БНХАУ-ын нүүрсний импортын 49 хувийг Монгол Улс нийлүүлж байна

2023 оны 06 сарын 09

Нүүрсний зах зээлийн нөхцөл байдал, борлуулалтын мэдээлэл, төсөвт төвлөрүүлсэн татвар, хураамж, цаг үеийн асуудлаар өнөөдөр \2023.06.09\ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат болон компанийн удирдлагууд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.  

НҮҮРС ЭКСПОРТЫН 42.9 ХУВИЙГ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК ЭЗЭЛЖ БАЙНА 

Улсын хэмжээнд 2023 оны эхний таван сарын байдлаар 23.1 сая.тн нүүрс экспортолсны 42.9 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн экспорт эзэлж байна. Оны эхний таван сарын байдлаар улс болон орон нутгийн төсөвт 1.0 их наяд төгрөгийн татвар, төлбөр, хураамж төлсөн. Үүнээс  АМНАТ (Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр) -д 727.7 тэрбум төгрөг, аж ахуйн нэгжийн орлогын албан татварт 288.9 тэрбум төгрөг, бусад төрлийн татварт 44.6 тэрбум төгрөг төвлөрүүлжээ.

Энэ оны үлдсэн хугацаанд 1.9 их наяд төгрөгийн татвар, нийт 2.9 их наяд төгрөгийн татвар төлөхөөр тооцож байна.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоохоос өмнөх үеийн хамгийн өндөр борлуулалтыг 2019 онд  гүйцэтгэж байсан нь 15.5 сая.тн байв. Харин 2023 оны эхний таван сарын хугацаанд нийт 11 сая.тн нүүрс борлуулсан нь өмнөх жилийн дүнтэй дүйцэж байгаа юм. Энэ жилийн борлуулалтыг  30 сая.тн-д хүргэх зорилт тавин ажиллаж байгааг Онцгой бүрэн Эрхт төлөөлөгч Ж.Ганбат танилцууллаа.

Мөн компанид онцгой дэглэм тогтоох үед урт болон богино хугацаат 4,3 их наяд төгрөгийн өр хуримтлагдсан байсныг үе шаттайгаар бууруулах арга хэмжээ авсны үр дүнд нэг их наяд төгрөгөөр барагдуулж, цаашид тогтмол бууруулах ажлыг зохион байгуулж байгааг хэллээ.  

БНХАУ-ЫН НҮҮРСНИЙ ИМПОРТЫН 49 ХУВИЙГ МОНГОЛ УЛС НИЙЛҮҮЛЖ БАЙНА 

Австрали-Хятадын хориг цуцлагдаж,  Австралийн нүүрс Хятадын зах зээлийг эзэлж, Монголын нүүрс багассан хэмээх зарим хэвлэлээр цацагдаж буй мэдээлэл ташаа бөгөөд Сингапур улсад 2023 оны тавдугаар сарын 26-нд болсон Коксжих нүүрсний бага хурлын үеэр Монголоос экспортлох нүүрсний хэмжээ цаашид өснө хэмээн онцолсон байна.  

БНХАУ-ын зах зээлд нүүрсний үнэ тодорхой хувиар буурч байгаа ч, нэг тонн коксжих нүүрс 2019 оноос өндөр түвшинд байна. Хятадад барилгын салбар уналттай буйгаас шалтгаалж гангийн эрэлт багасч, энэ оны дөрөвдүгээр сараас хойш 10 удаагийн бууралт үзүүлжээ. Гэвч үнийн цаашдын төлвийн хувьд ирэх наймдугаар сараас үнэ тогтворжиж, улмаар 8-12 дугаар сард 10-15% өсөх хандлагатай байгааг xcoal.com мэдээлж байна.

БНХАУ энэ оны эхний дөрвөн сарын байдлаар нийт 31.1 сая.тн коксжих нүүрс импортолсны 49%-ийг Монгол Улс эзэлж байгаа юм.  2021 оноос хойш Монгол, Оросын экспорт Австралиас өндөр байгаа бөгөөд энэ хандлага ирэх саруудад ч үргэлжлэх төлөвтэйг Сингапурт болсон Коксжих нүүрсний олон улсын бага хурлын үеэр дүгнэжээ.  

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖЭЭР НЭГ САЯ.ТН НҮҮРС АРИЛЖААЛАВ  

Монголын хөрөнгийн бирж эхний таван сард нийт 1.5 сая.тн нүүрс борлуулснаас “Эрдэнэс Тавантолгой” ХК 1.0 сая.тн нүүрсийг цахимаар 126.7 сая ам.доллароор арилжаалж, орлогыг 37.7 сая ам.доллароор нэмэгдүүллээ.

Цахим арилжаанд давхардсан тоогоор БНХАУ-ын 30 гаруй  компани оролцож нүүрс худалдан авсан байна. Энэ онд нийт нүүрсний экспортын 30 хувийг Хөрөнгийн биржээр дамжуулан арилжих Засгийн газрын бодлогын хүрээнд цахим нээлттэй арилжааг тогтмол зохион байгуулж байна.

2023 онд нийт борлуулалтын 30 хувийг цахим арилжаагаар борлуулхаар зорьж байна. Олборлосон бүх төрлийн бүтээгдэхүү (хатуу коксжих, сул коксжих, эрчим хүч)-ийг цахим арилжаагаар борлуулна. Цахим арилжаагаар борлуулснаар орлого 244.4 сая ам.доллар нэмэгдэх боломжтой гэлээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(192.82.83.47) 2023 оны 06 сарын 10

Тэгээд яагаад төгрөгний ханш навс унаад байнаа. Уг нь долларын эсрэг чангарах ёстой бус уу?

0  |  0
Гайхмаараа(66.181.161.30) 2023 оны 06 сарын 10

Гайхалтай шүү…. Яаж ч бодсон, тоо мэдэхгүй хүүхэд хүртэл гайхмаар. Дэлхийн нийт хүнамын бараг тавны нэгийн нүүрсний хэрэглээний талыг нь дангаараа хангаж байгаа ердөө 3 сая хүн дэлхийн дунджаас доогуур олгоготой аж төрж байна гэхээр айн? Агуу агуу

0  |  0
zochin(73.111.180.213) 2023 оны 06 сарын 10

nuurs duusaxaar yax uu

0  |  1
Top