Засгийн газар 14 “Давхар дээл”-тэй сайдтай боллоо

Автор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 30

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, шинээр томилох сайд нарын нэрсийг эцэслэн тохирлоо. Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг тус намын Удирдах зөвлөлөөр ийнхүү хэлэлцэж, найман сайдыг чөлөөлж, УИХ-ын найман гишүүнийг санал оруулж ирсэн.

Үүнд, Эдийн засгийн хөгжлийн сайдаар Ч.Хүрэлбаатар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар Ж.Ганбаатар, Эрчим хүчний сайдаар Б.Чойжилсүрэн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар Д.Сарангэрэл, Зам тээврийн хөгжлийн сайдаар С.Бямбацогт, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар Д.Амарбаясгалан, Цахим хөгжил харилцаа холбооны сайдаар Н.Учрал, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдаар Х.Болорчулуун нарыг нэр дэвшүүллээ. Дээр нь нэмээд тулгамдаж байгаа асуудлыг хурдтай шийдвэрлэх зорилгоор яамгүй хоёр сайд томилохоор болсон. Нийслэлийн асуудал эрхэлсэн сайдаар Ж.Сүхбаатар, Спорт, олимпын асуудал эрхэлсэн сайдаар Б.Бат-Эрдэнэ нарыг нэр дэвшүүллээ.

Засгийн газрын бүрэлдэхүүнд Ардчилсан намаас орж ажиллахаар боллоо гэдэг мэдээлэл гарсан. Тэгвэл УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ардчилсан намд Засгийн газарт хамтарч ажиллах хүсэлт огт тавиагүй гэдгийг албан ёсоор мэдэгдсэн.

2019 онд батлагдсан Үндсэн хууль, сая батлагдсан Үндсэн хуулиар Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдийг томилох чөлөөлөх бүрэн эрхтэй болсон. Үүнийхээ хүрээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай болон Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд тус тус нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өчигдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан. Ингэхдээ УИХ-аар яаралтай горимоор хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүссэн юм.

Мөн Ерөнхий сайд Монгол Улсын Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 3, 4 дүгээр зүйлд заасны дагуу Засгийн газрын гишүүнээр томилогдохоор нэр дэвшээд байгаа хүмүүсийг Ерөнхийлөгчид танилцуулсан. Энэ үеэрээ “Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”, цар тахал, геополитикийн хямралт нөхцөл байдалтай холбогдуулан аж ахуйн сайдууд гишүүд байх нь зүйтэй гэж үзсэн” хэмээн тодотгосон.

Харин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цар тахлын сөрөг нөлөө үргэлжилж, олон улсын нөхцөл байдал амаргүй байгаа энэ үед Засгийн газар ажилдаа шуурхай орж, бүхий л нөөц, хүч, боломжоо дайчлан ажиллахыг санууллаа. Ялангуяа өвөлжилтийн бэлтгэл, ургац хураалт, түлш, шатахууны нөөц, цэцэрлэг, сургуулийн хүртээмж зэрэгт онцгойлон анхаарахыг цаг үе шаардаж байгааг хэлсэн. Мөн усан цахилгаан станц, төмөр зам, авто зам, цахим шилжилт зэрэг хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Тэрбум мод”, “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөнийг бодит үр дүнд хүргэхийн чухлыг онцлон тэмдэглэв.

Сануулахад, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ удаагийн Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулснаараа анх удаа өөрийн танхимаа бүрдүүлж байгаа юм. Ингээд Төрийн байгуулалтын байнгын хороогоор Засгийн газрын бүрэлдэхүүнд оруулсан өөрчлөлтийг хэлэлцэхийг дэмжсэн.

Энэ үеэр Ерөнхий сайд “Боловсролын яаман дээр хоёр том чиг үүрэг байсан. Соёлын салбар яам болж амжилттай ажиллаж байна. Харин спортын салбар үндсэндээ орхигдсон. Боловсролтойгоо илүү уялдах, зөв хооллолтоос авахуулаад нэгдсэн бодлогоор зохицуулах ийм бүтэц байдаггүй. Ерөнхий сайд олон асуудал руу ордог. Ийм үзэл санаанаас олимпизмыг ахлах салбар байх нь чухал. Нөгөө талдаа Ерөнхий сайд дээр байдаг Үндэсний хороог яамдад өгөх нь илүү үр дүнтэй. Цаашдаа Ерөнхий сайдын ачааг багасгаж, илүү томоохон бодлого, экспортын асуудалд цагаа зарцуулах боломжтой байх нь улсын эрх ашигт нийцнэ” гэсэн юм.

Үүний дараагаар УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар Засгийн газраас яаралтай горимоор оруулж ирсэн Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, Ерөнхий сайдаас хариулт авсан.

Энэ үеэр Ерөнхий сайд шинэ сайд нар бий болгож, бүтцэд өөрчлөлт оруулсан талаараа “Засгийн газрын хамгийн чухал зүйл бол асуудлаа л шийдэх. Түүнээс биш бүтэц нь ямар байх нь тийм ч хамаатай бус. Яамгүй гурван сайд Үндэсний хороогоор дамжуулж, салбар дундын зохицуулалт хийж ажиллана. Энэ их чухал” гэсэн хариултыг өгсөн.

Ингээд чуулганы хуралдаанд Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэсэн санал хураалт явуулахад нийт гишүүдийн хувь нь 85.7 хувь дэмжиж анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр ТББХ-нд шилжүүлсэн.

Энэ удаагийн Засгийн газар Ерөнхий сайдтайгаа нийлээд 22 хүний бүтэцтэйгээс 14 нь “Давхар дээл”-тэй болж байгаа юм.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн (202.9.46.57) 2022 оны 08 сарын 30

ДАНДАА Сү. БАТБОЛДЫН ЦЭРГҮҮД БНА

1  |  0
uhel(202.55.191.194) 2022 оны 08 сарын 30

ta nar mongoliin baylagt tsadaj hanahgui bainuu uheesei muu shunaliin tulamnuud ur udmaaraa hentiin guilgachinguud ih davarch bainaaa

1  |  0
Z(192.82.72.211) 2022 оны 08 сарын 30

Baliar yumuud hachin hachin yam shinerr uusgej edr Saraa avgais ehleed ednuus icheed neree tatah heregtei shde,

2  |  0
Top