунд алж орохыг санасангүй. Вангуань цэрэг цөөн тул нэхэх цэрэг гүйцэхээс эмээгээд даруй дэлгэрүүлсэн зам хийгээд боомт хавцлыг цөм гал тавив. Зянвэй Ханьжуньг автагдуузай хэмээн Дөн Айг нэхсэнгүй. Шөнө дөл бага замаар Вангуанийг нэхэж ирэв. Дөрвөн зүгээс Шу улсын цэрэг байлдах тул Вангуань арга мохож Хар луу мөрөнд харайж үхэв. Үлдсэн цэрэг цөм Зянвэйд алагджээ. Зянвэй хэдий Дөн Айг дийлсэн боловч хэдий чинээ амуу өвс хорогдоод дэлгэрүүлсэн зам бас эвдэрсэн тул даруй цэргийг авч Ханьжунд эгэв. Дөн Ай дарагдсан цэргийг авч буруулан Ци Шань уулын хүрээнд эгээд илтгэл айлтган ял хүлээж өөрийн зэргийг эвдэж бууруул хэмээхэд Сыма Жао, Дөн Айгийн язгуураас гавъяа их хэмээн тушаалыг эвдэж төвдөхгүй нэнд хүндэд шагнав. Дөн Ай шагнасан эдийг дуусган дайнд унасан жанжин цэргийн гэрт хуваан өгөв. Сыма Жао Шу улсын цэрэг бас ирүүзэй хэмээн болгоомжилж Дөн Айд таван түмэн цэрэг нэмэн өгч сахиулав. Зянвэй шөнө дөлөөр дэлгэрүүлсэн замыг засаад бас цэрэг гарсугай хэмээн зөвдөлцөв. Энэ чухамхүү:

“Залгалдаагаар дэлгэрүүлсэн замыг засаж даруй мордон гараад

Дундадын газрыг олохгүй болохул үхэвч зогсохгүй”

Эгнэгт дийлэх ба дийлэгдэхийг мэдэхгүй, доор бүлэгт үзтүгэй

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top