Гурил, шатахууны үнэ өссөн ч инфляц 13.8 хувь болж суларчээ

Автор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 19

Үндэсний статистикийн хорооноос энэ оны эхний есөн сарын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг танилцуулж, хэвлэлийн бага хурал хийлээ. Үүнд хэрэглээний үнэ, инфляц, гадаад худалдаа, мөнгө зээл, төсөв, тээвэр, газар тариалан, аж үйлдвэр, эрүүл мэнд, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал, бүртгэгдсэн гэмт хэрэг зэрэг сэдвийн хүрээнд тоон мэдээлэл багтжээ.

Эдийн засгийн статистик үзүүлэлтүүдийг ХАА, байгаль орчин, үйлдвэрлэлийн статистикийн хэлтсийн дарга Э.Мягмарханд, Нийгмийн салбарын статистик үзүүлэлтүүдийг Хамтын ажиллагаа, тархаалтын хэлтсийн ахлах статистикч Д.Баасан нар танилцуулав.

 

ТӨРСӨН ХҮҮХДИЙН ТОО ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 12.4 ХУВИАР БУУРСАН БАЙНА

 

Улсын хэмжээнд энэ оны эхний есөн сарын байдлаар 47744 эх амаржиж, 48084 хүүхэд төрүүлсэн нь өмнөх оны мөн үе (ӨОМҮ)-ээс амаржсан эх 6771 (12.4 хувь), төрсөн хүүхэд 6812 (12.4 хувь)-оор тус тус буурчээ. 1000 хүнд ногдох төрөлт өмнөх оны мөн үеэс 2.2 нэгж хувиар буурсан байна. 1000 хүнд ногдох төрөлт Улаанбаатар хот болон Баян-Өлгий, Увс, Ховд, Орхон, Говьсүмбэр аймагт улсын дунджаас 0.1-3.9 нэгж хувиар дээгүүр, бусад аймагт 0.5-7.7 нэгж хувиар доогуур гэж гарчээ.

 

ХЭРЭГЛЭЭНИЙ БАРАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ҮНЭ ӨМНӨХ САРААС 0.2 ХУВИАР БУУРАВ

 

Улаанбаатар хотод инфляц 14 хувь байгаа бол Завхан аймагт 16.3 хувь буюу хамгийн өндөр инфляцтай байгаа юм. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ энэ оны есдүгээр сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 13.8 хувь, өмнөх оны эцсээс 9.5 хувиар өсөж, өмнөх сараас 0.2 хувиар буурсан байна.

Инфляц 13.8 хувь болоход жилийн дотор талх, гурил будааны үнэ 21.1 хувиар өссөн буюу инфляцад 1.4 нэгж хувь, бензин шатахууны үнэ 26.7 хувиар өсөж инфляцад 1.6 нэгж хувийг эзэлж байна. Инфляц 13.8 нэгж хувь гарсны 7.7 (55.5 хувь) нэгж хувь нь импортын барааны үнийн өсөлтөөс шалтгаалсан байна.

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ энэ оны есдүгээр сард өмнөх сараас 0.2 хувиар буурахад хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 2.2 хувь, тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 0.4 хувиар тус тус буурсан нь голлон нөлөөлсөн байна.

 

УЛААНБААТАРТ ХОНИНЫ ЯСТАЙ МАХ ДУНДЖААР 11 МЯНГАН ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БАЙНА

 

Улаанбаатар хотод худалдаалж буй үхрийн цул нэг килограмм махны дундаж үнэ есдүгээр сард 15857 төгрөг болж, 2020 оны есдүгээр сарынхаас 21.9 хувиар буурчээ. Харин 2021 оны мөн үеэс 5.1 хувиар өсөж, өмнөх сараас 474 төгрөгөөр буурсан байна. Нийслэлд худалдаалж буй үхрийн ястай нэг килограмм махны дундаж үнэ есдүгээр сард 13730 төгрөг болж, 2020 оныхоос 22 хувь, 2021 оны есдүгээр сараас 2.3 хувиар өсөж, өмнөх сараас 506 төгрөгөөр буурсан байна. Улаанбаатарт худалдаалж буй хонины ястай нэг килограмм махны дундаж үнэ 11022 төгрөг болж, 2020 оныхоос 20 хувиар, 2021 оныхоос 0.4 хувиар өсжээ. Харин өмнөх сараас 504 төгрөгөөр буурсан байна.

