Ice Hockey U18: Монголын баг Ираныг 5:0 бут ниргэлээ

Автор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 12

Өчигдөр Степпе-Арена цэнгэлдэх хүрээлэнд шайбтай хоккейн 18 хүртэлх насны Ази, Далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ. Энэ сарын 17 хүртэл үргэлжлэх тус тэмцээнд Монгол, Таиланд, АНЭУ, Туркменистан, Узбекистан, Ираны багууд өрсөлдөж байгаа юм.

Мөрөөдөл биелүүлэх Мөсөн өргөө үнэхээр үе үеийн хоккейчдын мөрөөдлийг биелүүллээ. Монгол Улс хоккейн спортын 60 жилийн түүхэндээ анх удаа тивийн хэмжээний том тэмцээн зохион байгуулж байгаа нь энэ. Удахгүй ДАШТ-ий дөрөвдүгээр дивизионы тэмцээн бас Степпе-Арена цэнгэлдэх хүрээлэнд болно. Олон улсын тэмцээнийг нутагтаа зохион байгуулснаар Монгол улсын нэр хүнд хоккейн ертөнцөд өсөн нэмэгдэхийн зэрэгцээ манай хүүхэд багачууд хоккейн спортоор хичээллэж, тив, дэлхийд амжилт гаргах үүд хаалга нээгдэж байгаа юм.

Эдгээр тэмцээнүүд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулагдаж байна.

Тэмцээнийг нээж, Монголын хоккейн холбооны ерөнхийлөгч Б.Жавхлан “Өсвөрийн 18 хүртэлх насны Азийн аварга шалгаруулах тэмцээн Монгол улсад маань явагдаж байна. Энэ бол Монголын хоккейн спортын түүхэнд тодоор тэмдэглэгдэх үйл явдал болж байгаа бөгөөд Дэлхийн хоккейн холбоо Монгол улсад зохион байгуулах эрхийг олгосон явдалд баярласан талархсанаа дахин дахин илэрхийлмээр байна. Эрхэм хоккейчид маань нөхөрсөг хэрнээ өрсөлдөөнтэй мөсөн дээр гал гаргасан тоглолтуудаа үзүүлэн дэлхийн тоглогчид, үзэгчид, хөгжөөн дэмжигчдийнхээ нүдийг баясган, баярлуулж байгаад Монголын хоккейн холбооны ерөнхийлөгчийн хувьд маш их баяртай байна. Тэмцээнд оролцож буй бүх орны баг тамирчдадаа бүгдэд нь амжилт хүсье ээ” гэж хэллээ.

Тэмээний нээлтийн өдөр гурван тоглолт явагдлаа.

АНЭУ – Таиланд 6:2

Узбекистан – Туркменистан 5:0

Монгол – Иран 5:0

Монголын баг анхны тоглолтоо хэрхэн хийхээс их зүйл шалтгаалах байлаа. Гараа сайн бол бариа сайн гэдгээс гадна өрсөлдөгч багуудынхаа ирийг дарж, эх орондоо түрүүлж яагаад болохгүй гэж? Өдрийн хоёр тоглолтыг харахад АНЭУ, Узбекстаны баг тун хүчирхэг ажээ. Тиймээс Ираныг ялж, тэмцээнийг эхлүүлэх ёстой.

Гэрэл зургийг Ч.Ганбат

Тоглолт эхлээд л манай залуус хурд, техник, тэшилт илүү гэдэг нь харагдаж, давамгайлж эхэлсэн. Хаалгыг мялаах олон сайхан боломж байсан ч Ираны хаалгач харин тун давгүй бүх дайралтыг няцааж байлаа. Гэвч 18.32-д манай багийн довтолгоог хаах арга байсангүй. М.Чинзолбоо баруун жигүүрээс хаалганы өмнө өгсөн оновчтой дамжуулалтыг У.Цэнгэл гоол болгож, үнэхээр хэрэгтэй эхний гоолыг авчирлаа.

Гэрэл зургийг Ч.Ганбат

Хоёрдугаар үе эхлээд манай баг шууд торгуулиар хүн дутуу болсон. Иранчууд олигтой дайрч чадахгүй байсаар хоёр минутаа ашиглаж чадсангүй. Харин хоёрдугаар үеийн эхний шүглээс долоон минут өнгөрч байхад М.Чинзолбоо баруунаас ирсэн дамжуулалтыг тогтоолгүй алсаас шууд цохиод тун сайхан гоол хийлээ.

Гэрэл зургийг Ч.Ганбат

32 дахь минут. Багийн ахлагч Д.Лхагвадоржийн гоцлол тоглолт гоол авчирлаа. Зүүн жигүүрээр хурд аваад гарсан манай тоглоггч хаалганы баруун доод буланд тун оновчтой цохилоо.

Хоёрдугаар үе өндөрлөхөд минут дутуу байхад Э.Ариунбилэг талбайгаасаа шайб аваад, өрсөлдөгч багийн гурван тоглогчийг хөнгөхөн хуураад, хаалганы баруун дээд буланд шайбыг зоож, тоог 4:0 болгосон.

 

Сүүлийн үеийн төгсгөлд М.Чинзолбоо нэг гоол нэмж хийснээр Ираны багийг манай шигшээ 5:0 бут ниргэж, эхний ялалтаа авлаа. Багийн тоглолтын хувьд хурдтай, дайчин, сайн байсан тул шүүмжлэх зүйл байсангүй. Харин ганц зүйл хэлэхэд дүрэм маш олон зөрчиж, 2 минутын торгууль хүлээж байна. Ираны баг ашиглаж чадаагүй ч бусад хүчтэй багуудын хувьд бол хүний илүү гэдэг маш том боломж билээ. Өчигдөр зургаан удаа хүн дутуу тоглолоо. Ийнхүү манай баг хүснэгтийг тэргүүлж эхэллээ. Өнөөдрийн Шилдэг тоглогчоор Э.Ариунбилэг шалгарчээ. 

Өнөөдөр мөн гурван тоглолттой.

2023.03.12

13:30 Thailand  – Turkmenistan

17:00 Iran  – Uzbekistan

20:30 Mongolia – UA Emirates

Мөрөөдлийн ордондоо ирж, Монголын багаа дэмжээрэй.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.21.100.210) 2023 оны 03 сарын 13

Хөлбөмбөгийг бодоход амжилт гаргаж болохоор юм байна.

0  |  0
Зочин (192.82.75.193) 2023 оны 03 сарын 13

Сагсуу онгироо тэнэг

0  |  0
Gal(59.153.114.112) 2023 оны 03 сарын 13

Amjilt

0  |  0
Хаха(66.181.181.247) 2023 оны 03 сарын 12

За зүгээр хожлоо л гэнэ биз дээ. Энэ тэмцээнд түрүүлчихвэл бут ниргэлээ нтр гэж бич. Шал тэнэг харагдаад байна.

0  |  0
Top