Сангийн бодлого ТЭЛЖ, мөнгөний бодлого ХАТУУ хэвээр үлдэх нь...

2023 оны 06 сарын 09

Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй 2023 оны нэгдсэн төсвийн тухай хуульд төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 19 их наяд 49 тэрбум 600 сая төгрөг,  зарлагыг  20 их наяд 475 тэрбум 300 сая төгрөг байхаар тооцож, баталсан.

Тэгвэл Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэ оны төсвийн тодотголын төсөл батлагдсанаар тэнцвэржүүлсэн орлого 1 их наяд 732,3 тэрбум төгрөгөөр нэмэгдэж 20  их наяд 800 тэрбум төгрөг, нийт зарлага 1 их наяд 896,1 тэрбум төгрөгөөр нэмэгдэж 22  их наяд 400 тэрбум төгрөг болох юм.

2023 он гарсаар төсвийн орлого 1 их наяд гаруй төгрөгийн өсөлттэй явж байгаа учраас тодотголоор ийнхүү орлого, зарлагын хэмжээ өссөн ч төсвийн нийт алдагдлын хэмжээ 1,6 их наяд төгрөг буюу өмнө нь батлагдсан ДНБ-ий 2,6%-аас хэтрүүлэхгүй байхаар тусгажээ.

Засгийн газраас энэ оны төсөвт тодотгол хийх болсон үндэслэлээ, ард иргэдийн орлого амьжиргааг дэмжих зайлшгүй шаардлагууд үүссэн гэж тодотгож буй юм.  

Тухайлбал, дэлхий нийтийг хамарсан цар тахал, геополитикийн хурцадмал байдлаас улбаатай инфляцын дарамт, урд хөршид тогтоосон хөл хорио, улс орнуудын төв банкнуудын хэрэгжүүлсэн мөнгөний эрс хатуу бодлого зэрэг нь манай улсын эдийн засагт томоохон сорилт болсон.

Гэсэн хэдий ч Засгийн газраас экспортыг эрчимжүүлж, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, эдийн засгийг сэргээхэд чиглэсэн арга хэмжээг үе шаттай авсны үр дүнд 2022 оны Нэгдүгээр улиралд 3,9 хувиар агшаад байсан эдийн засаг 2023 оны Нэгдүгээр улиралд 7,9 хувиар өсөж, 2,4 тэрбум ам долларт хүрч унаад байсан гадаад валютын албан нөөц энэ оны эхний 5 сарын байдлаар 3,8 тэрбум ам долларт хүрч сайжраад байна.

Хэдийгээр эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдэд эерэг өөрчлөлтүүд гарч эхэлсэн боловч гадаад хүчин зүйлийн нөлөөгөөр сүүлийн 20 сар дараалан Монгол Улсын инфляц хоёр оронтой тоонд хүрч  иргэдийн бодит орлогод нөлөөлж буй тул ард иргэдийн орлого амьжиргааг дэмжих зайлшгүй шаардлагыг бий болгож байна. Түүнчлэн эдийн засаг, нийгмийн нөхцөл байдалтай уялдуулан Монгол Улсын Засгийн газраас хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, төрийн албан хаагчдын орлогын баталгааг сайжруулах, иргэдийн амьдрах орчныг дээшлүүлэх, хотын түгжрэлийг бууруулах зэрэг чиглэлээр төсвийн арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл 2024- 2025 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн зарим үзүүлэлтийг өөрчлөх шаардлага үүссэн гэж буй юм.

Засгийн газар ийн үзэж буй бол Төв банкны зүгээс инфляцын төлөв байдлын талаар илэрхийлж буй байр суурийг авч үзье.

Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа хэлэхдээ, “Дараагийн шатанд инфляцад нөлөө үзүүлж болзошгүй хэд хэдэн хүчин зүйл байна. Нэгдүгээрт, валютын ханшийн нөлөө. Цар тахал болон үүний дараагаар олон улсын харилцаанд үүссэн өнөөгийн хүндрэлтэй нөхцөл байдлын үед АНУ-ын доллар дэлхийн бараг бүх валютуудын эсрэг чангарсан буюу бусад валютууд ам.долларын эсрэг суларсан тул тухайн улсуудын хувьд импортын барааны үнийг дотоодын зах зээлд өсгөж байна.