Аймгуудад худалдаалж буй хонины ястай нэг килограмм махны дундаж үнэ есдүгээр сард 9248 төгрөг болж буурчээ. Хонины ястай нэг килограмм махны дундаж үнэ Баянхонгор, Дундговь аймагт 8000 төгрөг байгаа нь хамгийн бага, Ховдод 11283 төгрөг байгаа нь хамгийн их байна гэж ҮСХ-ноос мэдээлэв. 

Малын зах зээлийн дундаж үнийн 2022 оны есдүгээр сарын мэдээллийг өмнөх сартай харьцуулахад атны үнэ 1.4 сая төгрөг болж, 5.3 мянган төгрөгөөр, хязаалан гунын үнэ 1.3 сая төгрөг болж, 1.9 мянган төгрөгөөр тус тус өссөн бол, соёолон үрээний үнэ 1.1 сая төгрөг болж, 11.3 мянган төгрөгөөр, эр хонины үнэ 205.9 мянган төгрөг болж, 11.0 мянган төгрөгөөр, эр ямааны үнэ 142.3 мянган төгрөг болж, 7.1 мянган төгрөгөөр тус тус буурсан байна.

 

ӨМНӨХ САРААС ЭКСПОРТ 22.1 ХУВЬ, ИМПОРТ 9.6 ХУВИАР БУУРЧЭЭ

 

Манай улс энэ оны эхний есөн сард нийт 156 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 15.1 тэрбум ам.доллар болжээ. Үүнээс, экспорт 8.8 тэрбум ам.доллар, импорт 6.4 тэрбум ам.доллар байна. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 3.6 (31.2 хувь) тэрбум ам.доллароор, экспорт 2.4 (36.9 хувь) тэрбум ам.доллароор, импорт 1.2 (24 хувь) тэрбум ам.доллароор тус тус өсжээ. Харин энэ оны есдүгээр сард өмнөх сараас экспорт 285.9 (22.1 хувь) сая ам.доллароор өмнөх сараас импорт 80.4 (9.6 хувь) сая ам.доллароор тус тус буурчээ.

Гадаад худалдааны тэнцэл энэ оны эхний есөн сард 2.4 тэрбум ам.долларын ашигтай гарч, өмнөх оны мөн үеэс 1.1 (88.9 хувь) тэрбум ам.доллароор өсжээ. Харин тус сард 248.8 сая ам.долларын ашигтай гарч, өмнөх сараас 205.5 (45.2 хувь) сая ам.доллароор буурсан. БНХАУ-тай энэ оны эхний есөн сард 9.8 тэрбум ам.долларын худалдааг хийжээ. Энэ нь гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 64.7 хувийг эзэлж байна. Нүүрсний хилийн дундаж үнэ тонн тутамд 57 ам.доллароор, зэсийн баяжмалын хилийн дундаж үнэ тонн тутамд 85 ам.доллароор тус тус буурсан байна.

 

НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОСОН ТЭТГЭВРИЙН ХЭМЖЭЭ 545.7 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ӨСЖЭЭ

 

Нийгмийн даатгалын сангийн орлого 2.5 их наяд болж, өмнөх оны мөн үеэс (ӨОМҮ)-ээс 653 тэрбум төгрөгөөр өсжээ. Зарлага нь 2.5 их наяд болж, ӨОМҮ-ээс 31.6 хувиар буюу 603 тэрбум төгрөгөөр өссөн байна. 2022 оны 5-8 дугаар саруудад нийгмийн даатгалын шимтгэл өөрөө хариуцан төлсөн 1155.1 мянган даатгуулагчид 38.1 тэрбум төгрөгийг буцаан олгожээ. 2022 оны эхний есөн сард 475.4 мянган тэтгэвэр авагч байна. Энэ нь ӨОМҮ-ээс 16.9 мянга буюу 3.7 хувиар өсжээ.

Нийгмийн даатгалын сангийн орлого өмнөх оны мөн үеэс өсөхөд тэтгэврийн даатгалын сангийн орлого 581.0 (36.0 хувь) тэрбум төгрөгөөр, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сангийн орлого 59.6 (75.6 хувь) тэрбум төгрөгөөр өссөн нь тус тус нөлөөлсөн байна.

