Катар-2022: Мбаппе, Месситэй Өнөөдрийн тоглолтын хуваарь

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 22

Катарт болж байгаа хөлбөмбөгийн ДАШТ-ий гурав дахь өдрийн тоглолтууд өнөөдөр явагдана. Аргентин, Франц гэсэн аварга загаснууд талбайд гарах юм.

18:00, С хэсэг: Аргентин - Саудын Араб

Хүчирхэг бүрэлдэхүүнтэй Аргентины баг Катарт түрүүлэх хамгийн магадлалтай багаар нэрлэгдэж байгаа. Бүрэлдэхүүнээс гадна халуун уур амьсгал, агуу Месси гээд маш олон нөхцөл Аргентин ялна гэдгийг зааж байгаа. Тэд сүүлийн 36 тоглолтод ялагдаагүй. Америкийн Цом, Финалиссиму гэсэн хоёр тэмцээнд түрүүлээд ирсэн. Харин Саудын Араб сүүлийн 10 тоглолтод хоёрхон л ялсан.

21:00, D хэсэг: Дани - Тунис

Эр-Райян хотын “Эдьюкейшн сити” цэнгэлдэхэд D хэсгийн тоглолт эхлэх юм. Мексикийн шүүгч Сесар Артуро Рамос талбайд Дани, Тунисийн багийг хөтлөн гаргана. Энэ хоёр баг түүхэндээ гурав дахь удаагаа, сүүлийн 20 жилд анх удаагаа тулах гэж байна. Хоёр тоглолтод Дани ялсан бөгөөд энэ удаа ч ялах багаар нэрлэгдэж байгаа.

00:00, С хэсэг: Мексик - Польш

Энэ хэсгийн хоёрдугаар байрны төлөө өрсөлдөх багууд гэж шинжээчид үзэж байгаа. Тэгэхээр өнөөдөр заавал ялах гэж хичээх нь гарцаагүй. Хоорондоо найм тааран тоглож, тус бүр гурав ялан, хоёр тэнцсэн гэхээр хүч тэнцүү гэдэг нь ойлгомжтой. Супер довтлогч Левандовски, ахмад хаалгач Гильермо Очоа хоёрын хэн нь ялах бол?

03:00, D хэсэг: Франц — Австрали

Францын баг дэлхийн аварга цолоо хамгаалах эхний тоглолтоо Австралийн эсрэг хийхэд бэлэн болжээ. Эль-Вакрагийн “Эль-Жануб” цэнгэлэдэхэд болох энэ тоглолтыг Өмнөд Африкийн шүүгч нар дэнсэлнэ. "Алтан Бөмбөг" шагналын эзэн Бензема гэмтсэн ч Мбаппе байгаа гэдгийг санаарай. Дөрвөн жилийн өмнө тэд мөн нэг хэсэгт орж байсан. Тэр үед францчууд Гриззманы гоолоор 2:1 ялж байлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top