Хоёр дахь хүчин зүйл нь ковидын дараах сэргэлтийн үед бизнес эргэн сэргэж байгаатай холбоотойгоор хөдөлмөрийн зах зээл дагаад сэргэж байна. Хөдөлмөрийн зах зээл дагаж сэргэхийн хэрээр хэрэглээнд зарцуулагдах орлого нэмэгдэж байна. Дагаад өндөр инфляцын үед цалингийн өсөлтүүд инфляцын сөрөг нөлөөг бууруулах зорилгоор бодит орлогын сөрөг нөлөөг бууруулах зорилгоор нэмэгдэж байна.

Энэ нь нэг талаасаа орлогыг нэмэгдүүлж, хэрэглээг тэтгэх замаар эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөөтэй боловч нөгөө талдаа бизнесийн хувьд үйл ажиллагааны зардал. Энэ утгаараа дэлхий нийтээр зардлын инфляц үүсэх вий гэсэн болгоомжлолтой байна.

Гурав дахь том хүчин зүйлийн хувьд, хэдийгээр цар тахлын үед үүссэн тээвэр логистик, нийлүүлэлтийн гинжин хэлхээний доголдол илаарших тал руугаа явж байгаа ч бүрэн арилаагүй байна. Энэ нь нийлүүлэлт, тээвэртэй холбоотойгоор үүсэж байгаа зардал цар тахлын өмнөх хэвийн үеийн түвшиндээ хараахан хүрээгүй байна. Тэгэхээр энэ нь нэг талаасаа инфляцад бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийн үнэд нөлөөтэй.

Мөн глобалчлал, нийлүүлэлтийн гинжин хэлхээнд доголдол томоохон өөрчлөлт орох эрсдэлтэй байна. Дэлхий нийтээрээ нийлүүлэлтийн харилцан хамааралтай орчинд үйлдвэрлэл, бизнес хийгдэж байгаа. Энэ нь доголдоод ирэхээр бизнесийн үйл ажиллагаанд тодорхой хэмжээний зардал үүсгэж байна. Хамгийн тод жишээ бол цар тахлын үед Орос, Украины олон улсын харилцааны нөхцөл байдлын үед нийлүүлэлтийн доголдлоос сэргийлэхийн тулд илүү их хэмжээний бараа материалын нөөцтэй байх нөхцөл байдалтай тулгарсан. Энэ нь хүссэн хүсээгүй эргэлтийн хөрөнгийн зардлыг бизнесүүдэд бий болгосон. Инфляцад ч нөлөөгөө үзүүлж байгаа. Эрэлтийн талаасаа цар тахлын дараагаар эдийн засаг сэргэж байгаатай холбоотойгоор ялангуяа Америк, Европ гэх мэт том зах зээлүүдийн хувьд хөдөлмөрийн зах зээл нь маш сайн сэргэлттэй байгаа нь бизнесийн борлуулалтын орлого дээр эерэг нөлөө үзүүлж, эрэлтийн шинж чанартай болгоомжлолыг бий болгож байгаа учраас төв банкнууд дараа үеийн нөлөөгөөс сэргийлж, инфляц ужгирахаас сэргийлж, тодорхой хэмжээнд мөнгөний бодлогоо хатуу төлөвт хадгалж  байна” гэсэн юм.

Тодотгоход, энэ сард Мөнгөний бодлогын хороо ээлжит шийдвэрээ гаргана.  Гуравдугаар сарын хурлаараа, Бодлогын хүүг 13 хувьд хэвээр хадгалах; Бодлогын хүүний коридорыг бодлогын хүүнээс +1, -1 нэгж хувийн өргөнтэй болгох; Банкны гадаадын зах зээлээс бонд болон зээл хэлбэрээр шинээр татсан 360 хоног хүртэлххугацаатай эх үүсвэрийг заавал байлгах нөөц тооцох эх үүсвэрээс хасаж тооцох шийдвэр гаргасан.

Тэгвэл энэ удаагийн Мөнгөний бодлогын  шийдвэр 2023 оны төсвийн орлого, зарлагын аль алийг нь 2 их наяд шахмаар нэмэгдүүлж буй үед гарч таарах нь. Тэгэхээр сангийн бодлого ийнхүү тэлсэн үед Төв банк  Мөнгөний бодлогоо хатуу төлөвт барих дүр зураг харагдаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top