 

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГУУЛАГЧИЙН ТОО 226 МЯНГААР ӨСЖЭЭ

 

2022 оны эхний есөн сард эрүүл мэндийн даатгалын сангийн орлого нэг их наяд төгрөгт хүрч, ӨОМҮ-ээс 288.6 тэрбум төгрөг буюу 39.3 хувиар өсжээ. Харин зарлага нь 1.3 их наяд төгрөг болж, ӨОМҮ-ээс 454 тэрбум төгрөг буюу 50.2 хувиар нэмэгджээ.Эрүүл мэндийн даатгалд даатгуулагчдын тоо энэ оны эхний есөн сард 3.5 сая болж, ӨОМҮ-ээс 226 мянга буюу 6.8 хувиар өсжээ.

Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого нэмэгдэхэд төр төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын байгууллагаар дамжуулан санхүүжүүлэхэд улсын төсвөөс олгосон хөрөнгө 540.4 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 168.1 (45.1 хувь) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.

 

ГЭМТ ХЭРГИЙН УЛМААС ХОХИРСОН ХҮН ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 11.2 МЯНГААР ӨСЖЭЭ

 

2022 онд бүртгэгдэж байгаа гэмт хэргийн тоо харьцангуй нэмэгдсэн. Энэ оны эхний есөн сард 28478 гэмт хэрэг бүртгэгджээ. Үүнд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, хүний бэлгийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ 258.9 тэрбум төгрөг, нөхөн төлүүлсэн хохирлын хэмжээ 131.4 тэрбум төгрөг болжээ. Хохирсон хүн эхний есөн сард 28.1 мянга болж, ӨОМҮ-ээс 11.2 мянгаар өсөхөд 30-39 насныхан 3639, 18-29 насныхан 2651, 40-49 насныхан 2326-аар өссөн нь голлон нөлөөлөв.

АТГ-т эхний есөн сард 368 авлигын гэмт хэрэг бүртгэгджээ. Энэ нь ӨОМҮ-ээс 97-оор өсөхөд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг 75-аар өссөн нь голлон нөлөөлсөн гэв.

 

ХУРААСАН ХҮНСНИЙ НОГОО 18.5 МЯНГАН ТОННООР ӨСЖЭЭ

 

Хураасан таримал тэжээл 13.8 хувь, бэлтгэсэн гар тэжээл 20.9 хувиар буурчээ. Харин бэлтгэсэн хадлан 15.8 хувь, хураасан төмс 42.1 хувь, үр тариа 29.7 хувь, хүнсний ногоо 26.6 хувиар ӨОМҮ-ээс өссөн байна. Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яамны мэдээгээр 2022 оны аравдугаар сарын 1-ний байдлаар улсын хэмжээнд 313.7 мянган га талбайд уринш боловсруулалт хийсэн нь өмнөх оны мөн үеэс 35.4 (12.7 хувь) мянган га талбайгаар өсжээ.

 

УЛСЫН ХИЛЭЭР ОРСОН ГАДААДЫН ЗОРЧИГЧИД 194.5 МЯНГААР ӨСЖЭЭ

 

Манай улсын хилээр энэ оны эхний есөн сард нэг сая 265.2 мянган (давхардсан тоогоор) зорчигч нэвтэрсэн нь өмнөх оны мөн үеэс 776.6 (2.6 дахин) мянгаар нэмэгдсэн боловч коронавирусний цар тахлын өмнөх үе буюу 2019 оны мөн үеийнхтэй харьцуулахад гурван сая 458.6 (73.2 хувь) мянгаар бага байгаа аж. Мөн оны эхний есөн сарын байдлаар 629.4 мянган зорчигчид хилээр орсон байна.

Улсын хилээр орсон зорчигчдын 36.1 хувь нь Чингис хаан, 22.1 хувь нь Алтанбулаг, 9.9 хувь нь Гашуун сухайт, 4.9 хувь нь Замын-Yүд, 4.8 хувь нь Булган, 3.0 хувь нь Шивээхүрэн, 19.2 хувь нь бусад боомтоор орсон байна. Улсын хилээр орсон зорчигчдын 407.4 (64.7 хувь) мянга нь Монгол Улсын иргэд, 221.9 (35.3 хувь) мянга нь гадаад улсын иргэд аж.

 

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top