ОЛОН ӨНГӨ: Хаврын цас ба мал аж ахуй

Автор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 23

Хавар оройхон орсон цасыг монголчууд эртнээс “Шар тос” хэмээн нэрлэж ирсэн. Учир нь газар дэлхийд чийг өгч, ногоо эрт ургаснаар мал цадаж, өвлийн хатууг давсан хүн, малын зоо тэнийдэг. Гэвч энэ жилийн хувьд нэлээд урт, маш ширүүн хавар болж байна. Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр орсон цас орон нутгуудад ихээхэн хүндрэл дагуулж, олон айл хотоо харлуулж, малын зүй бус хорогдол их гарлаа. Гэвч энэ нь нэг талдаа бидэнд өгсөн байгалийн маш том сургамж, уламжлалт мал аж ахуй дараагийн шат руу гарах түлхэц болж мэдэх юм.

Хэдэн мянганаар тоологдох уламжлалт мал аж ахуй өнөө цагт тийм ч сайн зохирохгүй байх шиг. Дээрээс нь өнөөх л социалист арга барилаараа “Мянгат малчин”, “Сайн малчин” шалгаруулж, 76 гишүүн тойрог бүрдээ зуу зуугаар нь тарааж ирсний гор. Мэдээж арилжааны банкнуудын малчны зээл ч малын тоо толгойг учиргүй нэмэгдэхэд хүргэсэн. Малынхаа тооллогыг ч яг яс хийхгүй байсаар ирсэн нь ч нөлөөлсөн.

Төрийн том удирдах албан тушаалтан хүртэл энэ талаар “Элдэв цол чимэг, малчны зээл авахын тулд ам тоогоор явж ирсэн учраас яг тоолбол манай малын тоо нэлээд багасна” хэмээн ярьж байв. Тиймээс олон жил ярьсан малын тооноос чанарт шилжих ажлаа түргэвчлүүлж, фермерийн аж ахуйг бодлогоор дэмжих хэрэгтэй байна. Мэдээж бидний уламжлалт соёл, дэлхийн улсуудаас ялгарах онцлог учраас нүүдэлчин мал аж ахуйгаа огт хая гэсэн үг биш. Энэ бүхнийг зүй зохисоор нь хослуулан авч явж гэмээнэ байгаль цаг уурын өөрчлөлтийг хохирол багатай туулж, үр ашгаа нэмэгдүүлэх хэрэгтэй байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top