Зах нь харагдахгүй ургацын талбайгаас хөдөлмөр гэж юу болохыг харж болно

Автор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 12

Намрын хонгор салхи үе үехэн сэвэлзэнэ. Шар төмсний нутаг болох Төв аймгийн Жаргалант сумын маань ажил нэг талдаа гарч, жигдрэх тийшээ ханджээ. Намрын намарт ургац хураалтад найман настай балчраас 80 настай буурай хүртэл гар бие оролцож, хөдөлмөрлөж, тустай дэмтэй байдаг.

Хүмүүс төмс тариалах ажлыг амархан мэтээр боддог. Хавар нь шороонд булаад, намар хурааж аваад л болоо гэж эндүүрдэг. Гэвч тийм биш ээ. Энэ бизнест сэтгэл хөдлөлөөр хандаж хэрхэвч болохгүй.

Нэгэн жишээ дурдахад “Арвин бат” компанийн үүсгэн байгуулагч К.Баярмагнай 2009 оны хавар таван га талбайд төмс тариалжээ. Ингээд намар нь хураах гээд очиход төмс нь зэрлэгтээ баригдсан байж. Тэндээс 20 шуудай төмс хураагаад буцсан гэдэг. Харин  2010 онд шинэ үр худалдан авч тариалж, арчилж тордсоор намар нь их ургац хураан авч, маш их урам авсан байна.  Мөн 2012 онд 30 орчим га талбайд төмс тариалж, 1000 тонн төмс хурааж авахаар тооцоолжээ. Төмс хураалтад их зардал гардаг учраас гэр бүлийн хүнтэйгээ ярилцаж “Ланд круйзер-200” маркийн автомашинаа  зараад төмсөө хураасан байна. Гэвч төмсний үнэ 20 төгрөг болж, хавар үлдсэн төмсөө хогийн цэг дээр хаяхад хүрчээ.  Энэ мэтчилэн түүний бизнесийн замд эрсдэл их тулгарсан гэдэг. Харин энэ намар тэднийх 60 га талбайгаас арвин ургац авсан амжилттай.

Газар тариалангийн салбарт хэн хөдөлмөрлөж, хэн тууштай байж чадсан нь тэсэж үлддэг гэхэд болно. Үүрийн гэгээнээс үдшийн бүрий тасартал машин, техникийн чимээ гарч, шоргоолж мэт ажилласаар тариаланчид үр шимээ хүртдэг. Хөдөлмөр гэж юу байдгийг зах нь харагдахгүй ургацын талбайгаас харж болно.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top