А.Садулаев: Шинэ жилээс өмнө Снайдертай халз барилдаан хийнэ

Автор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 15

“Орос Танк” хочит олимпын хошой аварга Абдулрашид Садулаев нэг жилийн дараа дэвжээндээ эргэн ирж, өчигдөр чансааны барилдаанд ялалт байгуулсан. Хэдийгээр Оросын тамирчид олон улсын тэмцээнд оролцож чадахгүй болсон ч Абдулрашид Садулаев Америкийн дэлхийн аварга Кайл Снайдертай барилдаж магадгүй байгаа талаараа МАТЧ ТВ-д ярьжээ.

-50 жилийн өмнө хоккейн ЗХУ-Канад гэсэн супер цуврал тоглолт болж байсан. Одоо чөлөөт бөхийн Садулаев vs Снайдер гэсэн цуврал барилдаан хийх боломжтой юу?

-Бид хоёрын халз барилдааныг зохион байгуулах талаар гэрээ хэлэлцээр явагдаж байгаа. Төлөвлөгөө ёсоор бүтвэл энэ ондоо багтаад болох ёстой. Садулаев vs Снайдер барилдааныг та бүхэн үзэх болно.

-Белградын ДАШТ-ий дараа та түүнд “Белградын аварга болсонд баяр хүргэе. Тэнд хэн дутагдаж байсныг чи мэдэж байгаа. Би чамд 97 кг-ын жингийн жинхэнэ хаан болох боломж дахин олгоход бэлэн байна. Манай үзэгчид түүх үргэлжлэхийг харах гавьяатай” гэж бичсэн. Хариу авсан уу?

-Снайдер надад “Хэзээ гэдгээ л хэлчих” гэж хариулсан. Хоёр талын менежерүүд ярилцсаар байгаа. Халз барилдаан явагдах болно.

-Ямар хэлбэрээр болох вэ? АНУ-д гурван барилдаан, ОХУ-д гурван барилдаан хийвэл яаж байна?

-Бид хоёр хоорондоо байнга барилдаад байвал үзэгчдийн сонирхол буурна. Ганцхан удаа, гуравдагч орны нутаг дэвсгэрт хийсэн нь дээр.

Садулаев, Снайдер хоёр хоорондоо дөрвөн удаа барилдахдаа дандаа финалд таарч байсан. 2017 оны Парисын ДАШТ-д Снайдер ялсан бол 2018 оны Будапешт, 2021 оны Ослогийн ДАШТ, Токио олимпод Садулаев ялж байв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top