Рио Тинто “Turquoise Hill Resources”-ийн хувьцааг худалдаж авахаар санал болгосон үнийн дүнгээ өсгөв

2022 оны 08 сарын 29

Рио Тинто Монголын Оюу Толгойн асар том зэсийн уурхайг шууд хяналтдаа авахаар дахин санал тавьжээ. Рио Тинто Оюу Толгой төслийн гуравны хоёрыг эзэмшдэг “Turquoise Hill Resources”-д анх санал болгосон үнээ өсгөж, 3.1 тэрбум ам.доллар болгосон байна. Рио гуравдугаар сард “Turquoise Hill Resources”-д 2.7 тэрбум ам.доллароор худалдаж авах санал тавьсан. Харин Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Turquoise Hill Resources”-ын байгуулсан бие даасан захирлуудын тусгай хороо уг саналаас татгалзсан юм.

Түүхий эдийн үнийн өсөлтөөс ихээхэн ашиг олж буй Рио лхагва гарагт нэг хувьцааг нь 40 канад доллароор (өмнө нь 30.79 авах санал тавьсан) авах санал тавиад байна. Энэхүү төсөл нь орлогынхоо дийлэнх хувийг ган хайлуулах түүхий эд болох төмрийн хүдрээс бүрдүүлдэг Риогийн хувьд нүүрстөрөгч багатай эдийн засагт шаардлагатай металлыг ашиглахад чухал ач холбогдолтой юм. 

Риогийн гүйцэтгэх захирал Якоб Стаушолм "Энэ санал нь Оюу Толгой төслийг урагшлуулахын төлөө ажиллаж байгаа бүх оролцогч талуудын ашиг сонирхолд нийцнэ гэж компани үзэж байна” гэв. Лхагва гарагт Туркойз Хилл компанийн хувьцааны ханш 21 хувиар өсжээ. Рио Оюу Толгойн уг төсөлд шууд оролцдоггүй.  Рио Тинто Туркойз Хилл компанийн 51 хувийг эзэмшдэг. Харин Туркойз Хилл Оюу Толгойн 66 хувийг эзэмшдэг.

Говь цөлд оршдог Оюу Толгой нь цахилгаан машин болон сэргээгдэх эрчим хүчний төслүүдэд асар их хэмжээгээр ашиглагддаг эрчим хүчний шилжилтийн чухал металл болох зэсийн дэлхийн хамгийн том ордуудын нэг юм. Жилд 500 мянган тонн зэс олборлох энэхүү төсөл нь гүний уурхайн өргөтгөлийн ажил дууссаны дараа үндсэн металлын дэлхийн хамгийн том уурхайн нэг болох юм.

“S&P Global”- аас мэдээлснээр дэлхийн эдийн засгийг эрчимжүүлж, утааг бууруулах зорилтот түвшинд хүрэхийн тулд  зэсийн үйлдвэрлэлийг 2035 он гэхэд хоёр дахин нэмэх шаардлагатай байгаа тул төрөлжсөн томоохон уул уурхайн компаниуд зэсийн төслүүдэд гар бие оролцох хүсэлтэй байна.

Гуравдугаар сард нэг тонн зэсийн үнэ 10600 ам.доллароос давж байсан бол одоо  8000 орчим ам.доллар болтлоо огцом унаад байгаа билээ. “Туркойз Хилл” компани далд уурхайн өргөтгөлийн ажлыг санхүүжүүлэхийн тулд өөрөөсөө хөрөнгө босгохоор төлөвлөж байгаа бөгөөд хэрэв Риогийн саналыг хүлээж авахгүй бол  долоон тэрбум ам.долларын зардал гаргана.

Ц.ДАВААСАМБУУ

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top