Бокс: Б.Төгөлдөрийг “Улаанбаатарын Мейведер” хэмээн нэрлэв

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 02

Иорданы Амман хотод сонирхогчдын боксын Азийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Манай тамирчдаас хамгийн түрүүнд эрэгтэй 63,5 кг жинд ОУХМ Б.Төгөлдөр рингэнд гарч, Палестины Абдел Рахман Абудалыг оноогоор 5:0 ялсан. Түүний дараагийн өрсөлдөгч нь 2015 оны ДАШТ-ий хүрэл медальт, 2013 оны Азийн аварга Энэтхэгийн Шива Тхапа.

Азийн аварга шалгаруулах боксын тэмцээн уламжлал ёсоор Узбекистан, Казахстан улсуудын өрсөлдөөн дунд явагдана. Хоёр улсын хэвлэл мэдээлэл ч тэмцээнд ихээхэн анхаарал хандуулж байна.

Казахстаны спортын нэгэн сонин манай Б.Төгөлдөрийг АНУ-ын боксын домог, ялагдашгүй аварга Флойд Мейведертэй зүйрлэжээ.

Тус сонинд “Шинэ Мейведер” Азийн АШТ-д ялгуусан ялалтаар гарч ирлээ гэсэн гарчигтай нийтлэл гарсан байна. Мэдээнд “Иорданд болж байгаа Азийн аваргын боксын тэмцээний эрэгтэй 63,5 кг-ын жингийн урьдчилсан тулаанууд боллоо.  1/16 финалд Монголын тамирчин Б.Төгөлдөр бүх шүүгчдийн саналаар Палестины Абдел Рахман Абунабыг итгэл төгс яллаа. Энэ жинд түрүүлэх хамгийн магадлалтай боксчин бол Казахстаны Санатали Тольтаев билээ. Б.Төгөлдөрийн хувьд сүүлийн жилүүдэд Монголын хамгийн ирээдүйтэй боксчноор нэрлэгдэж байгаа. Маш хурдан, хатуу ширүүн тоглолттой, сөрөг довтолгоонд сайн, олон янзын довтолгооны хувилбартай түүнийг “Улаанбаатарын Мейведер” гэж нэрлэдэг болоод байгаа” гэж бичжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top