Сүмо: Монголын Өглөөний цагаан луу барилдаж эхэллээ

Автор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 10

Өнөөдөр (2022.01.10) Японы сүмо бөхийн холбооны шинэ бөхчүүдийн чансаа тогтоох барилдаан "Кокүгикан" ордонд эхэлж, 9 залуу мэргэжлийн сүмочдын эгнээнд элсэн орлоо.

Тэдний дунд хоёр монгол залуу байсан бөгөөд хоорондоо таарч барилдлаа. Архангай аймгийн Булган сумын уугуул, Улсын гарьд Д.Рагчаагийн хүү Р.Жамъянтогтох Асасэкирюү Б.Дашнямын "Такасаго" дэвжээнд элсэн орж, Асахакүрюү 朝白龍 буюу Өглөөний цагаан луу нэрээр барилдсан. Түүнтэй Асахияма дэвжээний Токинишики хэмээх Цэндсүрэн Түшиг барилдаж,  Р.Жамъянтогтох нь оши даши мэхээр яллаа.
 


Р.Жамъянтогтох 2015 оны хавар Японд ирж, “Nippon Sport Science University Kashiwa High School” сургуульд элсэн орсон юм. Тэр Японд Хоошёорюү С.Бямбасүрэн, Оошёоүма П.Дэлгэрбаяр нартай хамт нэг онгоцоор ирж байсан гэнэ.

Ахлах сургуульдаа Хоошёорюү, Оошёоүма хоёр чөлөөт бөхийн ангид хичээллэж байгаад сүмод орсон бол Р.Жамьяантогтох анхнаасаа сүмогийн ангид байжээ. Ахлах ангиа төгсөөд Такүшёкү их сургуульд дэвшин, Зүүн Японы оюутны аварга шалгаруулах тэмцээний шилдэг наймд орж байсан амжилттай. Өнгөрсөн хавар их сургуулиа төгсөөд, "Такасаго" дэвжээнд дадлага хийж байжээ. Тэрээр 24 настай, 181 см өндөр, 150 кг жинтэй.  

Асахакүрюү нэрийг түүнд Б.Дашням багш нь өгсөн бөгөөд Такасаго дэвжээний алдарт аварга Асашёорюү болон өөрийн Асасэкирюү нэрнээс хоёр ханз аван, сайн сайхны бэлэгдэл цагаан өнгийг нэмснээр ийнхүү Өглөөний цагаан луу сүмо бөхөд гарч ирлээ. Өглөөний хөх, улаан луутай байсан тус дэвжээ ийнхүү цагаан луутай болж байгаа юм.

Р.Жамъянтогтох барилдааны дараа сэтгүүлчдэд “Асашёорюү аварга шиг хүчирхэг, Асасэкирюү багш шигээ уран чадмаг сайн бөх болохын төлөө хичээнэ. Японд хамт ирж байсан Хоошёорюү С.Бямбасүрэн, Оошёоүма П.Дэлгэрбаяр нараас хоцорсон ч хоёр жилийн дараа ижилхэн зиндаанд барилдаж байхыг зорилгоо болгосон” гэж ярьжээ.  

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
B(202.55.188.90) 2023 оны 01 сарын 13

Avarga garid hoyoriig holison yum shig bna.

1  |  0
Top