Б.Жавхлан: ₮1 их наядыг ХЭМНЭЖ чадсан

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 10 сарын 19

Ирэх онд Төрийн хэмнэлтийн хуулийн хүрээнд төр өөрөөсөө эхлэн хэмнэлт хийхийг нэн тэргүүний зорилт болгож байгаа гэж Сангийн сайд Б.Жавхлан мэдэгдлээ. Тэрбээр “Хууль тогтоомжийг хэрэгжүүлснээр урсгал болон хөрөнгө оруулалт, түүнчлэн гадаад зээлийн ашиглалтын зардлыг оруулан тооцвол нэг их наяд төгрөгийн хэмнэлтийг бий болгож чадсан. Олон улсын нөхцөл байдлаас шалтгаалж инфляц өндөр байгаа энэ цаг үед орлогын эрсдэлд ойрхон байгаа болон бага хэрэглээтэй өрхүүдийн орлогын баталгааг сайжруулахад дээрх хэмнэлтээс бий болсон эх үүсвэрийг зарцуулах боломж бүрдэнэ.

Төрийн албаны цалингийн тогтолцоонд шинэчлэл хийж цалин хөлсийг ажилласан жил, бүтээмж, хүрсэн үр дүнтэй уялдуулан уян хатан тогтоодог зарчимд шилжихийг зорьж байна. Энэ хүрээнд төрийн албаны цалингийн нэмэгдэл, шатлалыг үндэслэлтэй, бодитой болгох өөрчлөлтүүд орж байгаа.

Түүнчлэн, төрийн албан хаагчийг орон нутагт ажиллах сонирхлыг нэмэгдүүлэх, хотоос орон нутагт шилжин суурыпих явдлыг дэмжих зорилгоор орон нутгийн нэмэгдлийг 20-оос доошгүй хувиар тогтоож үүн дээр нэмээд тухайн орон нутаг эдийн засгийн нөөцөө боломжит дээд хэмжээгээр ашигласан, орлогоо давуулан биелүүлсэн бол орон нутгийн удирдлага нь төрийн захиргааны албан хаагчдынхаа цалинг 80 хүртэл хувиар нэмэгдүүлэх эрхийг өгснөөр төрийн албан хаагчийн цалин хоёр дахин нэмэгдэх боломжтой болно.

Мэргэжлийн хяналтын чиг үүрэг, бүтцийг оновчтой болгон зохион байгуулахтай холбогдуулан эрүүл мэнд, байгаль орчин, уул уурхай, хүнсний аюулгүй байдлын хяналтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай урсгал зардлыг холбогдох яам, агентлагт шилжүүлж, харин төрөөс нэгдсэн байдлаар хэрэгжүүлэх хяналтыг “Засгийн газрын хяналтыг хэрэгжүүлэх байгууллага” хэлбэрээр зохион байгуулж холбогдох зардлыг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын харьяанд тусгаад байна.

Төрийн үйлчилгээний цахим шилжилтийг эрчимжүүлэх цогц бодлогыг дэмжиж Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын харьяанд Төрийн үйлчилгээг зохицуулах газрыг 174 орон тоо, 5.1 тэрбум төгрөгийн төсөвтэй байхаар тусгалаа.

Хувийн хэвшлээр төрийн зарим ажил, үйлчилгээг гүйцэтгүүлж төсвийн зардлыг бууруулах чиглэлээр Засгийн газраас баримталж байгаа бодлогын хүрээнд “Засгийн газрын автобааз” Улсын төсөвт үйлдвэрийн газрыг аж ахуйн тооцоонд шилжүүлж, цаашид орлогоороо зарлагаа нөхөх зарчмаар бие даан ажиллуулахаар тооцлоо.

Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу төрийн яамд автомашинтай байхыг хязгаарласан. Энэ хүрээнд зайлшгүй хэрэгцээ шаардлагыг харгалзан бүх яамдад тээврийн үйлчилгээний зардалд зориулж 200.0 сая төгрөгийг л төсөвлөөд байна. Ингэснээр шаардлага гарсан тохиолдолд хувийн хэвшлийн авто тээврийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагаас дуудлагаар хэрэглэдэг болсноор автомашинтай холбоотой тээвэр шатахууны болон засвар үйлчилгээний зардлын 50 орчим хувийн бодитой хэмнэлт бий болно.

Шинэ сэргэлтийн бодлогыг дэмжих дээрх төсвийн бодлого хэрэгжсэний үр дүнд эдийн засгийн өсөлт 5 хувьд хүрч, инфляцыг жилийн эцэс гэхэд 10 хувиас ихгүй түвшинд барьж, Монгол Улсын 2023 оны нэгдсэн төсвийн нийт орлого 19.6 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлага 20.5 их наяд төгрөг, төсвийн тэнцвэржүүлсэн алдагдал 1.6 их наяд төгрөг буюу ДНБ-ий -2.8 хувьд хүрэхээр төсөөлж байна” гэлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top