ОЛОН ӨНГӨ: Хөөрхөн хүүхэн

2022 оны 10 сарын 11

1990-ээд оны сүүлээр  манай сумын хүүхнүүдийн дунд тал хэсэг нь шаргал нөгөө тал нь бор шаргал хоёр өөр өнгийн ороолт залгачихсан юм шиг ноосон ороолт нэлээд моодонд орсон юм. Идэр есийн хүйтнээр ч хүүхнүүд малгай өмсөлгүй нөгөө залгаатай юм шиг ороолтоо толгой дээгүүрээ зангидаж гангардаг байв. Яагаад ч юм бэ мэдэхгүй. Би ийм ороолт зүүсэн эмэгтэйг л  хөөрхөн хүүхэн гэж боддог байв.

Харин ээжид минь ийм ороолт байдаггүй нь миний санааг ихээхэн зовоодог байлаа. Учир нь ээж минь хөөрхөн хүүхний тоонд орж чадахгүй болчих гээд байсан юм. Тухайн үед хурдан том болж ээждээ ийм ороолт авч өгч хөөрхөн хүүхний тоонд оруулах юмсан л гэж боддог байлаа.

Харин жаахан том болоод миний хөөрхөн хүүхний талаарх бодол  өөрчлөгдлөө.  Залгаатай ороолттой хүүхэн биш,  цонхийсон цагаан царайтай хүүхнийг л хөөрхөн хүүхэн юм байна гэж боддог болов. Магадгүй “cream 21” гэх пудер тухайн үед хүчээ авч байсан нь нөлөөлсөн байх л даа. Хүүхнүүдийн  цонхийсон цагаан болтлоо будчихсан төрх одоо ч миний санаанд тод буудаг. Гэтэл дахиад л ээж минь хөөрхөн хүүхэн гэх ангилалд орж чадахгүй болчихлоо. Ээж минь цагаан царайтай биш, харин ч эсрэгээрээ бор арьстай дээр нь огтхон ч буддаггүй байсан юм. Ингээд  л хурдан том болж ээждээ залгаатай юм шиг ороолт, пудер авч өгөх юмсан гэж бодох болсон юм даа.  

Одоо бол би хөөрхөн хүүхэн, сайхан эмэгтэй гэж хэн болохыг сайн мэднэ.  Учир нь эх хүн гэдэг үрдээ хамгийн хөөрхөн, сайхан нь байдаг юм байна гэдгийг би ойлгосон.

Эх сурвалж: Өглөөний сонин

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top