БНХАУ, Тайванийн мөргөлдөөн хагас дамжуулагчийн нийлүүлэлтэд хэрхэн нөлөөлөх вэ?

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 17

 

Тайваньд цэргийн ажиллагаа болбол дэлхийн дахинд эдийн засаг болон аюулгүй байдлын олон сөрөг үр дагавар дагуулна. Үүний нэг ноцтой үр дагавар нь хагас дамжуулагч чипний үйлдвэрлэлд илрэх нь дамжиггүй. Хагас дамжуулагч нь ухаалаг утас, автомашинаас авхуулаад эмнэлгийн тоног төхөөрөмж, цэргийн техник зэрэг цахилгаан хэрэгсэл, тоног төхөөрөмж, дэд бүтцийн хамгийн чухал эд анги юм. Дэлхий улам бүр цахимжихын хэрээр зүйлсийн интернэт, хиймэл оюун ухаан, үүлэн тооцооллын олон төрлийн тоног төхөөрөмж бий болж, улмаар хагас дамжуулагчийн эрэлт өссөөр байна. Тайвань нь дэлхийн томоохон хагас дамжуулагч үйлдвэрлэгчдийн нэг юм. Хятад улс Тайванийг эх газартай нэгтгэхийг тангарагласан. Харин энэ зорилгыг нь өрнөдийн орнууд ирээдүйд цэрэг оруулж болзошгүй хэмээн тайлбарлаж байгаа.

 

Хагас дамжуулагч гэж юу вэ, яагаад ийм чухал вэ? 

Чип гэгддэг хагас дамжуулагч нь өдөр тутмын амьдралдаа бидний өргөнөөр хэрэглэдэг цахилгаан хэрэгслийн хамгийн чухал эд анги юм. Ухаалаг утас, телевизор, компьютероос авхуулаад автомашин, нисэх онгоц болон эмнэлгийн бүхий л тоног, төхөөрөмж хүртэл. Хагас дамжуулагчгүй бол бидний мэддэг дэлхий зогссон мэт болно.

Зөвлөх үйлчилгээ үзүүлдэг “McKinsey & Company” компанийн тайлангаас үзвэл 2030 он гэхэд хагас дамжуулагчийн борлуулалтын хэмжээ их наяд ам.долларт хүрнэ. Хагас дамжуулагчийн үйлдвэрлэлийн өсөлтийн 70 хувийг гурван салбар бүрдүүлнэ. Тухайлбал, автомашин үйлдвэрлэл, тооцоолон бодох техник ба мэдээлэл хадгалах салбар мөн утасгүй харилцаа холбооны салбар юм. 

Орчин цагийн ертөнцөд хагас дамжуулагч амин чухал үүрэг гүйцэтгэдэг хэдий ч чипний үйлдвэрлэл олон үе шатаас бүрдсэн нарийн бөгөөд өртөг өндөртэй үйл явц. Олон бараа бүтээгдэхүүний чухал эд анги болох чипний үйлдвэрлэлд саатал гарахад дэлхийн нийлүүлэлтийн гинжин хэлхээнд ноцтой үр дагавар дагуулна. Үүнийг бид 2020 онд коронавирусний цар тахлын үед мэдэрсэн. Тухайн үед бичил схемийн зарим үйлдвэрүүд үйл ажиллагаагаа түр зогсоосон билээ. 

Цахилгаан хэрэгслийн эрэлт өсөхийн хэрээр чипний эрэлт дагаж өснө гэсэн үг. Үйлдвэрүүд үйл ажиллагаагаа сэргээх үед асар их хэмжээний захиалга хуримтлагдсан байв. 

 

Хагас дамжуулагч үйлдвэрлэлд гүйцэтгэх Тайванийн үүрэг 

Дэлхийн хагас дамжуулагч үйлдвэрлэлийн 60 гаруй хувь зөвхөн Тайваньд ногддог. Ингэхдээ хамгийн дэвшилтэт хагас дамжуулагчийн 90 хувийг тус арал үйлдвэрлэдэг. “Taiwan Semiconductor Manufacturing Company” компани дэлхийн зах зээлийн 54 орчим хувийг эзэлдэг. Тус компани бүтээгдэхүүнээ “Apple”, “Qualcomm”, “Nvidia” зэрэг томоохон компаниудад нийлүүлдэг байна. Дэлхийн зах зээлд АНУ-ын эзлэх хувь 12 байдаг бол Европын улс орнууд дөнгөж есөн хувийг бүрдүүлдэг. АНУ ч тэр Европын Холбоо ч тэр хагас дамжуулагчийн үйлдвэрлэлээ өргөжүүлэхээр төлөвлөж байна. ЕХ-ны төлөөлөгчдийн мэдэгдсэнээр, дэлхийн зах зээл дэх Европын эзлэх хувийг 2030 он гэхэд 20 хувь хүртэл нэмэгдүүлэх зорилго тавьжээ. Харин АНУ-ын Засгийн газар өнгөрсөн онд “CHIPS” хууль баталж, хагас дамжуулагчийн үйлдвэрлэлд олон тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх болсон тухай зарлаж байв. 

 

 

Хятадын түрэмгийлэл нийлүүлэлтэд нөлөөлнө 

Тайвань орчин үеийн чипний зах зээлд бараг монополь байр суурь эзэлж байна. Тиймээс Хятадтай цэргийн мөргөлдөөнд орвол дэлхий дахин асар том үр дагавартай нүүр тулах болно. 

Тайванийн давамгайлах байр суурийг зарим шинжээчид “Цахиурт бамбай” хэмээн yэрлэдэг. Гэвч Хятадын Ардын чөлөөлөх армийн арал орчим саяхан явуулсан цэргийн сургуулилтууд энэхүү бамбай хэр бат бөх вэ гэсэн асуулт тавихад хүргэсэн. 

Дэлхийн ачаа тээврийн тэн хагас өдөр бүр Тайванийн хоолойгоор дамжин өнгөрдөг. Бидний ухаалаг утас, аяга, таваг угаагч машин, автомашинд ашиглагддаг хагас дамжуулагчийн 70 хувийг Тайвань үйлдвэрлэдэг. Хэрэв Хятад, Тайванийн хооронд ямар нэгэн хямрал үүсвэл дэлхийн эдийн засагт сүйрэл авчрах үр дагавар дагуулна. Тийм ч учраас дэлхийн даяар бүх талаас хариуцлагатай алхмыг л хүлээж байна. 

Хэрэв Хятад Тайванийг бүслэх эсвэл арал руу довтолбол их хэмжээний хагас дамжуулагчийн нийлүүлэлт зогсоход хүргэх юм. Эх сурвалж: Euronews.com 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top